Далд уурхайд тэсэрсэн эдийн засгийн шинэ сэргэлтийн чимээ

оруулсан Алсын Хараа

Цар тахлын улмаас гадаад худалдаа тасалдаж, экспорт буурсны дээр ирэх онд төлөх 10 тэрбум ам.долларын гадаад өр, инфляцын өсөлт, Омикрон хувилбарын тархалт зэрэг нь Монгол Улс өрийн хямралтай нүүр тулж, эдийн засаг хүнд байдалд орох бодит эрсдэлийг дагуулж буй.

Тэгвэл өчигдөр Оюу толгойн төслийн хөрөнгө оруулагч нарын хэлэлцээний эхний үе шат амжилттай үр дүнд хүрч, гүний уурхайн үйлдвэрлэл эхэлснээр эдийн засаг болон гадаадын хөрөнгө оруулалтын орчныг бүрхсэн хүйтэн цан хайлж, хаврын улирлыг авчрах эхлэл боллоо.

 

Монголын талын 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын өр 100 хувь тэглэгдсэнээр ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болж, монголчууд Оюу толгой төслөөс ногдол ашиг хүртэж эхлэх хугацаа наашилж байна. Уг үр дүнг, Монгол Улсын Засгийн газар удаан хугацаанд үргэлжилсэн хэлэлцээний турш Оюу толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 34 хувьд ногдох өрийг тэглэх шаардлага дээр хатуу зогсож ирсэн зорилгодоо бүрэн хүрлээ гэж дүгнэж болох юм.

Мөн гүний уурхай төсөлд шаардлагатай нэмэлт 1.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг Оюу толгойн 66 хувийг эзэмшигч Рио Тинто болон Туркойз Хилл Ресурс компаниуд бүрэн хариуцахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, далд уурхайн бүтээн байгуулалт дуусах хүртэл Монголын талд нэмж өр хуримтлагдахгүй байх нөхцөл бүрдсэн.

 

Мөн дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш өнгөрсөн оны тавдугаар сард өмнөх оны мөн үеэс 130 хувь өсөж, тонн тутамд 10.5 мянган ам.доллар давсан нь түүхэн рекорд ханш болсон. Үүнд, Хятадад цар тахлын дараах эдийн засгийн сэргэлт явагдаж, үйлдвэрлэл өсөж, түүхий эдийн эрэлт огцом нэмэгдсэн нь нөлөөлсөн. Тэгвэл Германы “Commerzbank” 2022 онд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш тонн тутамд 9.650 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцсон бол “Goldman Sachs” банкны шинжээчид энэ тоо 2022 онд 11.800 ам.доллар, 2023 онд 12.000, 2024 онд 14.000, 2025 онд 15.000 ам.доллар болж тасралтгүй рекорд ханшаар өсөх урьдчилсан тооцооллыг хийсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинтогийн удирдлагууд зах зээлд үнийн супер мөчлөг явагдаж байгаа нэн таатай үед Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийг эхлүүлэх шийдэлд хамтран хүрсэн нь бизнесийн хувьд маш чухал үр дүн билээ.

 

Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өчигдөр далд уурхайн анхны тэсэлгээ хийх командыг өгч, гүний уурхайн олборлолтыг зогсолтгүй үргэлжлүүлэх арааг хамтдаа залгасан. Дэлхийд эхний тавд эрэмбэлэгдэх далд уурхайг нээх энэхүү түүхэн мөч Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны сэргэлтийн эхлэлийн цэг болох юм.

Учир нь, гүний уурхай 2023 оны нэгдүгээр улиралд бүрэн ашиглалтад орж, тогтвортой олборлолтын түвшинд хүрснээр жил бүр хагас сая орчим тонн зэс олборлох юм. Ийнхүү Оюу толгойн үйлдвэрлэл 3 дахин нэмэгдсэнээр жилд 5 тэрбум ам.долларын борлуулалт хийнэ гэж тооцсон. Улмаар Монгол Улсад төлөх Оюу толгойн татвар, эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж нь дагаад гурав дахин тэлэх юм. Оюу толгой ХХК өнгөрсөн онд Монгол Улсын төсвийн нийт орлогын 21 хувь буюу хоёр их наяд төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулжээ.

 

Дээр нь, Тавантолгой ДЦС-ыг ашиглалтад оруулж, Оюу толгойн эрчим хүчний хэрэглээг дотоодын нэгдсэн сүлжээнээс хангаж эхэлснээр жил бүр БНХАУ-аас эрчим хүч худалдан авч байгаа 120 сая ам.доллар Монгол Улсдаа үлдэх юм. Эрчим хүчний асуудал нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн хэлэлцээний хүрээнд Монголын талын мөн гол шаардлагуудын нэг байж ирсэн.

Үүнээс чухал нь, 1300 метрийн гүн дэх тэсэлгээний цуурай Оюу толгойн хөрөнгө оруулагч талуудын дунд байсан үл ойлголцлын хана нэгэнт нурж, тогтвортой хамтын ажиллагааг эрэлхийлж, нэгэнт хамтдаа суусан нэг завиа тууштаа хамт жолоодох эрмэлзэлтэй байгаагийн тод илэрхийлэл байв. Ялангуяа, хөрөнгө оруулагч талуудын хамгийн өндөр албан тушаалтай эрхмүүд гүний уурхайн шанг хамтдаа татсан явдал нь олон улсын хөрөнгө оруулагчдад “монголчууд хэлсэндээ хүрч, бизнес хийж чаддаг хүмүүс” гэх мессеж болж очих нь гарцаагүй.

 

Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм энэ талаар “Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо” гэж онцолсон юм.

Гэхдээ хамгийн чухал нь, Оюу толгойд ажилладаг 14 мянга гаруй залуусын 10 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд бий болсон гүний уурхайн бүтээн байгуулалт нь Монгол Улсыг ирэх 20 жил дэлхийн уул уурхайн зах зээлд зэсийн том тоглогч байх боломжийг нээсэн юм. Мөн Оюу толгойн гүний уурхайгаас нэг өдөрт олборлох зэсийн хэмжээ нь 1600 орчим салхин сэнс, 16.000 гаруй цахилгаан автомашин үйлдвэрлэхэд шаардлагатай түүхий эд болох юм. Тиймээс Монгол Улс Оюу толгой, Эрдэнэт тэргүүтэй зэсийн төслүүдээрээ дамжуулан хүн төрөлхтний цаг уурын өөрчлөлтийг эсрэг тэмцлийг манлайлах боломж бий.

Тухайлбал, өнгөрсөн онд дэлхийн нийт зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.9 хувиар нэмэгдсэн ч зэсийн нийт эрэлт 3.2 хувиар өссөн. Улмаар 2021 онд дэлхийн нийт зэсийн нийлүүлэлтийн алдагдал 900 мянган тоннд хүрсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 530 мянган тонноор өссөн үзүүлэлт юм.

Тэгвэл “Fitch Solutions”-ын шинжээчид дэлхийн эрчим хүч болон технологийн шилжилт нь ирэх 10 жилд зэсийн эрэлтийг жил бүр 13 хувиар өсгөнө гэх тооцооллыг хийсэн. Гагцхүү Оюу толгойн гүний уурхайг эс тооцвол ирэх 10-15 жилд дэлхийн хэмжээнд өөр ямар ч томоохон зэсийн төсөл шинээр эхлэхээргүй байгаа юм. Тиймээс далд уурхайд тэсэрсэн Монголын эдийн засгийн шинэ сэргэлтийг улам чанга цуурайтуулах бүх нөхцөл зөвхөн бидний гарт байна.

Эх сурвалж: iToim.mn

Сэтгэгдэл бичих