ВАКЦИНЫ ТАЛААР ИРГЭДЭД ТУЛГАРЧ БАЙГАА ЭРГЭЛЗЭЭТЭЙ АСУУЛТУУД

оруулсан Алсын Хараа

КОВИД-19 халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч өнгөрсөн таван сарын хугацаанд вакцины нэмэлт тунд хамрагдах шаардлагатай буюу 18-аас дээш насны иргэдийн 51 хувь нь гурав дахь тундаа хамрагдаад байна. Энэ нь иргэдийн дунд үүсээд байгаа КОВИД-19-ийн эсрэг вакцины талаарх эргэлзээтэй холбоотой байна. Тиймээс иргэдээс ирсэн түгээмэл асуултыг Factcheck.mn нягталж хариулсныг хүргэж байна.

АСУУЛТ 1.

Өмнө нь 2 тун вакцин хийлгэсэн ч коронавируст халдвараар өвчилсөн. Тиймээс нэмэлт тун хийлгэх шаардлагагүй. Өвдөөд дархлаа тогтчихсон.

Хариулт:

Коронавирусийн эсрэг дархлаажуулж буй вакцин нь халдвар авахаас хамгаалахаас илүүтэй өвчний хүндрэл үүсэхээс сэргийлж байна. ХӨСҮТ-өөс хүн амын дунд хийсэн судалгаагаар Монгол Улсад хийсэн КОВИД-19-ийн вакцин халдвараас 72 хувь, хүндрэл нас баралтаас 91 хувьтай сэргийлсэн бол Синофарм вакцин халдвараас 74 хувьтай, хүндрэл, нас баралтаас 90 хувь хамгаалж байна гэсэн судалгааны үр дүн гарсан.

КОВИД-19-ийн вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг мөн судалгааны үр дүнд тогтоосон.

АСУУЛТ 2.

Вакцин хийлгээд 2-3 хоносны дараа халдвар авч, эерэг гарсан. Вакцин өөрөө вирус. Тиймээс хийлгэх шаардлагагүй.

Хариулт:

Вакцин хийлгэсний дараа өвчилсөн тохиолдлуудыг үзэхэд III тун хийлгэсний дараа 14 хоноогүй халдвар авсан тохиолдол

  • BBIBP-CorV вакцин хийлгэсэн хүмүүст 1.1%
  • АстраЗенека хийлгэсэн хүмүүст 3%
  • Файзерт 0.6%-тай байсныг ХӨСҮТ судалгаагаар танилцуулсан

“Вакцины хоёр тунг хийлгэсэн хүмүүст дархлаа тогтоогүй тухай мэдэгдэлд 20, 30 хүн байтугай 2,000 хүн ч байсан Монгол Улсын нийт хүн амыг төлөөлөх чадваргүй. Хэрвээ ийм мэдэгдэл хийхээр бол дор хаяж 20-30 мянган хүнд эсрэг биетийн шинжилгээ хийх ёстой” гэдгийг АШУҮИС-ийн дэд профессор, дархлаа судлаач Д.Нямбаяр хэлж байв. Өөрөөр хэлбэл дээрх тоо нь маш бага хувь бөгөөд вакцин хийлгэхийн өмнө болон хийлгэх явцдаа халдвар авсан байх боломжтой гэдгийг ЭМЯ-ны мэргэжилтнүүд тайлбарласан.

Халдварын тухайд Коронавирусийн амьд вирусээр таныг тариагүй учраас вакцин хийлгээд халдвар авахгүй. COVID-19-ийн эсрэг хэд хэдэн төрлийн вакцин ашиглагдаж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд хүний биеийн дархлааны системд уг вирусийн эсрэг хэрхэн тэмцэхийг заах нэг л ижил үүрэгтэй.

Энэхүү үйл явц нь халуурах зэргээр шинж тэмдэг үзүүлэх боломжтой бөгөөд нь тэр нь дархлааны хариу урвал өрнөж буйн илрэл буюу хэвийн үзэгдэл юм. COVID-19-ийн эсрэг дархлаа тогтоход вакцин хийлгэснээс хойш 2 буюу түүнээс дээш долоо хоног шаардлагатай. Дархлаа бүрэн тогтоогүй үед халдвар авах боломжтой гэдгийг АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс зарласан.

АСУУЛТ 3.

Одоо байгаа вакцины хугацаа дуусаж буй учир хийлгэхгүй.

Хариулт:

Манай улсад коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй Pfizer вакцины заримынх нь шошго дээрх хүчинтэй хугацаа дуусаж буй. Харин үйлдвэрлэгчдийн зүгээс хадгалалтын зөв горимд буюу Цельсийн -60-аас -90 хэмийн гүн хөлдөөгчид хадгалсан тохиолдолд хадгалалтын хугацааг дахин гурван сараар сунгаж ашиглаж болохыг албан ёсоор мэдэгдсэн захиаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 оны есдүгээр сарын 21-нд Pfizer компанид хүргүүлсэн талаар ЭМЯ мэдээлсэн.

Ингэснээр манай оронд нийлүүлэгдсэн вакцины хадгалалтын хугацаа мөн адил гурван сараар сунгагдаад байна. Үүнтэй холбоотойгоор Pfizer компани үйлдвэрээс гарч байгаа вакцины шошгон дээрх хүчинтэй хугацаагаа есөн сар болгон гаргаж эхэлсэн юм.

АСУУЛТ 4.

Зургаадугаар сард 2 дахь тунгаа хийлгэсэн. Одоо болтол коронавируст халдвараар өвдөөгүй учир нэмэлт вакцин хийлгэх шаардлагагүй.

Хариулт:

Коронавирусийн дельта хувилбарын давлагаа дууссан ч омикрон хувилбар хүн амын дунд тархаад байна. Монгол Улсад өдөрт 2,000-аас дээш тохиолдол бүртгэгдэж байгаагийн 90 хувь нь омикроноор өвчилж байгааг ЭМЯ мэдээлж байгаа. Омикрон хувилбарын халдварлах чадвар Дельта вирустэй харьцуулахад дунджаар 3.5 дахин өндөр байгааг АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзул тайлбарласан ба Омикрон нь өмнө нь КОВИД-19-ийн халдвар авч өвдөж байсан тохиолдолд дахин халдварлах боломжтойг мэдээлээд байгаа.

АНУ-ын Халдварт өвчнийг хяналт, сэргийлэлтийн төвөөс 2022.01.21-нд танилцуулсан судалгаагаар mRNA буюу Файзер вакцины III тун Омикроны халдвараас 90 хүртэл хувь хамгаалж байгааг танилцуулав.

АСУУЛТ 5.

Вакцин огт хийлгээгүй ч коронавируст халдвараар өвдөөгүй хүмүүс байна. Тиймээс заавал хийлгэх шаардлагагүй.

Хариулт:

Вакцин хийлгээгүй ч халдвараар өвчлөхгүй байсан иргэд Омикроны давлагааны үед 100 хувь өвчлөх эрсдэлтэй гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Нийгмийн эрүүл мэнд судлаач О.Батбаяр танилцуулсан.

“Дэлхий нийтэд вакцин огт хийлгээгүй хүн Омикрон хувилбараар өвчлөх магадлал 100 хувь,
хоёр тун вакцин хийлгээд зургаан сараас дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь байна.
Харин гурван тун хийлгээд хоёр долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь нь хамгаалагдах буюу шинж тэмдэгтэй хэлбэрээр өвчлөхгүй байна” гэдгийг ХӨСҮТ-ийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр тайлбарласан.

Халдвараар өвчилснөөс хойш вакцин хийлгээгүй бол мөн Омикрон хувилбараар өвчлөх эрсдэлтэй. Учир нь халдварт өртөөд эдгэрсний дараа тогтсон дархлаа Омикрон хувилбараас хангалттай хамгаалж чадахгүй. Харин өвчилсний дараа вакцин хийлгэсэн буюу хайбрид (холимог) дархлаатай болсон иргэд Омикроны давлагаанаас маш сайн хамгаалагдаж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх, Нийгмийн эрүүл мэнд судлаач О.Батбаяр хэлсэн. Манай улсад Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Дойче Велле академи, Хэвлэлийн зөвлөл зөвхөн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны Нэмүүлэн өрхийн эмнэлэгтэй хамтран хийсэн судалгаагаар тус хорооны 5 иргэн тутмын 1 нь коронавирусээр халдварласныг мэдээлсэн ба маш хүнд өвчилсөн хүмүүсийн 60 хувь, хүндээр өвчилсөн хүмүүсийн 24 хувь нь вакцинд хамрагдаагүй байсныг танилцуулсан.

АСУУЛТ 6.

Омикрон хувилбар нь хөнгөхөн, ханиад шиг тул вакцин нэмэлтээр хийлгээд байх шаардлагагүй.

Хариулт:

Омикрон хувилбарын нууц үе харьцангуй богино, явц нь түргэн, насанд хүрсэн хүн амын дийлэнх нь шинж тэмдэг илэрснээс хойш 3-5 хоног хөнгөн өвдөөд, эдгэрч байна. Энэ нь Монгол Улсын зорилтот бүлгийн 70 орчим хувь нь дархлаажуулалтад хамрагдсантай холбоотой хэмээн АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, Анагаах ухааны доктор Т.Хонгорзул тайлбарлаж байна.  Насанд хүрсэн, харьцангуй эрүүл хүмүүс Омикрон хувилбараар хөнгөн өвдөөд өнгөрч болох ч халдвар тараах эрсдэлтэй тул эрсдэлт бүлэг буюу вакцинд хамрагдаагүй 11-ээс доош насны хүүхдүүд болон 60-аас дээш насны ахмадууд, жирэмсэн эхчүүд халдвар авбал хүнд өвдөх эрсдэлтэй хэвээр байна.

“Тиймээс хамгийн эмзэг бүлэг буюу дархлаажаагүй бүлэг хүн ам руу энэ давлагаа чиглэнэ. Бусад улсад ч хүүхдүүдийн өвчлөл түгээмэл тохиолдож байна” гэдгийг тэрбээр анхааруулав.

Сэтгэгдэл бичих