ДЭМБ “COVID-19”-өөр халдварласан хүмүүст 14 хоног тусгаарлагдахыг үргэлжлүүлэн зөвлөж байна

оруулсан Алсын Хараа

 /Xinhua/. “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн дийлэнх нь 5-7 хоногийн дотор эдгэрч байгаа ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 14 хоног тусгаарлагдахыг үргэлжлүүлэн зөвлөж байна гэж тус байгууллагын төлөөлөгч Абди Махамуд мягмар гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.

"Гэхдээ улс орнууд халдварын нөхцөл байдлаа харгалзан тусгаарлалтын хугацааг шийдвэрлэх хэрэгтэй. Өвчлөл бага байгаа орнуудын хувьд тусгаарлалтын хугацаа урт байх нь халдварын тохиолдлыг цөөн байлгана. Харин өвчлөл эрс нэмэгдэж байгаа орнуудад аливаа салбарын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тусгаарлагдах хугацааг богиносгох нь үндэслэлтэй юм” гэж тэрбээр нэмж хэлжээ.

ДЭМБ-ын мэдээллээр, 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар “омикрон” хувилбар 128 улс оронд илрээд байна. Өмнөд Африкт халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байсан ч сүүлийн үед харьцангуй хурдацтай буурч байгаа бөгөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд, нас барсан тохиолдлын тоо бага хэвээр байна. Гэвч А.Махамуд бусад улс орнуудад  нөхцөл байдал адилгүй байгааг онцолжээ.

Үүнээс гадна сүүлийн үеийн судалгаанууд “омикрон” хувилбар уушгинаас илүү амьсгалын дээд замд нөлөөлдөг бололтой байгааг харуулж байгаа нь сайн мэдээ боловч өндөр эрсдэлтэй хүн ам, вакцинд хамрагдаагүй хүмүүс хүндээр өвчлөх эрсдэлтэйг сэрэмжлүүлсэн байна. Түүний  мэдээлснээр, “омикрон” хувилбарын тархалт ойрын долоо хоногт бусад хувилбаруудыг гүйцэх төлөвтэй байна.

Тухайлбал, Данид “алфа” хувилбараар халдварласан тохиолдлын тоо хоёр долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж байсан бол “омикрон” хувилбарынх ердөө хоёр хоногт хоёр дахин нэмэгджээ. “Дэлхий дахин халдварлах чадвар ийм өндөр вирусийг урьд өмнө нь үзэж байгаагүй” гэж А.Махамуд ярьсан байна.

ДЭМБ-ын Дархлаажуулалтын стратегийн зөвлөх шинжээчдийн бүлэг нэгдүгээр сарын 19-нд хуралдаж, нөхцөл байдлыг үнэлэхээр товлоод байна. Энэхүү хэлэлцүүлгээр нэмэлт тунг тарих хугацаа, вакцинуудыг хольж тарих, ирээдүйд гарган авах вакцинуудын найрлага бүтэц зэрэг сэдвээр хэлэлцэх төлөвтэй байна.

Сэтгэгдэл бичих