О.Батбаяр: Ковидын халдварын улмаас олон хүн насан туршдаа архаг өвчтэй болж үлдэх эрсдэлтэй байна

оруулсан Алсын Хараа

Коронавирусний халдварын Омикрон хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын зөвлөх  О.Батбаяртай ярилцлаа.  

- Сайн байна уу? Та иргэдэд коронавирусний халдварын тархалтын талаарх мэдээллийг хүргээд багагүй хугацаа өнгөрлөө. Таныг УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх гэж мэддэг. Та ер нь яг ямар мэргэжилтэй хүн бэ?

- Би нийгмийн эрүүл мэнд Тархвар зүй судлаач хүн. “London School Hygiene and Tropical Medicine” буюу Лондонгийн Халуун орны Өвчин судлалын сургуульд Мастерын зэргээ 2004 онд хамгаалсан. Манай сургууль 1899 онд байгуулагдсан эртний сургууль л даа. Одоо хэр нь энэ нэрээ солиогүй байгаа. ДЭМБ-ын одоогийн тэргүүн Тедрос Аданом Гебреисус болон ДЭМБ Ковид19 техникийн багийг одоо толгойлж байгаа хатагтай Марко Ван Керкхов нар манай сургуулийн төгсөгчид. Мэдээж өөр олон төгсөгчид байгаа. Манай сургууль 2020 онд Ковид19 тэмцэхэд оруулсан хувь нэмрээрээ  Их Британийн хатан хааны шагналыг авсан байсан. Одоо ч сургуулийнхаа багш сдулаачид төгсөгчидтэй холбоотой байдаг.

- Ковид19-н халдварын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ? Өмнөх сарынхтай харьцуулахад батлагдсан тохиолдлын өдрөөс өдөрт өсч байгаа харагдаж байна?

- Халдварын тохиолдлын тоо Омикрон давалгаатай холбоотойгоор эрс нэмэгдэж байна. Ер нь бол Дельта давалгаатай харьцуулахад улс орнуудад Дельта давалгааны оргил үеэс Омикрон давалгааны оргил үед  2-4 дахин нэмэгдэж байгаа. Манай улсын хувьд ч оргил үе нэгдүгээр сарын сүүлээр тохиох ба тохиолдлын тоо эрс нэмэгдэнэ. Иргэд юуг ойлгох ёстой бэ гэвэл вирус тасралтгүй мутацид орж байна. Үүнээс хамаарч эсэд нэвтрэх буюу халдварлах чадвар өөрчлөгдөж мөн вакцинаас зайлсхийх чадвар ч өөрчлөгдөж байна.

Олон эрдэмтэн Омикрон хувилбарын 30 гаран мутацаас шалтгаалж халдварлах чадвар эрс нэмэгдэхээс гадна вакцинаас зайлсхийх чадвар эрс нэмэгдэнэ гэж айж байсан. Харин одоо бол энэ айдас нь биелэлээ олсон гэж хэлж болно. Тодруулбал, Омикрон хувилбар нь Дельта хувилбарын вирусээс 3-4 дахин халдварлах чадвартай болсон ч вакцинаас зайлсхийх чадвар тэгтлээ өөрчлөлт ороогүй гэдгийг эрдэмтэд тогтоосон. Мөн иргэд ч бодит амьдрал дээр харж байна.

Вакцины 3 дахь тунг түүн хийлгэснээр халдвараас 70-75 хувь, хүндрэл ба нас баралтаас 95 хувь хамгаалж байгаа нь олон судалгаагаар нотлогдсон. Харин вакцин хийлгээд 3 сараас дээш болсон бол аль ч вакцины хамгаалах чадвар эрс суларч байгаа. Бүх вакцин дээр ийм судалгаа гарлаа.  Мөн  вирус тасралтгүй мутацид орж байгаа тул бид ч тэмцэх аргаа өөрчилж байна.

- Ер нь коронавирусний халдвар хүний ямар эрхтэнг илүү гэмтээдэг вэ? Өвдөөд эдгэсэн болон урьдчилан сэргийлэх журмаар иргэд ямар арга хэмжээ авах вэ?

- Корона вирус хүний цусны бүлэгнэлтийн механизмыг идэвхжүүлдэгээс шалтгаалж халдвар авсан хүмүүсийн элэг төдийгүй бүх эрхтэн системд жижиг хялгасан судасны бөглөрөл үүсгэж улмаар бүх л эрхтэн системүүдэд үхжил үүсдэг. Үүнээс шалтгаалж бөөрөнд бөөрний хурц дутагдал үүсэх, элгэнд элэгний хурц дутагдал үүсэх, зүрхэнд зүрхний булчингийн үхжил үүсэх, тархинд тархины эсүүдийн үхжил үүсэх гэх мэтээр хамгийн гол нь уушгинд уушигны эд эс хатгаанаас болж сорвижиж амьсгалын багтаамж багасдаг. Иймээс аль ч хувилбараар хүнд өвдсөн хүмүүс амархан ядарч цуцдаг нь дээрх эрхтэн системүүд үйл ажиллагааны дутагдалд орж байгаа гэсэн үг.

Хүүхдүүд  урьд урьдын давалгаан дээр Ковидоор хүнд өвдвөл мөн олон эрхтэн системийн дутагдалд орж байсан. Дельта давалгааны үед их олон  гарч байсан. Ковидын вирус мөн өөхний эсүүдийг довтолдог энэ нь тарган хүмүүс ковидоор хүнд өвдөж байгаагийн үндсэн шалтгаан болж байгаа юм. Мөн Лонг Ковид тарган хүмүүст ихээр  үүсгэж буй талаар судалгаанууд гарч байна. Тарган хүмүүсийн өөхний эсэнд вирус удаан хугацаанд оршиж халдварын голомт болж дархлаа буурмагц идэвхжиж байна гэж үзэж байгаа эрдэмтэд ч байна.

Тэгэхээр энэхүү вирусээс болж олон хүн насан турш архаг өвчтэй болж үлдэх эрсдэлтэй байна тийм учраас вакцинаа хийлгэж өвчлөхгүй байх нь чухал.

Залуу хөнгөн өвдсөн хүмүүст ч тархины эд эсийг гэмтээх сэтгэцийн өөрчлөлттэй болгох мөн дараагийн шатанд Альцхаймерийн өвчтэй болох суурийг тавьж байна гэсэн судалгааг саяхан гарсан. Хүний дархлааны систем  вирусийн эсрэг хэт идэвхжсэнээс болж тархины эд эсээ устгаж байна гэсэн үг өөрөөр хэлбэл аутоиммуны өвчин ябж болж хувирсан байна. Ковидын хурц үед тархины судасны харвалт, орчноо мэдрэхгүй болох, мэдрэл булчингийн үйл ажиллагааны хямрал үүсгэдэг бол ковидын дараа толгой өвдөх, депрессд буюу сэтгэл гутралд орох, психоз буюу сэтгэцийн эмгэгийн шинж тэмдэгүүд өгөх зэрэг тархины эд эсийг гэмтлээс үүсэлтэй шинж тэмдэгүүд өгч байна.

Зүрхний хувьд мөн Ковид вирус зүрхний эд эсэд нэвтэрдэг ба хүний дархлааны систем эдгээр халдвар авсан зүрхний булчингийн эсийг устгахдаа мөн эрүүл эд эсээ устгаж байгаагаас зүрх гэмтэж байна. Улмаар зүрхний инфаркт 2 механизмаар үүсэж байна. Нэгдүгээрт цус өтгөрснөнөөс хоёрдугаарт хамгийн элбэг нь буюу зүрх ковид халдварын үед ихээхэн ачаалал авч хүчилтөрөгчийн дутагдалд ороод зүрхний инфаркт өгч байгааг АНУ Жон Хопкинсийн их сургуулийн судлаачид онцолж байна. Энэ үед буюу Ковид өвчлөлийн үед  цусанд тропонин ихсэж байгаа ба энэ нь зүрхний булчин гэмтэж үхэж байгааг илэрхийлдэг бол зүрхний цахилгаан бичлэгт зүрхний инфарктын үеийхтэй адил бичлэг гарч ирж байгаа.

Ковидын дараа амьсгаа авахад хэцүү болох, ихээр шээх, хөл хавагнах, хэвтэхэд амьсгалахад хэцүү болох зэрэг бол таны зүрх Ковидын дараах дутагдалд орж байгаа гэсэн үг буюу таны зүрх ковидын үед гэмтсэн гэсэн үг. Германы судлаачид саяхан ковидын дараахь 100 хүний зүрхний булчинд хийсэн судалгаагаар зүрхний булчингийн үхжил сорвижил 70 гаран хүнд илрүүлсэн ба хүнд өвдсөн хүмүүст илүү их байгааг тогтоосон.

Бөөрний хувьд ч адилхан ковидын вирус бөөрний эд эсэд нэвтрэн орж гэмтээдэг ба мөн цусны бүлэгнэлээс шалтгаалж бөөрний түүдгэнцэр гэмтэж шээсээр уургаа их алддаг ба хэрвээ хүнд өвдсөн бол насан туршдаа гемодиалзд ордог болох ч эрсдэл бий. Хүнд өвдөх үед үүссэн цитогены шуурга бөөрийг гэмтээдэг. Хөнгөн өвдсөн хүмүүст харин зүрх ба бөөрний гэмтэл нөхөн сэргэх боломжтой байгаа.

Элэгний хувьд бас адилхан элэгний эсэд Ковид19 вирус нэвтрэн орж элгийг гэмтээдэг ба хүний дархлааны систем халдварласан эсийг устгахдаа эрүүл элэгний эсээ устгадаг мөн элэгний хурц дутагдал буюу элэгний үйл ажиллагааны доголдол үүсдэг. Энэ үед манай иргэд сайн мэддэг АЛАТ, АСАТ ихээр нэмэгддэг.

Судалгаагаар элэгний архаг өвчтэй хүмүүс, В ба С вирустэй хүмүүс  Ковидоор өвдөх үед элэгний гэмтэл хамгийн ихээр үүсэж байна гэж гарч байгаа. Ковидоор өвдсөн хүмүүсийн 14-52 хувьд нь элэгний үйл ажиллагааны доголдол гарч байгаа.

- Ковидоор дахин халдварласан иргэдэд эмийн багц өгч байгаа юу? Мөн эмийн багцад багтдаг витамин С болон Д витамин хэн өндөр дозтой байгаа нь хүмүүст муугаар нөлөөлнө гэсэн байсан. Үүнд тайлбар өгнө үү?

- Дахин халдварласан иргэдэд эмийн багцыг даатгалтай ч бай даатгалгүй ч бай олгож байгаа. Манайхаас өөр улсад ингэж өгч байгаа улс байхгүй. Мөнгө нь ЭМДЕГээр дамжиж төсвөөс гарч байгаа гэж ойлгож болно. Тунгийн хувьд витамин С болон Д витамин тун нь өвчилсөн хүмүүст энгийн үеээс илүү тунгаар өгдөг жишиг байдаг. Витамин С үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бол олон судалгаагаагаар Витамин Д хүний дархлааг үрэвслийн үед идэвхжүүлдэг ба Ковид хүндрэлээс ихээхэн үр дүнтэй сэргийлж байгаа.

- Оросын вирус судлаач Евгений Тимаков Омикроны халдвар хүүхдүүдэд илүү аюултай гэж анхааруулсан байсан. Энэ талаар тайлбар өгнө үү?

- Ковидын үед хүүхэд дэлхий даяараа хүнд байдалтай байна. Уханьд гарсан эхний хувилбарын үед хүүхэд өвчлөл эрсдэл бага байсан. Альфа хувилбарын үеэс хүүхдийн эрсдэл өсөж эхэлсэн ба  12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулж эхэлсэн бол Дельта хувилбарын үед бүр их өссөн. АНУ-ын засаг захиргааны зүгээс Дельта хувилбарын үед 5-11 насанд хүүхдийн өвчлөл нэмэгдэж хэвтэлт нэмэгдэж улмаар энэ насны 94 нас баралт бүртгэгдсэн тул энэ насны бүлгийг вакцинжуулж эхэлсэн. Пфайзер компанийн 5-11  насны хүүхдийн дунд хийсэн вакцины судалгаа  үр дүн өгсөн тул ийм шийдвэр гаргасан. Пфайзер компанийн 6 сараас 5 насны хүүхдийн дунд хийсэн вакцины судалгаа үр дүн өгөөгүй тул одоогоор энэ насанд вакцинжуулалт эхлээгүй байна. Хятад улс 3 наснаас дээш Синофарм вакцинаар вакцинжуулалт хийж байна.

Харвардын Бостоны хүүхдийн эмнэлэгийн судалгаагаар Омикрон давалгааны үед хүүхдийн сэхээний хэвтэлт Дельта давалгаанаас 70 хувь буурсан. Олон хүүхэд өвдөж байгаа тул хавсарсан өвчтэй дархлаа сул  5-10 хувьд нь асуудал гарч байна. Омикрон давалгаа хүүхдэд хатгаа болох нь бага харин илүү амьсгалын дээд замын үрэвсэл хэлбэрээр явж байна.  Манай улсад хүүхдийн өвчлөл нэмэгдэж байна, хүүхдүүд  ларингит их өгч байна гэхдээ ларингиттэй хүүхдүүд 1-2 хоногт эмчилгээний үр дүн өгч байгаа. Харин бронхоспазм бас их өгч байна 3-5 хоногт утлага эмчилгээ хийж байж үр дүн өгч байна. Амьсгалын  дутагдал нь их хөнгөн байгаа нь сайн байна гэж эмч нар ярьж байна. Хүүхдүүд улирлын томуу төст Корона вирусээс халдвар авдаг нь Сарс Ков2 вируснээс давхар хамгаалж буй гэсэн судалгаа байгаа. Бид 12-17 насны хүүхдүүдэд нэмэлт бүүстэр хийх эсэх мөн 5-11 насны хүүхдийн вакцины асуудлыг судалж байна.

Омикрон хувилбарын давалгааг бууруулах тал дээр ЭМЯ ямар бодлого баримталж хэрхэн ажиллаж байгаа вэ?

Омикроны халдварлах чадвар эрс өссөн тул хөл хорио хийгээд ч тогтоож дийлэхгүй гэж үзэж буй эрдэмтэд байна. Үүний нэг жишээ бол БНХАУ юм. Вакцины хамралт өндөр, өвдсөн хүмүүсийн тоо өндөр мөн сүргийн дархлаа өндөх улсуудад Омикроны давалгаа хөнгөн явж байгаа. Хөнгөн гэдэг нь нас баралтын тоог хэлж байгаа гэсэн үг. Бид Дельта давалгааны оргил үед өдөрт 20 нас баралт бүртгэж байсан бол Омикроны оргил үед буюу одоогоор өдөрт 1-2 нас баралт бүртгэж байна. Өөрөөр хэлбэл 10 дахин бага гэсэн үг. Гэхдээ энэ бол тайвшир гэсэн үг биш учир нь маш олон хүн өвдөж байна. Эрсдэл бол байгаа.

Бид аль болох хөл хорио хийхгүйгээр эдийн засагаа бодсон дасан зохицох бодлогыг  өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн баримтлан ажиллаж байгаа.

Өнгөрөгч арванхоёрдугаар сард бид Омикроны давалгааг орж ирэх хугацааг хойшлуулах хил дээр хяналт хийх ажлыг эрчимжүүлсэн. Энэ хугацаанд  Дельта давалгаанаас дөнгөж гарч ирсэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцөө амраах , эм эмийн хэрэгслээ базаах, вакцины бүүстэр тунгаа идэвхжүүлэх, шаардлагатай судалгааг хийх гэх мэт ажлуудыг амжуулсан.Харамсалтай нь Турк, Дубай, Тайланд явсан тансаг жуулчид арванхоёрдугаар сарын сүүлээр Омикроныг оруулаад ирсэн. Бид бүх хүчээ тавьж ажилласан ч алдсан. Гэрийн тусгаарлалтад байсан Турк, Дубай, Тайланд явсан тансаг жуулчид гадуур явж шинжилгээнээс зугатсан.

Бидний хувьд өрхийн эмнэлэгээр дамжуулан эмчилэх мөн хүнд өвчтнийг хэвтүүлэх  эмнэлэг орыг эрчимтэй нэмэх аль болох хохирол багаар даван туулахыг хичээж байна. Манай улсын хувьд эмнэлэгийн ачааллыг тохиолдлын тоотой уялдуулан зохицуулах төлөвлөгөөг урьд нь ч гаргаж ажиллаж байсан одоо ч гаргаж ажиллаж байна. Тухайлбал бид энэ удаа Омикрон давалгааны онцлогт тохируулан зөвхөн хүнд хүмүүс хүндрэх эрсдэлтэй бүлгийг хэвтүүлэн эмчлэх тактикийг баримталж байна. Энэ ажлын хүрээнд Дельта давалгааны үед 22000 ор дэлгэж байсан бол энэ удаа 14000 орыг дэлгэнэ. Одоогоор 7000 орыг дэлгээд байна. Бид үндсэн тусламж үйлчилгээ буюу Ковидын бус тусламж үйлчилгээг орхигдуулж болохгүй тул бүх орыг Ковид руу дэлгэж болохгүй. 1 сая хүнд дэлгэж буй Ковидын орны тоогоор манайх хамгийн олон орыг дэлгэж буй орны тоонд ордог. Тухайлбал манай улсад Дельта ба Альфа давалгааны үед хэвтэж эмчлүүлсэн хүн нийт өвчлөгсөдийн 20-30 хувь нь хэвтэж эмчлүүлсэн нь хэт өндөр үзүүлэлт юм. Омикрон давалгааны үед зөвхөн эрэмблэж шаардлагатай хүмүүсийг л хэвтүүлнэ.

Халдвар эрчимтэй тархаж байгаатай зэрэгцэн эмч эмнэлэгийн ажилтан олноороо халдвар авч байна. Энэ үед хүний нөөцөө хэрхэн зохицуулж байгаа вэ?

- Манай улсын эрүүл мэндийн салбарыхан олноор өвдөж байгаа нь үнэн. Үнэхээр монгол хүний тэсвэр тэвчээрийг гаргаж байж манай эмч сувилагч ба эмнэлгийн аж ахуйн ажилчид ажиллаж байж урьд урьдын хүнд давалгааг давсан энэ давалгааг ч бид тэгж давна гэж найдаж байна. Олон эмч сувилагчид өөрсдөө халдвар авсан ч улаан бүсэд ажиллаж байна. Хүний нөөц дээр 1000 гаран резидент эмч нар мөн МУЗН сайн дурыхан ажиллаж байна.

Манай улсын вакцины нөөц болон иргэдийн IV тунгийн хамрагдалт хэр байна вэ?

Манай засгийн газраас вакцины хангалтыг эрчимтэй хийж вакцины өргөн  сонголтыг  олгосон нь манай улсын Ковидтой тэмцэхэд хамгийн чухал зэвсэг болсон. Улмаар манай улс томоохон давалгаануудыг  хохирол багатай даван туулсан. 2022 оны Арванхоёрдугаар сарын 31 байдлаар Их Британи, Итали, АНУ зэрэг улсууд 1 сая хүндээ 2200 орчим нас баралт бүртгэгдсэн нь манайхаас 3 дахин өндөр байна. Манай улсад 1 сая хүнд 660 орчим нас баралт бүртгэгдсэн ба нас баралт бага байхад вакцины хамралт сайн, өрхийн тусламж сайн, орны тоог хангалттай байсан нь нөлөөлсөн. Одоогоор IV тунд 60.800 хүн , III тунд 98.8000 хүн хамрагдаад байна.

Цар тахал Омикроноор дуусаж энэхүү вирус томму төст вирус болон хувирч байгааг олон эрдэмтэд зарлаж байна. Аливаа вирус эволюц хөгжлийн явцад хурдан тархах хөнгөн өвдүүлэх чадвартай болж оргилдоо хүрдэг. Хүнд өвдүүлдэг бол эзэн бие нь үхээд олон хүнд халдааж чаддагүй талтай тийм учраас хөнгөн өвдүүлж шинж тэмдэг сул байж эзэн бие нь гадуур явж олон хүнд тараах боломжтой чиглэл рүү мутацид ордог гэж үздэг . Тийм учраас цар тахал ингээд дуусаж байна гэж үзэж байгаа эрдэмтэд бий. Гэхдээ вакцингүй хүмүүс хөнгөн өвдөх магадлал бас л бага байгааг анхараах ёстой.

Халдварт өртсөн хүмүүс хэд хоногийн дараа ажилдаа орж болох вэ?

Эрүүл мэндийн сайдын тушаалаар Омикрон давалгааны үед хэрхэн тусгаарлахыг зохицуулсан байгаа. Ер нь шинж тэмдэг анх эхэлсэнээс  хөнгөн өвдсөн бол 5 хоног гэрээр, хүнд бол 7 хоног, маш хүнд өвдсөн бол 10 хоног тусгаарлана. Гол нь шинж тэмдэггүй болсон байх ёстой ажилдаа орохын өмнө. Хүнд өвдөх тусам  эдгэсний дараа ПГУ шинжилгээ удаан эерэг байгаа, тухайлбал маш хүнд өвдсөн хүмүүст 12 долоо хоног хүртэл эерэг байгаа. Өөрөөр хэлбэл үхсэн вирусны РНХ уураг бас ПГУ дээр илэрдэг тул халдваргүй хүн ч эерэг гарах тал бий.  Харин хурдавчилсан тест вирусын сэртэнгийн уургийг илрүүлдэг тул яг халдвартай хүнийг илрүүлдэг гэж ойлгож болно.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих