/interfax/. АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (NASA) Ангараг гаргийн хөрсний дээжийг авч, дэлхий рүү илгээх пуужин бүтээх гэрээг “Lockheed Martin” корпорацтай байгуулжээ.
“NASA Улаан нүдэн гаргийн гадаргуугаас чулуулаг, тунамал чулуулгийн, мөн агаар мандлын тоосонцрын дээжийг дэлхийд авчрах хамтарсан нислэгт зориулагдсан жижиг, хөнгөн пуужин болох “Mars Ascent Vehicle” /MAV/- ийг бүтээх гэрээг “Lockheed Martin” корпорацтай байгууллаа” гэж АНУ-ын сансар судлалын байгууллагын мэдэгдэлд дурдсан байна.
MAV нь өөр гаргаас хөөргөсөн анхны пуужин болохоос гадна "NASA-гийн "Perseverance" роверын цуглуулсан дээжийг авч, дэлхий рүү авчрах кампанит ажлын чухал хэсэг" байх юм.
NASA-гийн төлөвлөгөөний дагуу уг пуужинг “Sample Retrieval Lander” буугч аппаратыг ашиглан 2026 оноос хэтрэхгүй Ангараг руу хүргэнэ. Буугч аппарат Улаан нүдэн гаргийн агаар мандлын давхаргад орсноор 2021 онд “Perseverance” ангарагнаа явагч аппаратын буусан “Езеро” өрхийн ойролцоо газардана. Дараа нь уг аппаратын цуглуулсан хөрсний дээжийг авч, MAV пуужингийн тусламжтайгаар Ангарагийн тойрог замд гаргана.
Тойрог замд пуужин Европын сансрын агентлагийн (ESA) гараг хоорондын “Earth Return Orbiter” автомат станцад ойртоход шаардлагатай өндрийг авч, үүний дараа цуглуулсан дээж бүхий савыг гаргах бөгөөд дараа нь автомат станц уг савыг "барьж авна". Үүний дараа “Earth Return Orbiter” нь хөдөлгүүрөө асаан, Ангараг гаргийн тойрог замаас гарч, дэлхийг чиглэн хөдөлнө. Уг станц Ангарагийн хөрсний дээжийг 2030-аад оны эхэн үед дэлхийд авчирах аж.
АНУ-ын сансар судлалын агентлагийн мэдээлснээр, гэрээг хэрэгжүүлэх зардал нь 194 сая ам.доллар болно. Гэрээний дагуу “Lockheed Martin” MAV пуужингийн нэгдсэн систем, түүнчлэн төхөөрөмжийг амжилттай хөөргөх газрын тоног төхөөрөмжийг бүтээх, турших үүрэгтэй.
“Ingenuity” бяцхан нисдэг тэрэг бүхий “Perseverance” өөрөө явагч төхөөрөмж өнгөрсөн оны хоёрдугаар сарын 18-нд Ангараг гаргийн гадаргуу дээр амжилттай газардсан билээ.
“Perseverance” 2021 оны есдүгээр сард Ангарагийн хөрсний анхны дээжийг цуглуулсан бөгөөд дээжийг эх дэлхий рүү авчрах сансрын аппарат ирэх хүртэл уг төхөөрөмжид хадгалагдана. Эдгээр дээжид хийх судалгаа Ангараг дээр амьдрал байгаа эсэх асуултын хариултыг өгч магадгүй гэж эрдэмтэд найдаж байна.