ОРОСТ ТАВЬСАН “ИХ ӨР”-ӨӨС ИЛҮҮГ Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗАСГИЙН ГАЗАР ТЭГЛҮҮЛЛЭЭ

оруулсан Алсын Хараа

2022 оны нэгдүгээр сарын 25... Хуанлийн хуудаснаа бичигдсэн жирийн л нэг өдөр. Харин монголчуудын хувьд энэ өдөр түүхэн үйл явдал тохиолоо. “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат, “Туркойс Хилл ресурсес” компанийн санхүү эрхэлсэн захирал Люк Колтон нар Өрийг хүчингүй болгох тухай болон одоогийн үлдэгдэл төлбөрийн тухай батламжид гарын үсэг зурлаа. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төсөл дэх Монгол Улсын эзэмшлийн 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг ийнхүү бүрэн тэглэв. Ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр ч бас үгүй болов. Энэ бол монголчуудын хувьд эдийн засгийн тусгаар тогтнолоо нэн шинээр бататгасан үйл явдал. Ажиглагчид “Орост тавьсан “Их өр”-ийг тэглэхийг шийдвэрлэх үйл явц 1990-ээд оноос эхэлж, Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үеэс Н.Энхбаярыг хүртэлх зургаан Засгийн газар, П.Очирбат, Н.Багабанди нарыг Ерөнхийлөгч байхаас улбаалан 14 жил үргэлжилсэн” гэж дүгнэдэг бол Оюутолгой тойрсон улстөржилт лав сүүлийн 20 орчим жил үргэлжилжээ. Богд хаант Засгийн газрын үеэс 1990 он хүртэл хойд хөршид тавьсан “Их өр” 11.7 тэрбум шилжих рубль байсан бол “Оюутолгой”-той холбоотой одоогийн өр 2.3 тэрбум ам.доллар+ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.доллар... Энэхүү тоон баримтаас харвал, “Орост тавьсан “Их өр”-өөс илүүг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тэглүүлжээ” гэж дүгнэхэд хилсдэхгүй биз.   

С.Баяр 2007 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдохдоо УИХ-ын чуулганы индрээс “Алийн болгон бухал сахисан ноход шиг байх вэ. Оюутолгойн гэрээг хөдөлгөнө” гэж мэдэгдэж байв. Тухайн үеийн эрх баригч хүчний тэргүүн, Ерөнхий сайд С.Баяр өмнийн говь дахь орд газрыг ашиглах тухайд байр сууриа ийнхүү түс тас илэрхийлж, зургаан жилийн туршид шийдвэрлэж чадахгүй байсан Оюутолгой ордыг ашиглах тухай гэрээг байгуулж байлаа. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаар монголчууд нийтээрээ нэг алхам урагшиллаа” гэж УИХ-ын чуулганы танхимд мэдэгдэж байв. Оюутолгой, Хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгой тойрсон популизм, Дубайн гэрээ, “Рио Тинто”-ийн эсрэг реакци... Өнгөрсөн арав гаруй жилийн туршид улс төрийн халуун сэдэв байсаар ирсэн сэдэв бол энэ.

          Оюутолгойн “Их өр”-ийг тэглэхтэй зэрэгцэн гүний уурхайн үйлдвэрлэлийг нь мөн эхлүүллээ. Шинэ зууны Монголын түүхэнд бичигдэн үлдэх энэ их бүтээн байгуулалт Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын нэг хэсэг болох Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд өрнөх боллоо. Өмнийн говьд нүргэлэх их бүтээн байгуулалтыг дагаж залуус ажлын байртай болно, барууны техник, технологийг эзэмшинэ, “Говийн ганц айл” домог болон үлдэж, говь нутаг Монголын хөгжлийг тодорхойлох цаг айсуй. “Рио Тинто” бол басаж болохгүй гол тоглогч, уул уурхайн гигант, дэлхийн гео-эдийн засагт нөлөө бүхий групп. Өнгөн дээрээ “Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ бол ХОГ” хэмээн нэрлэх популистууд тэдэнтэй ширээний ард сууж чаддаггүй байсан. Оюутолгой тойрсон улс төрийн халуун сэдэв Төрийн ордонд өрнөж, гадаадын хөрөнгө оруулагчид УИХ-ын гишүүдийн нэр дээр сануулга өгсөн “дипломат” захидал нэг бус удаа ирүүлж, бүр заримдаа “будаатай хуурга”-нд ч урьдаг байсан цаг саяхан. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний танхимынхан “Рио Тинто”-той уран нүүдэл хийж чадлаа. Уул уурхайн гигантуудтай хэлэлцээрийн ширээний ард сууж, “Монголын эрх ашиг нэгдүгээрт шүү” гэдгийг тэдэнд мэдрүүлж чадсаны үр дүнд өмнийн говь дахь баялаг тойрсон улстөржилтөд ийнхүү цэг тавив бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг хамтдаа өгсөн нь яах аргагүй түүхэн агшин. Гүйцэтгэх засаглалын тэргүүн энэ үеэр УИХ-аас баталсан 103 дугаар тогтоолын хүрээнд эхлүүлж буй гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник, эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Харин “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм “Оюутолгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, Монголын 600 гаруй ханган нийлүүлэгчийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96 хувийг монголчууд бүрдүүлсэн уурхай” гэсэн нь анхаарал татна. Ийнхүү 26 сарын туршид хүлээлт үүсгэсэн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат эхлэв. Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, УИХ-ын түр хорооныхны зүгээс хөрөнгө оруулагчидтай удаан хугацаанд зөвшилцсөний эцэст Монголын улс төрийн хамгийн халуун сэдвүүдийн нэг-Оюутолгойн гүний уурхайтай холбоотой маргааныг нэг мөр эцэслэлээ. Гүний уурхайтай холбоотой зарим статистик мэдээллийг тоймловол:

-Монгол Улс дэлхийд тавдугаарт бичигдэх өндөр технологи бүхий гүний уурхайтай болов

-Улсын төсөвт оруулах үр өгөөж нь хамгийн багадаа 3 дахин нэмэгдэнэ

-“Оюутолгой” ХХК 5 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийнэ

-Монголд төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 3 дахин нэмэгдэж, жилд 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоог гаргажээ

-Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт санхүүжилтийг “Рио Тинто”, “Туркойс Хилл ресурсес” компани хариуцна...

            2021 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдож, танхимаа бүрдүүлж байв. Тэр цагаас хойш яг нэг жилийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимынхан “Оюутолгой”-н их өрийг тэглүүлж, ард түмэнд сюрприз барилаа.

Сэтгэгдэл бичих