Олон улсын монголч эрдэмтдийн XII их хурал Хархорум хотноо болно

оруулсан Алсын Хараа

Олон улсын Монголч эрдэмтдийн XII их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн 860 жилийн ойн хүрээнд Улаанбаатар болон Эзэнт гүрний нийслэл Хархорум хотноо зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус хурлыг таван жил тутам зохион байгуулж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.

Монгол судлалыг хөгжүүлэх бодлого үндэсний хэлэлцүүлгийн үеэр монгол судлалыг хөгжүүлэх чиглэлд баримтлах үндэсний хөтөлбөрийн бодлого, үйл ажиллагааны талаарх санал шүүмжийг оролцогчид хэллээ.

Монгол Улсын Засгийн газраас “Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 2012-2016 болон 2018-2021 онд тус тус хоёр удаа батлан хэрэгжүүлсэн. Мөн Монгол Улсын хөгжлийн дунд, урт хугацааны бодлого, хөтөлбөрүүдэд монгол судлалыг хөгжүүлэх асуудлыг тусган хэрэгжүүлж байна.

Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр монгол судлалын бодлого, хэрэгжилтийн үйл ажиллагаа нэгдмэл зохион байгуулалттай байж, монгол судлаачид, монголч эрдэмтдийн судалгааны хамтын томоохон бүтээлүүд гарах нөхцөл хангагдан, эрдэм шинжилгээний хурал, бүтээлүүдэд чанарын ахиц гарч энэ салбар эрчимтэй хөгжих, илүү өргөжих бодит суурь тавигдлаа.

Монгол судлалын ай савд хамаарах шинжлэх ухааны салбар чиглэлийг өргөжүүлэх, улс орны хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг тэлэхэд анхаарах хэрэгтэй. Монгол судлалын хүрээнд хэл, түүх, соёлын уламжлалт салбараас гадна археологи, антропологи, нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн орчин үеийн чиг хандлагыг хамруулж, илүү том зургаар харах нь чухал байна.

БШУЯ болон Монгол судлалын үндэсний зөвлөлийн санал санаачилгаар монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны зардлыг өмнө нь байгаагүй хэмжээгээр батлан дэмжсэн нь салбарын хөгжил дэвшил гаргах таатай боломжийг бүрдүүлж байна.

Цаашид монгол судлалын судалгааны цар хүрээг бүс нутгийн түвшинд гаргах, уялдаа холбоог сайжруулах, улс орноо гадаад ертөнцөд зөв таниулах, нийгэм, эдийн засгийн хөгжилд шинжлэх ухааны үндэслэлтэй шинэлэг санааг тусгах нь чухал ач холбогдолтой юм.

Ташрамд дурдахад, 1959 онд Улаанбаатар хотноо анх чуулсан Олон улсын монгол хэл, бичгийн эрдэмтдийн их хурал нь өнөөгийн Олон улсын монголч эрдэмтдийн их хурлын шавыг тавьсан төдийгүй дэлхийн монгол судлаачдыг нэгтгэсэн Олон улсын монгол судлалын холбооны эхлэлийг тавьсан түүхтэй.

Сэтгэгдэл бичих