АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн ажилтай БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр танилцлаа. Тус эмнэлэгт өр үүсэж эм, эмнэлгийн хэрэгслийн дутагдалд ороод зогсохгүй зарим тоног төхөөрөмжөө ч ашиглаж чадахгүйд хүрчээ.
Тэрбээр тус эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай урсгал зардлыг Засгийн газар, холбогдох яамд хамтран шийдвэрлэнэ гэдгийг мэдэгдлээ. Мөн, “Дэлхийн банкны санхүүжилтээр 10 гаруй тэрбум төгрөгийн тоног төхөрөөмжийг шийдвэрлэхээр болсон. Сангийн яам холбогдох хэлэлцээр хийсний дараа ажлыг нэн даруй эхлүүлнэ. Бусад төхөөрөмжид шаардлагатай 2.3 тэрбум төгрөгийн асуудлыг төсөвт суулгаж өгсөн. Эмнэлэгт үүсээд буй 800 сая гаруй төгрөгийн өрийг Сангийн яам ирэх долоо хоногт шийднэ” гэв.
Тус эмнэлгийг анх ЭМЯ-ны харьяанд байгуулсан боловч, цаашид АШУҮИС-ийг төгсөн гарч буй эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх эрүүл мэндийн салбарын бодлого, эрэлт хэрэгцээнд нийцсэн хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэгтэй гэж үзсэн учраас Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар БСШУСЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн юм.
Өнөөдрийн байдлаар тус эмнэлэг дүрс оношилгоо, лаборатори, дуран, уламжлалт анагаах ухаан, амбулатори гэсэн хэсгээр ажиллаж байна.
Тус эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэг хэлэхдээ, “Манай эмнэлэг бүрэн үйл ажиллагаа явуулахад 14.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж худалдан авах шаардлагатай байгаа. Үүнд мэс засал, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, ариутгал халдваргүйтгэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж багтаж байна. Эмнэлэг мэс заслын хүчин чадлын хувьд хагалгааны дөрвөн хэсэгтэй. Хагалгааны хэсгүүд эрхтэн шилжүүлэн суулгах түвшний ариутгал, халдваргүйтгэлийн вакумжсан мэс заслын хэсэгтэй. Шаардлагатай мэс заслын багаж хэрэгслээ авах юм бол ерөнхий мэс засал, нүд, чих, хамар хоолой, гэмтэл, хүүхэд, эмэгтэйчүүд, мэдрэл гэх мэт хагалгаа хийн жилд 3000 гаруй хүнд мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой” гэдгийг тодотгов.
Тус эмнэлгийн амбулаторийн 28 үзлэг, үйл оношилгооны кабинетаар өдөрт 560 хүн, жилд 110 мянган хүнд үйлчлэх, хэвтэн эмчлүүлэх тасгууд нь 250 хүртэлх орны багтаамжтай бөгөөд жилд 6200 хүнд үйлчлэх хүчин чадалтай аж.