Хэрлэн Барс хотын туурь

оруулсан Алсын Хараа

Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь, цамхаг нь МЭ есдүгээр зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо энд байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааснаар ийн нэрийдсэн домогтой. Судлаачид долоон метр орчим энэхүү өндөр баганыг мөн ямар нэгэн хотын харуулын цамхаг байсан гэж үздэг. Их хэрмийн өмнөд хэсэгт таван давхар суварга нэг байсан ба мөн тусгай өндөр довжоон дээр барьсан чулуун хэрэмтэй дөрвөн том барилга, бас том жижиг суваргын ор суурь 10 гаруй байжээ. Их хэрмийн гадна долоон давхар суварга бас байсан аж.

Энэхүү Дорнод Монголын нутаг дахь Хятаны үеийн хот суурингийн томоохон дурсгал нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Баруун Дөрөө нуурын зүүн урд оршдог. 1953 онд хийсэн эртний судлалын хайгуулаар Хэрлэн Барс хотын хуучин үлдэгдэлтэй холбогдох хоёр хэрмийг ойролцоо нь илрүүлж, судлаачид тусгайлан дугаарлаж, нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг Барс хот-1 гэж бичиж тэмдэглэх болжээ.

Барс хот-1-ийн их хэрмийн хэмжээ нь хааш хаашаа 1600-1800 м, зузаан нь 4 м, өндөр нь 1,5-2 м юм. Хэрмийн дотор болон зүүн талд тав, долоон давхар хоёр суваргатай байжээ. 1953-1955 онд археологич Х.Пэрлээ Барс-1 хотын хэрмийн доторх дөрвөн барилга, бага хэрмийн орчин тойрны жижиг барилгын суурь, мөн шохой шатааж байсан зуухны ор зэргийг малтан шинжилж, том бурхны сэнтий, дээврийн хөх тоосгон ваар, том жижиг хэмжээний угалзтай, угалзгүй тоосго, шавар баримал, ур хийц сайтай бурхны үлдэгдэл, бурхны баримал чимэглэлийн хэсэг, жансагийн мал адгуусны дүрс, цац, сийлбэртэй мод, яс, төмөрлөг зүйл илрүүлэн олж уг барилга нь бурхан шүтээний газар байсан болохыг тогтоосон байна.

Эртний түүхийн асар их дурсгалыг агуулсан энэ газарт аялал жуулчлал хөгжүүлэх нутгийн иргэдийн санал санаачилга нэлээд өрнөдөг. Хэрлэн барс хотын туурь аймгийн төвөөс 80 км-т Тосон хулстайн байгалийн нөөц газартай хил залгаа оршдог. Сүхбаатар аймгийн төвөөс 160 км, Хэнтийн Өндөрхаан хотоос 200 км, Онон Балжийн байгалийн цогцолбор газар, Дадал орчмоос 180 км, Дагуурын эко бүс нутгаас 300 км, Халхголын бүс нутгаас 290 км-т оршдог. Аль ч талаас зорчиж буй гаднын болон дотоодын жуулчдын замын огтлолцол дээр таарч байгаа учир аялал жуулчлал хөгжүүлэх гол түшиц газар болгох боломжтой.

Сэтгэгдэл бичих