Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын талаар мэдээллээ. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлдэг манай улсын нефть бүтээгдэхүүн, шатахууны хэрэглээний нийт 90 гаруй хувийг төмөр замаар тээвэрлэдэг. Үүнийг төрийн болон төрийн бус, мэргэжлийн байгууллагын экспертийн шинжээчид шинжилж хянадаг.
Тэгвэл чанаргүй буюу гарал үүсэл нь тодорхой бус шатахууныг баруун бүсийн хилээр, тодруулбал, Баян-Өлгий, Ховд аймаг дахь хилийн боомтоор оруулж ирж буйд анхаарч, тогтмол хянаж шалган шинжилж байх хэрэгтэй гэдгийг мэдэгдлээ. Сүүлийн үед шатахууны үнэ нэмэгдсэн, мөн чөлөөлсөнтэй холбоотойгоор чанаргүй шатахууны нийлүүлэлт ихэсч байна гэсний дагуу тус холбооноос судалж үзэхэд дээрх байдал бий болоод байна гэв.
Шатахуунд хольж нэрж чанаргүй, хуурамч бүтээгдэхүүн бий болгодог гэх керосин, нафтаг хилээр оруулж ирэх тоо хэмжээ энэ онд 30-40 дахин багассан. Тодруулбал, керосин 3300 тонн импортолсон бол нафта бүтээгдэхүүнийн хувьд нэг ч кг, нэг тонн ч улсын хилээр орж ирээгүй, нэвтрээгүй талаар гаалийн байгууллагын мэдээллийг иш татан хэлж байв. Нефтийн дагалдах дээрх хоёр бүтээгдэхүүнийг 2020 оноос эхлэн татвартай болгосон. Зориулалтаар нь хэрэглэх үүднээс 7 компанид импортын зөвшөөрөл өгчээ.
Хэвлэлийн бага хуралд Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбоо болон Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн хорооны төлөөлөл оролцож мэдээлэл хийв. Эцэст нь тэд шатахууны нийлүүлэлт, тээвэр, түгээлтэд хийж буй хяналт шалгалтад ТББ-уудын төлөөллийг хөндлөнгөөс оролцуулах санал тавив. Чанаргүй шатахуунтай холбоотой санал гомдол тус холбоонд ирдэг. 2 жилд 2000 гаруй гомдол ирсэн. Хамгийн их хохиролтой нь Завхан аймгаас бензин хийгээд нийслэл рүүү явж байсан “Тоёто Ланд-200” маркийн машинын жолооч 12 сая төгрөгөөр хохирсон. Замдаа бензин насос нь шатаж улмаар хот руу чирч авчрах зэргээр хохирсон. Тухайн ШТС-аас авсан шатахууны дээжийг шинжилж үзсэнээр чанаргүй бензинээс болсон нь тодорхой болж байсан.