Манай улсад цемент хосдоогүй, нийлүүлэлт бүрэн байгаа ч өнгөрсөн 7 хоногт үнэ 16-28 хувиар нэмсэн нь бодитой эсэхийг ШӨХТГ-аас шалгана.
Цементийн үнийг “Мөнхийн баян гал” компани 16, “Хөтөл” 24, “МАК” 26, “Монцемент” 28 хувиар нэмжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан шуурхай хуралдаж, ШӨХТГ-т үнийн өсөлт бодит эсэхэд дүгнэлт хийх, БХБЯ цементийн үйлдвэрүүдийн удирдлагатай уулзах чиглэл өгөөд байгаа. БХБЯ-ны төлөөлөл маргааш үйлдвэрүүдийн удирдлагуудтай уулзаж, үнэ барих ямар арга байгаа талаар ярилцана.
БХБ-ын дэд сайд Э.Золбоо цементийн үнийн өсөлттэй холбоотой цахим орчинд дотоодын үйлдвэрүүд цементийн үнээ нэмсэн тул хятадаас авъя гэсэн мэдээлэл явж байгаад тайлбар хийв. Тэрбээр, “Манай улсад 2017 онд цементийн хоёр том үйлдвэр байгуулагдсанаар барилгын салбарт том хувь нэмэр болсон. Бид ямар ч үед бүтээн байгуулалт хийх боломжтой болсон. Хил хаасан хэцүү цаг үед дотооддоо 1.8 сая тн цемент үйлдвэрлэж байна. Хэрэв цементээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй байсан бол 225 мянган тн цементийг вагоноор оруулж ирлээ гэхэд сард 4000 вагоны асуудал яригдана. Гэтэл урд хөрштэйгээ тохиролцсоны үндсэн дээр сард 1000 вагон оруулж байгаа. Түүнчлэн, БНХАУ-д 2020 оноос өмнө цементийн үнэ манайхаас хямд байсан бол одоогоор 1 тн цемент 375 байсан нь 550-750 юанийн хооронд хэлбэлзэж байна. Үүнийг тээвэрлэж ирэхэд үнэ дахиад илүү нэмэгдэнэ. Монгол, хятадын цементийн үнэ зах зээлд яг адил байгаа”-г онцолсон юм.
Цементийн үйлдвэрүүд үнэ өссөн талаар тайлбарлахдаа, цемент үйлдвэрлэхэд хэрэглэдэг бусад төрлийн материалын үнэ нэмэгдсэн. 2020 оноос хойш бүх барааны үнэ нэмэгдэхэд цементийн үнэ хэвээр байсан. Харин цемент үйлдвэрлэхэд нөлөөлөх түлш, сэлбэр хэрэгсэл, ажиллах хүчний зардал, үнс, шохойн чулуу зэргийн үнэ өссөнийг баримтаар тайлбарласан аж. ШӨХТГ-аас бодит өсөлт мөн эсэхийг шалгасны дараа тодорхой мэдээлэх аж.