“Монголын эдийн засгийн чуулган 2022”-ын өмнө 6 салбар хэлэлцүүлэг зохион байгуулж байгаагийн нэг нь “Хот, хөдөөгийн сэргэлт”-ээр үргэлжилж байна.
Хэлэлцүүлгээр нийслэлийн автозамын түгжрэлийг багасгах бодлого, автозамын төслүүд, Хөшигийн хөндий дэх шинэ Зуунмод хотын нэгдсэн төлөвлөлт, эхний ээлжийн инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, шинэ суурьшлын бүс, дагуул хот, эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг танилцуулж илтгэл хэлэлцүүлж байна.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэлцүүлгийг нээж хэдсэн үгэндээ, “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурдасгах, бэрхшээлийг шийдэхээр хэлэлцүүлж байна. Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогод хотын автозамын түгжрэлийг багасгах, шинэ суурьшлын бүс, дагуул хот хөгжүүлэхийг тодорхойлсон. Хотоо хөгжүүлж, төвлөрлийг задалж түгжрэл багасгах шийдэл нь хөдөөг хөгжүүлэх юм. Хөдөөг хөгжүүлэх, санхүү эдийн засгийн боломж бүрдүүлж, урт, дунд хугацааны бодлого хэрэгжүүлнэ. Хотын хөгжил, эдийн засгийн сэргэлт дагуул хотын асуудал бий ч бодлого гаргаснаар асуудлыг шийдэхгүй, бодитоор хэрэгжүүлж чадвал урагшаа алхана. Бид нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг ч нийслэлдээ хүн амынх нь 50 гаруй хувь нь амьдардаг. Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн хөшүүрэг, тогтолцооны дорвитой шийдэл хэрэгтэй. Наанадаж боомт, эрчим хүч, их бүтээн байгуулалт дагасан ажлын байр уялдаатай байх ёстой”-г тэмдэглэлээ.
Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд 26 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
Тухайлбал, үндсэн болон автозамын сүлжээг өргөтгөн, түгжрэлийг 15-20 хувиар багасгаж, багтаамж их нийтийн тээврийн шинэ төрөл нэвтрүүлснээр зорчигчийн тоог 30 хувиар нэмнэ.
Автомашины тоог багасаж, хотын дэд төвүүдийг холбосон шинэ тойрог замын сүлжээ бий болгохоос гадна гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй дэд төвүүдийн бүтээн байгуулалтыг дуусгах юм.
Мөн орон нутгийн ложистикийн төвүүдийг байгуулж, зарим их сургуулийг хөдөө орон нутаг руу шилжүүлж, орон нутгийн хөгжлийг давхар шийдэх цогт төлөвлөгөө боловсруулж байгааг хэлэлцүүлгийн үеэр НЗДТГ-аас танилцуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар шинэ сэргэлтийн бодлого нь улсын эдийн засгийн хараат бус байдлыг бэхжүүлэх, цар тахлын дараах сөрөг нөлөөг багасгах, ”Алсын хараа-2050” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх явдал гэдгийг онцлов.
Тэрбээр, одоогоор бий болоод буй нөхцөл байдлын талаар ярихдаа,
"Олон улсад болж байгаа үйл явдал нь манай улсын эдийн засагт шууд, хүчтэй нөлөөлж байна. Цар тахлын халдвар БНХАУ-д нэмэгдсэнээс тээвэр ложистикийн салбар доголдох боллоо. Эдгээрээс үүдэн дэлхийн эдийн засгийг таамаглах боломжгүй болсон тул хохирол багатай давах бодлого төлөвлөх шаардлага үүслээ. Энэ оны эхний 2 сарын байдлаар төмрийн хүдрээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл багасаж, төлбөрийн тэнцэл 1 дүгээр сард 340.9 сая ам.долларын алдагдалтай гарсан. Үнийн өсөлт эрчимжиж 2 дугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 14.2, нийслэлд 16 хувь байгаа” гэв. Түүнчлэн, “Хот хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлэхэд эрх зүйн шинэчлэл шаардлагатай. Улсын хөгжлийн нэгдсэн бодлогоор хот, хөдөө нэгдэж ажиллах ёстой. Нийслэл 1990 оноос хотын хөгжлийн төлөвлөгөөг баталсан ч хэрэгжүүлээгүй өдий хүрсэн нь түгжрэл, агаарын бохирдлын суурь шалтгаан юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлахдаа мөнгө олох хэрэгсэл болгосноор хотын дөнгөж 12 хувьд хот байгуулалтын төлөвлөгөө нийцсэн байгаа гэлээ.
Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотын эдийн засаг 294, хүн ам нь 41, бүртгэлтэй аж ахуйн нэгж 183, нийслэлийн төсвийн орлого 722, төсвийн зарлага 754 хувиар нэмэгдэв. Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотой Сангийн яам, Улаанбаатар хотын хувьд цоо шинэ төсвийн жил болж байгаа билээ.
Улаанбаатар хотын энэ оны төсвийн орлогыг 1.6 их наяд төгрөгөөр баталсан нь 2010 оныхтой харьцуулахад 10 дахин нэмэгджээ. Харин өмнөх оныхоос 422 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь түүхэнд байгаагүй том төсөв аж.
Улаанбаатар хотод 1.5 сая хүн суурин амьдардаг. ДНБ нь 28 их наяд 187 тэрбум төгрөгөөс бүрддэг. 615 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэлтэй байдаг. 65 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Их дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 86, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрч, нийт хадгаламжийн 81, ДНБ ий 65 хувийг нийслэл дангаараа эзэлж байна. Жил бүр нэг аймгийн дундаж хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн хотод шилжин ирж, 80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн, сүүлийн 5 жилд хотын хүн ам 5.6 хувиар нэмэгджээ.