Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар өсгөж 9 хувь болголоо

оруулсан Алсын Хараа

Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулж байна.

Мөнгөний бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлж 9% болгох шийдвэр гарсан болохыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ. 

Үргэлжлүүлэн тэрбээр "Олон улсын харилцаанд хурцадмал байдал шинээр үүсэж, гадаад, дотоод эдийн засгийн тодорхой бус байдлын нэмэлт эх сурвалж болж байна. Ийнхүү тодорхой бус байдал огцом нэмэгдэж,  дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ, тэр дундаа газрын тос, хүнсний үнэ огцом өсөж, нийлүүлэлтийн сүлжээний доголдол үргэлжлэхээр байгаагаас энэ онд инфляц өмнө нь төсөөлж байснаас нэмэгдэх, эдийн засгийн өсөлт саарах эрсдэл олон улс оронд бий болоод байна.

Жилийн инфляц 2022 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 14.2 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 15.5 хувьтай гарав. Инфляцад олон улсын зах зээл дээрх хүнсний болон шатахууны үнэ өссөн, тээвэр логистикийн саатал, түүнээс улбаатай тээврийн нэмэлт зардал, нийлүүлэлтийн доголдол зэрэг хүчин зүйлс нь голлон нөлөөлж байна. Инфляц хоёрдугаар сараас алгуур саарч эхэлсэн нь өмнөх төсөөлөлтэй нийцтэй байсан хэдий ч олон улсад шинээр үүсээд буй хурцадмал байдалтай холбоотойгоор инфляцын төсөөлөл нэмэгдэж байна" гэв.

Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй хязгаарлалт суларч худалдаа, үйлчилгээний салбар эдийн засгийн идэвхжилтийг дэмжсэн хэдий ч хилийн хязгаарлалттай холбоотойгоор уул уурхай, тээвэр, барилгын үйлдвэрлэл буурснаас эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд хүлээлтээс бага гарлаа. Олон улсын харилцааны нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ огцом өсөж, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлэх, БНХАУ-ын ковидын эсрэг бодлоготой холбоотойгоор үйлдвэрлэлийн орцын нийлүүлэлт хязгаарлагдаж байгаа нь эдийн засгийн өсөлтийг сааруулах нөлөөг 2022 онд үзүүлэхээр байна.

Үйлдвэрлэлийн зардлын өсөлтөөр дамжин зардлын инфляц бий болох, инфляцын хүлээлт өсөх, төлбөрийн тэнцэлийн алдагдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад суурь хүү илүү хурдтай өсөх нөхцөл үүсэж байгаа нь мөнгөний бодлогын төлөвийг илүү хурдтай чангаруулах, төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагыг бий болгож байна. Цаашид гадаад, дотоод эдийн засгийн идэвхжил, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн хязгаарлалт, олон улсын харилцааны нөхцөл байдалтай уялдуудан мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх болно хэмээн Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэлд дурдсан байна. 

Сэтгэгдэл бичих