Уран бүтээлч эмэгтэйчүүдийн өвөрмөц ертөнц буюу “Саарал хайрцаг”

оруулсан Алсын Хараа

Монголын Урчуудын Эвлэлийн 80 жилийн ой, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын уран бүтээлч эмэгтэйчүүд “Саарал хайрцаг” үзэсгэлэнг МУЭ-ийн арт галерейд өнөөдөр нээлээ.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал хүмүүсийн сэтгэл санаанд хэрхэн нөлөөлсөн, хавчигдмал байдалд урлаг ямар урсгал руу чиглэж байгаа нь тус үзэсгэлэнгийн бүтээлүүдийн бас нэгэн өвөрмөц өнцөг болон илэрхийлэгджээ.

Үзэсгэлэнг нээж Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн хэлэхдээ, “Эмэгтэй уран бүтээлчид маань өөр өөрсдийн өвөрмөц ертөнцөөр дамжуулан ээж, эмэгтэй, эхнэр хүний хувьд тэр бүр зоригтойгоор өгүүлж чаддаггүй өгүүлэмжийг өөр өөрийн өнгө будаг, онгодоор гаргаж ирснээрээ энэ удаагийн үзэсгэлэн онцлогтой” хэмээн тодотгосон юм. Олон улсын эрхийг хамгаалах өдрөөр МУЭ уран бүтээлч эмэгтэйчүүдийн үзэсгэлэнг гаргадаг уламжлалтай. Гэхдээ цар тахлын улмаас хоёр жил засварлаад байсан юм.

Харин энэ удаагийн үзэсгэлэнд 130 гаруй уран бүтээлч өнөөгийн нийгэмд тулгамдаж буй экологийн тэнцвэргүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтол, агаар орчны бохирдол, төлөвлөлтгүй хот, хүн амын бөөгнөрөл, гэр бүл, хүүхэд хамгаалал, нийгмийн харилцаа хандлага зэрэг асуудлыг хөндсөн 200 гаруй бүтээлийг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн танхимын хананд өлгөөтэй торонд гинжилсэн зүрх инстоляциар оролцож буй уран барималч Ж.Пүрэвсүрэнгээс бүтээлийнх нь тухай тодруулахад,  “Ганцаардсан сэтгэл” бүтээлээрээ нийгэмд дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа иргэдийн эрхийг хөндөхийг хүссэн. Торон дотор буй "зүрх"-ээр нийгэмд хаалттай байгаа ЛГТБ, эдийн засгийн эрх чөлөө нь боогдмол, тусгай хэрэгцээт, гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүмүүсийн мэдрэмжийг төсөөлж болно. Эмэгтэй хүний сэтгэлийг өвтгөх тусам төмөр, хүрэл ган мэт хатуу болох нь буй. Торноос гарч явсан ч сэтгэхүйд нь дарамт суусан байдаг учир тойрог дотор эргэлдэж буй илэрхийллийг гинжээр гаргахыг зорьсон” гэлээ.

Түүнчлэн тус үзэсгэлэнд анх удаа бүтээлээ толилуулж буй, Францын Cergy-гийн контемпорари урлагийн их сургуулийн мастер нэгдүгээр курсийн оюутан Номин Марнёр “Адам Ева” зэрэг хэд хэдэн бүтээл дэлгэжээ. Францад 2014 оноос суралцаж буй тэрбээр одоо Монголын Үндэсний музейд Д.Нямсүрэн багшийн удирдлага дор уран дархны сэргээн засварлах чиглэлээр дадлага хийж буй аж.

Тэрбээр толгойгүй Адам, чонын толгойтой Еваг дүрсэлсэн илэрхийлэмжээ "Ева бол улаан малгайт ч байж мэднэ, чоно түүнийг мунхруулан мэхэлсэн ч байж мэднэ. Чононд залилуулж мэхлүүлсэн Еваг л би илүү тодоор олж харж байна. Энд бэлгэ эрхтэн байхгүй, зурах нь ч утгагүй. Эцсийн эцэст, хүйс гэж яг юу юм бэ гэдэг эргэцүүлэл рүү бусдыг чиглүүлэхийг хүссэн. Харин “Зүүд” бүтээлдээ, бидний зүүд эмх замбараагүй үзэгдлүүдээр дүүрэн ч, мэдрэмж нь маш тод байдаг. Энд буй 2 зургийг аль алийг нь ижилхэн үгээр тайлбарлаж болно. Өнгөрснийг дурсан санахуй, гуниг уйтгар нэгэнт үгүй болчихсон гэнэн цайлган байдлыг ахин мэдрэх, магадгүй шинээр нээх хүсэл юм" хэмээн тайлбарлаад, "Бидний өдөр тутмын амьдралтай харьцуулахад зүүд хавьгүй эрх чөлөөтэй. Энэ утгаараа уран бүтээлч хүнд зүүд маш чухал түлхэц өгдөг. Өөрийнхөө зүүднээс олж харсан зүйлсийг би зургууддаа тусгахыг эрмэлздэг. Зүүд бол бэлгэ тэмдгийн маш баян ертөнц. Магадгүй бодит амьдралын тайлал, хоригдмол баригдмал амьдралаас зугтах гарц зүүд байж мэдэх юм” хэмээн ярьж байв.

Түүнчлэн уран бүтээлч Б.Номин “Тоглоомын хайрцаг” бүтээлдээ эрт үеэс агаарын сайхан, усны тунгалагт идээшин дассан нүүдэлч уламжлалтай монголчууд суурин ахуйд шилжсэнээр агаарын бохирдолтой хэрхэн нүүр тулж буй асуудлыг хөнджээ. Уг бүтээлд дээлтэй, утааны багтай 108 хүүхэлдэйг ноосон утсаар урласан байна.

Уран бүтээлч эмэгтэйчүүд ийнхүү яагаад бодит байдлаа илчилдэггүй, илэрхийлдэггүй, тодруулбал хашхирдаггүй юм бэ? хэмээн өөрсдөөсөө эрж хайсан бүтээлүүдийг сонирхуулж байна.

Энэхүү үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих