Л.Оюун-Эрдэнэ: Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаанд үндэслэж, бодитой боловсруулаасай

оруулсан Алсын Хараа

Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны санаачлагаар Монгол Ардын намын 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах залуусын саналыг цахимаар долоо хоногийн турш авжээ.

Долоо хоногийн хугацаанд залуусаас хамгийн их дэмжлэг авсан саналуудыг МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ахлан ажиллаж буй ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд танилцуулах зорилготой онлайн уулзалт өнөөдөр боллоо.

"Санал асуулгад 100 гаруй мянган хүн хамрагдсанаас 23 мянга нь тодорхой саналуудыг ирүүлсэн"

2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулагдаж байгаа энэ цаг хугацаанд онцгой нөхцөл байдал үүссэн тул залуусын саналыг онлайнаар авах болсныг НАМЗХ-ын мөрийн хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлах, дэд ерөхийлөгч Т.Хаш-Эрдэнэ хэлэв.

Тэрбээр "Холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд тулгамдаж байгаа ямар асуудлууд байгаа талаар санал асуулга явуулсан бөгөөд нийт 100 гаруй мянган хүн хамрагдсанаас 23 мянга нь тодорхой саналуудыг ирүүлсэн талаар тус холбооныхон танилцуулсан. Эдгээр саналуудыг эрэмбэлээд эхний 10 саналыг намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжилж байна.

Дүгнээд хэлбэл залуу гэр бүлийн орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцооны реформ хийх санал залуучуудын дэмжлэгийг хамгийн өндөр хувьтай авлаа. Дэмжлэг авсан саналуудыг МАН-ын Мөрийн хөтөлбөрт тусгавал, ажил хэрэг болгох тал дээр идэвхтэй ажиллах болно" гэдгийг хэллээ.

Залуусын дийлэнх нь орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэмжжээ

Онлайн хуралд Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны нийслэл, орон нутаг болон гадаад улс орнууд дахь төлөөлөл оролцож, тухайн газар оронд байгаа залуус аль саналыг түлхүү дэмжиж байгааг танилцуулав. Залуусын дийлэнх нь залуу гэр бүлийн орлогод нийцсэн орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг дэмжсэн бөгөөд хаана оршин сууж байгаагаас шалтгаалан мөн өөр санал өгчээ. Тодруулбал,

  • Сэлэнгэ, Өмнөговь аймгаас холбогдсон М.Тэмүүлэн, Ч.Сугархүү нар орон нутагт амьдарч байгаа залуучуудын хувьд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхай, ашигт малтамалын олборлолттой холбогдуулж залуучууд руу чиглэсэн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай гэсэн саналыг анхааралдаа авахыг уламжлав.
  • Мөн Нийслэлийн НАМЗХ-ны залуучуудын хувьд нийгэмд, тэр тусмаа өсвөр, залуу үеийн дунд шинээр аюулын харанга дэлдэх болсон хар тамхи, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тал дээр онцгой анхаарч, хууль, эрх зүйн зохицуулалтуудыг илүү боловсронгуй болгохыг чухалчилж байгааг энэ үеэр хөндлөө. Мөн цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах, инновацийг төрийн бодлогоор дэмжих, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, старт аппуудыг дэмжих, татварын хөнгөлөлттэй бүс байгуулах саналуудыг залуучууд түлхүү илэрхийлж байгаа аж.
  • Үүнээс гадна боловсролтой холбоотой, ялангуяа гадаадад их, дээд сургуульд тэтгэлгээр сурдаг оюутнуудын тоог нэмэх, тэтгэлгийн шалгуурыг өндөрсгөж, шалгаруулалтыг ил тод нээлттэй болгох, эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гаргах, ойрын жилүүдэд ямар мэргэжил хэрэгтэй байх судалгааг гаргаж төрийн бодлоготой уялдуулах шаардлагатай байгааг ОХУ, АНУ-аас холбогдсон төлөөллүүд хэлсэн юм.

Залуучууд дээр дурдсан 10 саналыг улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусган ажил хэрэг болгооч ээ хэмээн хүсэж буйгаа илэрхийлснийг онлайн хуралд оролцсон УИХ-ын гишүүн Н.Учрал хэлээд "Залуусын санал мөрийн хөтөлбөрт тусна" хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.

"Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй"

Залуусын зүгээс хамгийн их дэмжлэг авсан саналуудыг сонссоны дараа МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах Ажлын хэсгийг ахлагч Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "НАМЗХ-ны залуучуудын гаргасан саналуудаас 87 хувийг нь МАН-ын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасан.

Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Одоогийн байдлаар 250 гаруй мянган хүн саналаа ирүүлээд байна. Уг баримт бичгийг улс төрийн намуудад гардуулж өгсөн. Хамгийн сүүлд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдууд, Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан бүх хүнд гардуулж өгөөд байна. Дөнгөж сая гэхэд ХҮН намынхан надтай уулзаж, санал солилцлоо. Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй. Тооцоо судалгаанд суурилах ёстой.

Ирэх жилүүдэд гэхэд бид гадаад, дотоодоос өмнө нь авсан асар их өрийг эргүүлж төлөхөөр байгаа. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Дэлхийн эдийн засаг ч короновирусын тархалтаас болоод ирэх жилүүдэд амаргүй болж ирлээ. Энэ нь манайд ч их, бага хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс энэ бүхнийг бодолцож улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаанд үндэслэж, бодитой боловсруулаасай гэж бодож байгаа.

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэдэг санал иргэдээс, залуучуудаас хамгийн их ирж байгаа. Үүнийг шийдэхийн тулд тэтгэврийн сан, хуримтлалын сан, үндэсний баялгийн сангуудын цогц дэмжлэгээр шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн системтэй нь холбох байдлаар цогцоор нь шийднэ гэсэн үг. Утааг багасгах асуудал гэхэд өмнөх жилүүдэд бодлого нь ажил нь тусдаа явж ирсэн учраас үр дүн гараагүй. Үүн шиг орон сууцжуулалтыг санхүүгийн системтэй нь уях байдлаар шийдэж болно.

Та бүхний санал болгосончлон төрийн үйлчилгээг цахимжуулах саналыг харгалзаад 13,240 үйлчилгээг нэг апликейшнд төвлөрүүлэх ажлыг хийхээр тусгасан байгаа. Ер нь хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг шиг манай улсын хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тэгэхээр төрийн бодлого ч тэр, намын мөрийн хөтөлбөр ч ялгаагүй, залуучуудын хөгжил рүү дийлэнх хэсэг нь чиглэх болно" гэлээ.


COVID-19 халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор онлайнаар зохион байгуулж хоёр цаг орчим үргэлжилсэн хуралд нийслэл, орон нутаг, гадаадад байгаа дараах хүмүүс оролцлоо.

УИХ-ын гишүүн, НАМЗХ-ны Ерөнхийлөгч Н.Учрал
ЗГХЭГ-ын дарга МУ-ын сайд  Л.Оюун-Эрдэнэ
НАМЗХ-ны ЕНБД Э.Тамир
НАМЗХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Алтай Холдинг группийн ТУЗ-ийн дарга, И-Март ХХК-ний ТУЗ-ийн дарга, Скайтел ХХК-ний ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Батүшиг
НАМЗХ-ны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Г.Төгөлдөр
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын даргын ахлах зөвлөх О.Батнайрамдал
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Л.Дашдэмбэрэл
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, УБХОМ ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Отгонсүрэн
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Мэдээлэл холбоо сүлжээ ТӨХК-ний орлогч захирал Т.Сайнжаргал
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, МАН-ын ЕНБД-ын Гадаад бодлогын зөвлөх Х.Сайхансанаа
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, Нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Б.Сэргэлэнбаатар
НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч, ЗГХЭГ-ын Эдийн засгийн бодлогын зөвлөлийн дарга Т.Хаш-Эрдэнэ
НАМЗХ-ны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, БГД-ийн НАМЗХ-ны тэргүүн, Нийслэлийн намын хорооны хэлтсийн дарга Д.Ихбаяр
НАМЗХ-ны УЗГишүүн, Сэлэнгэ аймгийн НАМЗХ-ны тэргүүн М.Тэмүүлэн
Багахангай дүүргийн НАМЗХ-ны тэргүүн М.Цогт
Өмнөговь аймгийн НАМЗХ-ны тэргүүн, МЦХ ХК-ний  Өмнөговь аймаг дахь салбарын газрын  дарга   Ч.Сугархүү

Сэтгэгдэл бичих