Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын “Ногоон хөгжлийн сэргэлт: Аялал жуулчлал” хэлэлцүүлэг боллоо.
ДЭМБ-аас уур амьсгал 1.5 хэмээс илүү дулаарахыг “онц ноцтой нөхцөл” гэж үздэг бол Монгол Улсын агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.25 хэмээр дулаарсан. Энэ нь уур амсгалын өөрчлөлт Монгол Улсад асар хурдацтай явж байгаагийн илрэл бөгөөд үүний улмаас гол мөрөн ширгэж, хөрсний доройтолд орж буйг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцоллоо.
Монгол Улсын газар нутгийн 76.9 хувь цөлжилтөд нэрвэгдсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод, усны асуудлыг хамт авч үзэх ёстой гэдгийг салбарын сайд дурдлаа. Тэрбээр,
“Дэлхийн уур амсгалын өөрчлөлтийн 51 хувь байгаль орчны асуудал, 49 хувь нь хүнээс шалтгаалж байна. Байгаль орчноос үүдэлтэй 51 хувийг шийдэж чадахгүй ч хүн төрлөхтнөөс хамааралтай 49 хувьд тодорхой бодлого хэрэгжүүлж, хөрсний бохирдлыг багасгах, шар шороон шуургаас сэргийлэх ажлыг зайшлгүй хийх хэрэгтэй.
Мөн бэлчээрийн даац нийт газар нутгийн 30 гаруй хувьд 2-5 дахин хэтэрсэн байна. Тэгэхээр бид мал аж ахуй, уул уурхайгаас эхлээд бүх ажлыг бодлогын түвшинд хийж байгаа” гэв.
УИХ-аас ноднин Генетик нөөцийн тухай хуулийг баталсан. Энэ нь амьтай, ургадаг, өсөж үрждэг болгоныг хамгаалах, зохистой ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой хуулийн зохицуулалт гэдгийг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл тайлбарлав. Уг хууль энэ оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжих юм. Монгол Улсад дэлхий нийтэд ховор, нэн ховор 1000 гаруй төрлийн ургамал, 513 төрөл зүйлийн шувуу зэрэг олон ан амьтан бий. Дэлхий нийтэд өөрт байгаа генетик нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, их хэмжээний ашиг олдог бөгөөд хамгийн ойрын жишээ нь эмийн ургамал гэдгийг тэрбээр дурдсан юм. Монгол Улсын хувьд чихэр өвс, дэргэвэр жиргэрүү нь эдийн засгийн талаасаа, хүний эрүүл мэнд талаасаа өндөр ач холбогдолтой бөгөөд энэ бүхнийг зохистой ашиглах нь зөв хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай, “Ерөнхийлөгчийн санаачилгаар өнгөрсөн долоо хоногт “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ыг зохион байгуулсан.
Чуулганы гол үр дүн гэвэл цөлжилт, байгаль орчны доройтолтой Монгол Улс дангаараа тэмцээд үр дүнд хүрэхгүй тул олон улсын хамтын ажиллагаагаа бүрэн ашиглах ёстой гэж үзсэн.
Ингээд Бүс нутгийн хамтын ажиллагааны уриалга гаргаж, БНХАУ, БНСУ, Япон зэрэг шар шороон шуургад өртдөг орнуудтай хамтран мега төсөл хэрэгжүүлэх санаачилга гаргасан юм. Хоёрдугаарт, Монгол Улс 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах, ойн хэмжээг газар нутгийн 9 хувьд хүргэхээр Парисын хэлэлцээрт нэгдэхдээ амлалт өгсөн. Энэ амлалтаа биелүүлэхэд 11 тэрбум ам.доллар шаардлагатай. Харамсалтай нь цар тахлын улмаас улс орнуудын төсвийн орон зай хумигдсан. Тэгэхээр энэ санхүүжилтийг босгоход хувийн хэвшил, тэр дундаа банк санхүүгийн салбарыг ногоон санхүүжилтыг оролцуулах шаардлагатай гэж үзсэн. Ингээд 2030 он гэхэд банкууд нийт олгож буй зээлийнхээ 10 хувийг ногоон зээл болгох, нийт банк бус санхүүгийн салбар нийт зээлийнхээ 5 хувийг ногоон зээл болгох болсон. Өөрөөр хэлбэл, Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх 11 тэрбум ам.долларын 15 хувийг банк, санхүүгийн салбар гаргана гэсэн үг” гэлээ.
ЖАЙКА-ын Монголд явуулж буй үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн нэг нь аялал жуулчлалын салбар гэдгийг тус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын Зам тээвэр, хот байгуулалт, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудал хариуцсан төлөөлөгч Коизүми Таига онцлов.
Аялал жуулчлалын салбар нь эдийн засагт үр өгөөж өгөхөөс гадна бүс нутгийн хөгжилийг хангахад чухал үүрэгтэй. Тиймээс бид аялал жуулчлалын салбар бол бидний хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болж буйг дурдлаа. Коронавирусний халдварын үед аялал жуулчлал болон үйлчилгээний салбар хүнд нөхцөлд орсон. Тиймээс Япон улс БНХАУ-ын жуулчдыг татахын тулд гурван бодлого хэрэгжүүлсэн байна. Нэгдүгээрт, жуулчин очих газруудыг тодорхой болж, очсон тохиолд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх купон өгсөн байна. Тэгээд жуулчдад 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчилсэн жуулчины компани болон буудал нь Засгийн газраас татаас авдаг гэдгийг ноён Коизүми Таига хэллээ. Тэрбээр, “Хоёрдугаарт, аялал жуулчлалын компаниуд цахимд шилжиж, цахим аялалыг идэвхтэй хөгжүүлсэн. Гэртээ хөл хорионд байгаа хүмүүс залхсан, ядарсан байсан. Тиймээс компаниуд цахимаар сайхан байгаль үзэх боломжоор хангаж, дотоодын үзвэр үйлчилгээг цахимаар авах боломжоор хангасан. Гуравдугаарт, ихэнх бизнес эрхлэгч гэрээсээ ажилласан. Тиймээс Японы орон нутгийн засаг захиргаанаас ажилтнуудыг зочид буудлаас өдөртөө ажиллаад, орой нь орон нутгийн үзвэр үйлчилгээг үзэх боломжоор хангасан. Монгол Улс дахь аялал жуулчлалын салбарт 4 үндэн бэрхшээл байгаа гэж ЖАЙКА үзсэн. Нэгдүгээрт, маркетингийн асуудал. Монгол Улсад сайхан газар нутагтай. Гэхдээ хүмүүс энэ талаар мэдэхгүй байгаа нь хамгийн том бэрхшээл. Үүнийг цахимаар олон хүнд хүргэх хэрэгтэй. Хоёрдугаарт, дэд бүтэц. Жуулчин олноор очдог гарыг засмал замаар холбох ёстой юм. Гуравдугаарт, өвлийн аялал жуулчлалыг төрөлжүүлэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, зочлох үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах нь зөв. Тиймээс бид маркетинг болон зочлох үйлчилгээний салбарын зөвлөхүүдийг авч ирнэ гэж бодож байгаа” гэлээ.