Шинжлэх ухааны академи /ШУА/-тай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд академич Б.Чадраа, Ч.Цэрэн, Ч.Далай нарын хувийн сан хөмрөгийг Үндэсний төв архивд хүлээн авсан /2021.12.30/ байна.
Төрийн архивын сан хөмрөгийн нөхөн бүрдүүлэлтийн эх үүсвэрийн нэг нь хувь хүний амьдрал, үйл ажиллагааны явцад үүссэн улс төр, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, түүх, танин мэдэхүйн ач холбогдолтой баримтуудаас бүрддэг.
Энэ удаа Судар бичгийн хүрээлэнгийн 100 жил, Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойн хүрээнд Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Баатарын Чадраа, академич Чойдогийн Цэрэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавьяат зүтгэлтэн, Академич Чулууны Далай нарын хувийн гаралтай баримтаар Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулж, тэдний амьдрал, үйлсэд холбогдох баримт бичиг, гэрэл зураг, эд өлөг, дурсгалын зүйлээс бүрдсэн үзэсгэлэнг дэлгэлээ.
Хөмрөг хүлээн авах үйл ажиллагааны үеэр Архивын ерөнхий газар, ШУА-ын Түүх угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Академич Б.Чадраа нь цөмийн физик, нарны эрчим хүч, электрон-техник, эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад дотоодод хэвлүүлсний дотор цөмийн гаж бөөмс үүсэх процесс, лямбада-этта, К0 К0-зэрэг гаж бөөмс-резонансийг анх олж ажиглахад оролцсон бүтээлүүд, асар их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй мөргөлдөх процессыг газар дээр болон сансарт судалсан бүтээлүүд, нар салхи био, гео энергийг ашиглах судалгаа, туршилтууд, зохион бүтээсэн багаж төхөөрөмжүүд, Монголын хөдөөгийн малчдыг гэрэл, радио, телевизтэй болгож нар салхины эрчим хүчээр цахилгаанжуулах технологи, зохион бүтээсэн төхөөрөмжүүд, Монгол Улсын үндэсний хөгжлийн хөтөлбөр “Оюунлаг Монгол” /2008-2021 он/, Монголын үндэсний нэвтэрхий толь /3 боть/, Монголын байгаль орчны нэвтэрхий толь зэрэг 320 гаруй бүтээлийг туурвижээ.
Харин академич Ч.Цэрэнгийн эрдэм шинжилгээний зохиол бүтээлээс дурдвал, Д.Түвдэндорж, Н.Далхжав нарын хамтран “Тулгуур физик” эмхэтгэл, “Хүрээлэн буй юмсын квант ойлголт”-1984 он. Х.Намсрайн хамт, “Газрын хөлдөлт ба гэсэлтийн математик загвар”-1985 он З.Омбоо, О.Ганболд нарын хамт, “Интеркосмос цогцолборын судалгааны дүн шинжилгээний асуудал”-1986 он, “Бөөмс, цөмийн бүтэц, үйлчлэлийн асуудалд” 1983 он зэрэг бүтээл ордог.
Академич Ч.Далай нь Монгол Улсаас БНХАУ-д суралцсан анхны монгол оюутны нэг бөгөөд Монголын дундад зууны түүхийн нэрт эрдэмтэн юм. Тэрбээр "Монголын Бөө мөргөлийн товч түүх”, “Юань гүрний үеийн Монгол”, “Хамаг Монгол Улс 1101-1206”, “Их Монгол Улс 1206-1368, “Юань гүрний үеийн Монгол” зэрэг нэгэн сэдэвт бүтээл туурвиснаас гадна, эрдэм шинжилгээний 100 гаруй өгүүлэл, илтгэл нийтлүүлжээ.
Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Баатарын Чадраа нь Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутаг “Ороох” хэмээх газар 1939 оны 3 дугаар сарын 24-ний өдөр малчин ард Баатарын 8 дахь хүүхэд болж төржээ. 1947-1954 онд Мөрөн багийн бага сургууль, Цэцэрлэг хотын нэгдүгээр 10 жилийн 7 дугаар анги, 1954-1957 онд Улаанбаатар хотын лаборатори нэгдүгээр дунд сургуулийн 10 дугаар анги, 1957-1963 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн физикийн ангийг төгссөн. 1975 онд Монгол Улсын ШУА-ийн гишүүнээр сонгогдсон. Боловсролын доктор, ШУ-ны доктор, профессор цол зэрэг хүртсэн байна.
Хиад овогтой Чойдогийн Цэрэн нь 1940 оны 04 сарын 21-нд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт “Долоод” гэдэг газарт төрсөн. 1958 онд Улаанбаатар хотын 10 жилийн 1-р дунд сургууль, 1959-1965 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг тус тус дүүргэжээ. 1970 онд ШУ-ны дэд доктор, 1980 онд ШУ-ны доктор цол хүртсэн.
Шангас овогт Чулууны Далай нь 1930 онд Ховд аймгийн Зэрэг суманд ард Чавхаагийн 3 дугаар хүү болон төрж, 5 настайдаа авга ах Чулуунд өргөгдсөн. 1940 онд Зэрэг сумын бага сургууль, 1944-1947 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургуульд сурч, 7 дугаар ангийг онц дүнтэй төгсөж, сургуульдаа багшаар ажилласан. 3 жил багшлаад 1950 онд Монгол Улсын их сургуулийн түүхийн анги, 1952 онд БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн түүхийн ангид дэвшин суралцаж, түүхч, дорно дахины судлаач мэргэжлээр төгссөн. 1970 онд Түүхийн ухааны дэд доктор, 1986 онд Түүхийн шинжлэх ухааны доктор, 1990 онд профессор цол тус тус хүртсэн.