Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн, эдийн засагч Ч.Хашчулуунтай ярилцлаа.
-Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг 2.5 нэгж хувиар огцом өсгөх шийдвэр гаргалаа. Зах зээлийн хүлээлт болон эдийн засагчдын таамаглалаас харьцангуй өндөр хувиар нэмэгдүүлэх шалтгаан юу байсан бэ?
Хэвийн нөхцөлд бодлогын хүүгийн өөрчлөлтийг аажмаар хийх боломжтой. Гэхдээ бид одоогоор хэвийн бус нөхцөл байдалд байна. Коронагийн дараа дэлхий даяар бий болсон ложистикийн хямрал бүрэн шийдэгдэж амжаагүй байхад Орос, Украинд үүссэн нөхцөл байдлын нөлөө гарч ирлээ. Үүнээс үүдэлтэйгээр сүүлийн саруудад барааны хомстол дахин бий болох эрсдэлтэй болж байна. Тийм учраас төгрөгийн ханшийг хамгаалах, инфляцыг тогтворжуулах зорилгоор ийм арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн. Зарим эдийн засагчдын хувьд 2021 оны хоёрдугаар хагасаас бодлогын төлөвийг хатууруулж, арга хэмжээ авах хэрэгтэй гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Тэгэхээр мэргэжлийн багш, эдийн засагчдын хэлж байсан саналуудтай энэхүү алхам нь нийцсэн гэж үзэж байна.
-Бодлогын хүүг өсгөлөө гээд инфляц, ханшийн өөрчлөлтийн шалтгааныг шийдэж чадахгүй гэх шүүмжлэл бий. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?
Монголбанкны хувьд зах зээл дээр бэлэн эргэлдэж байгаа төгрөгийг буцааж төгрөгийн хадгаламж, үнэт цаас руу оруулах шаардлагатай байгаа. Тэгэхгүй бол хүмүүсийн төгрөгийн хадгаламжийн бодит хүү инфляцаас доогуур хүүтэй болчихсон байгаа. Энэ нөхцөл байдал удаан үргэлжлэх нь хүмүүсийг эрсдэлтэй алхам руу түлхэх аюултай. Их хэмжээний мөнгийг үл хөдлөх болгох, койн авах, эсвэл өөр эрсдэлтэй үнэт цаас руу оруулснаар хадгаламжаа тодорхой хэмжээгээр алдах, үнэгүйдүүлэх нөхцөл байдал бий болчихсон. Тэр үүднээс бодлогын хүүг буцааж нэмэгдүүлж байна.
-Энэ шийдвэр нь ханш дээр ямар нөлөө үзүүлэх вэ?
Бодлогын хүүний өсөлт нь төгрөгийн ханшийг хамгаалж байгаа алхам мөн. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр ажилладаг бүх хүн үүнийг маш сайн ойлгож байгаа. Бид төгрөгийн ханшийг хамгаалахгүй бол ханш хэт буурч, үүнээс үүдэлтэй дахин инфляц бий болох аюултай. Ялангуяа Монгол шиг импортоор их бараа авдаг улсын хувьд энэ аюул бодит юм. Тийм учраас үүнийг аль болох эрт зогсоохын тулд бид төгрөгийг үнэтэй болгох шаардлагатай. Мөнгөний үнэ цэн хүүгээрээ л тодорхойлогддог. Тийм учраас энэ арга хэмжээ авч байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.