ЗАЛУУ ҮЕИЙНХЭНД НЭМЭЛТ ТУНГААР ДАРХЛАА ТОГТООХ НЬ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛАХ ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

оруулсан Алсын Хараа

Дэлхий дахинд Ковид-19 цар тахал  эхэлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Эхний жил Ковид-19 вирусийг судлахад дэлхийн эрдэмтэд санаагаа чилээсэн бол сүүлийн нэг жил вирусийн эсрэг вакцин гаргаж авсан билээ.

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тун тариулахад бүрэн дархлаа тогтоно гэж эрдэмтэд зөвлөж байсан боловч гурав дахь тун буюу “booster shot”-ыг санал болгож байна. Вакцины нэмэлт тун тариулах нь чухам ямар ач холбогдолтой хийгээд халдвараас хэрхэн хамгаалж болох судалгааны дүнг танилцуулжээ.

АНУ, Израйль зэрэг улс орнуудад коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунг тариулахыг ард иргэддээ хэдийнэ уриалаад эхэлсэн. Иргэд ч нэмэлт тунд хамрагдсанаар халдвар авах эрсдэл, өвчлөл буурч байгаа тухай мэдээлэл авч байна. Израйль улсад 60 болон түүнээс дээш насныханд дөрөв дэх тун вакцин тарихыг зөвлөж эхэлжээ. Мөн Австрали зэрэг зарим улсад 5-11 насны хүүхдүүд вакцинжуулалтад хамрагдах болсон байна.

Израйлийн эрх баригчид вакцины гурав дахь тунг тарьснаар ковидын эсрэг дархлаа нэмэгдэж, халдварын тархалтыг бууруулж, иргэдийн амь насыг аварч чадаж байгаа гэдгийг мэдэгджээ. Нэн ялангуяа ахмад настнуудын дунд нас баралт буурсан бол дундаж насныханд халдварын тархалт буурч байгааг судалгаагаар харууллаа.  Мөн нэмэлт тун тариулсан 16-29 насны залуус шинээр халдвар авахаас хамгаалагдаж байгаа ажээ.

Израиль улсад энэ намар халдварын тархалт эрс нэмэгдсэн. Энэ үеэр Файзер-БиоНТек компаниудын үйлдвэрлэсэн вакцины гурав дахь тунд хамрагдсан 50-аас доош насны насанд хүрэгчид халдвар авах эрсдэл нэмэлт тунд хамрагдаагүй иргэдээс 13 дахин бага байжээ. Мөн нэмэлт тунд хамрагдсан 50 болон түүнээс дээш насныхан нэмэлт тунд хамрагдаагүй иргэдтэй харьцуулахад шинээр халдвар авах эрсдэл 10 дахин бага байгааг судлаачид тогтоожээ.

Үүгээр зогсохгүй нэмэлт тун тариулсан 60 болон түүнээс дээш насныхан коронавирусээр халдварласан тохиолдолд хүндээр өвдөх эрсдэл нэмэлт тунд хамрагдаагүй уг насны өвчтөнүүдтэй харьцуулахад хамаагүй бага байв. Тиймээс нэмэлт тунд хамрагдсан өндөр настнууд цар тахлын улмаас нас барах тохиолдол эрс буурсан байна.

Хоёр дахь судалгаанд 50 болон түүнээс дээш насны нэмэлт тунд хамрагдсан иргэдийн нас барах тохиолдол найман долоо хоногийн хугацаанд нэмэлт тунд хамрагдаагүй иргэдтэй харьцуулахад 10 дахин буурсан гэдгийг харуулжээ. Дээрх судалгааг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Шинэ Английн Анагаах ухааны сэтгүүлд нийтэлсэн байна.

Энэ үед коронавирусийн омикрон хувилбар улс орнуудад хурдтай тархаж байгаа ч америкчууд нэмэлт тун тариулах эсэхдээ эргэлзсээр л байна. Гэвч сүүлийн үед хийгдэж байгаа шинэ судалгаанууд нэмэлт тун маш том өөрчлөлтийг авчирна гэдгийг батлан харуулж байна.

Хэрэв вакцины нэмэлт тунд иргэдийг өргөнөөр хамруулж чадвал халдварын тархалтыг сааруулж, нэн ялангуяа ахмад настнуудын дунд хүндээр өвдөх, нас барах эрсдэл буурна гэдгийг судлаачид зөвлөж байгаа юм. Дээрх судалгааг хийсэн эрдэмтэд судалгааны дүн улс орнуудад нэмэлт тунгийн хүртээмжийг өсгөнө гэж найдаж байна.

Израиль, АНУ-д халдварын тархалт огцом нэмэгдсэн нь дельта хувилбар тархсантай холбоотой гэж үзсэн. Гэвч эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд дельтагийн орыг омикрон залгаж, илүү хурдтай өргөн хүрээнд тархаж болзошгүй гэдгийг сэрэмжлүүлж байгаа юм.

Файзер/ БиоНТек компаниудын зүгээс тэдний үйлдвэрлэсэн вакцины хоёр тун тарилга омикрон хувилбарын халдвараас үр дүнтэй хамгаалж чадахгүй байж магадгүй хэмээн мэдэгджээ. БиоНТек компанийн гүйцэтгэх захирал доктор Угур Сахин “Вакцины нэмэлт тун дэлхий дахиныг омикрон хувилбараас хамгаалж, өвлийн улирлыг өнтэй давахад тусалж магадгүй” хэмээн ярьсан байна. Америкийн Файзер болон Германы БиоНТек компаниуд омикроны эсрэг тохирох вакциныг 100 хоногийн хугацаанд гаргаж авна гэдгээ мэдэгдээд байгаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены цар тахлын үеийн ахлах зөвлөх доктор Энтони Фаучи Файзер компаниас ирүүлсэн вакцины талаарх урьдчилсан мэдээ бага зэрэг тайвшрахад тусалж байна гэжээ. Үнэн хэрэгтээ АНУ-ын эрүүл мэндийн салбарын ажилтнууд Израиль улсын цар тахалтай тэмцэж буй туршлагыг судалж, ихээхэн ач холбогдол өгсөөр байна.

Арван сая хүрэхгүй хүн амтай Израиль вакцинжуулалтыг идэвхтэй явуулж, дархлаа тогтоох алхмыг түрүүлж хийсэн улс орнуудын нэг. Тус улсын Засгийн газар өнгөрсөн зуны долоодугаар сарын 30 гэхэд 60 болон түүнээс дээш насныханд вакцины гурав дахь тунг тарьж эхэлсэн.

Эрдэмтдийн зүгээс залуу үеийнхнийг вакцины нэмэлт тунд хамруулж, дархлаа тогтоох нь нийтийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Израилийн Вейзманны Шинжлэх ухааны хүрээлэнгийн хийсэн судалгаанд “Нэмэлт вакцины тун нь зай барих, тусгаарлалтад оруулах зэрэг зардал чирэгдэл ихтэй аргуудыг халж, тархалтыг хянах шинэ арга байж ч магадгүй” гэдгийг онцолжээ.

Сэтгэгдэл бичих