Олон жилийн турш монголчуудын ярианы сэдэв болоод байсан Оюутолгой төслийн 34 хувийг Монголын ард түмэн үнэ төлбөргүй эзэмшүүлэх саналыг “Рио Тинто” компанийн зүгээс Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд тавьсан мэдээ олны анхаарлыг татаад байна. Эдийн засгийн ач холбогдлын хувьд Монгол Улс, Монголын ард түмний хувьд алдаж болохгүй боломж. Нөгөө талаасаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэнийн хувьд Монгол Улсын түүхэнд үлдэх боломж. Хэрэв энэ боломжийг сайн ашиглавал гурван сайн, ашиглахгүй бол гурван саар үр дагавартай юм.
Сайн нь энэ алтан боломжийг ашиглавал “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн өрийг тэглэсэн” гэж түүхэнд бичигдэнэ. Гэхдээ нэг Ерөнхий сайд түүхэнд сайн муугаар бичигдэх нь ч дүүрч. Хамгийн гол нь Монгол Улсын хувьд олон жилийн турш хүзүүг нь багалзуурдах өрийн дөнгөнөөс салах юм.
Социализмын 70 жилийн түүхэнд барьсан байшин, үйлдвэр, сангийн аж ахуй, зам, цахилгаан станц гээд “социализмын их бүтээн байгуулалт” гэх бүх зүйлийг тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс нарийн бүртгэж үлдсэн байдаг. Ийнхүү 1990 онд нийт 11 тэрбум шилжих рублийн Их өрийг Монгол улс өмнөх нийгмээс өвлөн авч ОХУ-д төлөх үүрэгтэй үлдсэн. Зах зээлийн ханшаар хэдэн тэрбум доллартай тэнцэх энэ их өрийг Ерөнхий сайд асан Н.Энхбаяр нэг удаадаа 250 сая доллар шилжүүлэх замаар 2004 оны босгон дээр тэглэсэн байдаг.
Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд 2.3 тэрбум долларын өнөөгийн өр, ирээдүйн 23 тэрбум долларын Их өрийн дөнгөнөөс Монгол Улсаа салгах түүхэн гавьяа үйлдэх боломжтой гэсэн үг.
Харамсалтай нь, МАН-ын популистууд албан тушаалын шантааж хийн, хувийн улс төрөөр айлган сүрдүүлж байгаад энэхүү түүхэн боломжийг алдагдуулбал Монгол Улс өртэй үлдэнэ.
Өртэй хүн өөдөлдөггүй гэж үгтэй. 2014 онд Монголбанк Хятадын төв банкнаас 15 тэрбум юань буюу 2.5 тэрбум доллар зээлж, тэрхүү зээлээ өнөөдрийг хүртэл төлж чадаагүй яваа. Яг аминд тулсан үед энэ өрийн төлөөсөнд Монгол улс юугаа өгч таарах вэ?
Тэгэхээр өртэй байснаас өргүй байсан нь аль ч утгаараа дээр. Бусад улсад ч бай, гадны компанид ч бай өргүй л байвал сайн. Өртэй хүн эрх чөлөөгөө бусдад хязгаарлуулдаг. Улс орон ч ялгаагүй. Улс орноо өргүй болгох боломж энэ Ерөнхий сайд, энэ Засгийн газар, энэ УИХ-д байна.
Хоёрт, “Рио Тинто” бол гуравдагч хөрш гэж нэрлэгддэг барууны орнуудаас Монголд үлдээд байгаа сүүлийн ганц томоохон хөрөнгө оруулагч. Өнөөдөр үндсэндээ Монголыг барууны орнууд бага зэрэг ч гэсэн тоож байгаа үндсэн шалтгаан. Виз өгч, тэтгэлэг өгч, вакцин хүртэл өгөөд байгаа нь ардчилсан гэдгийг нь тоосноосоо илүү өөрийн мөнгөндөө санаа зовж, өөрийн эрх ашгаа бодож байгаагийн л илрэл.
Ганц “Рио Тинто” гэлгүй эдгээр орнуудын томоохон банк, хөрөнгө оруулалтын сангууд “Оюу толгой” төсөлд маш их мөнгө оруулсан байгаа учраас өөрийн эрхгүй хөрөнгө мөнгөнийхөө төлөө санаа зовж Монголд туслах үедээ туслаж, хоёр хөршөөс нь өмөөрөх хэрэгтэй бол өмөөрнө. Харин “Рио Тинто” байхгүй бол Монголын хойноос яваад байх ч үгүй.
Тэгэхээр хэрэв энэ удаа эвээр тохирч асуудлаа зохицуулж чадвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ хүрч чаддаг гэдгийн нотолгоо болно. Ардчилсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын Монголд алдарсан итгэл сэргэнэ. Хоёрдугаар сайн тал нь энэ.
Ингэхээр ардчиллын үнэлэмжийг мэдэрдэггүй, ямар их үнэ цэнээр Монголын тусгаар тогтнол олдсон гэдгийг ойлгохгүй зарим нь “энэ муу “Рио Тинто”-оо яадаг юм, хөөгөөд явуул” гэх байх. Гэхдээ “Рио Тинто” явлаа гэхэд оронд нь орж ирэх хүмүүс хятадууд л байна.
Барууны компанийг хөөж явуулахаар оронд нь Хятадын компани орж ирдэг жишээ Монголд олон бий. Канадын “Вестерн проспекторз” гэдэг компанийн ураны лицензийг түдгэлзүүлэхэд оронд нь Хятадын Цөмийн Энергийн Үндэсний Корпораци орж ирсэн байдаг. Өмнөговьд нүүрсний томоохон ордтой “Саус Гоби Сэндс” гээд компанийг хөөж гаргаад Хятадын Хөрөнгө оруулалтын Корпорацид зарсны дараа явуулсан байдаг. Сүхбаатарын полиметаллын орд гэж байдаг. Хятадын хөрөнгө оруулагч орж ирэхдээ зээлээ эргээд төлөх юм бол Монголын төр 51% авна гэсэн гэрээтэй. Бараг 20 жил болоод байхад зээлээ эргэж төлж дуусдаггүй нь маш хачирхалтай.
Энэ бүгдийг хэлэхээр “Рио Тинто” хаачих ч үгүй, ийм том ордоо хаяад явахгүй, хятадуудаар монголчуудыг айлгаж байна” гэх нь бий. Гэтэл аргадаад дийлдэггүй монголчуудтай аргыг нь олдог хятадууд учраа олно биз гээд “Туркуоз Хилл” компанийн 4 хүртэл хувийг, бүр хорь, гучин хувиа зарахад болно. Харахад гэрээгээ зөрчөөгүй өөрсдөө эзэн хэвээрээ байгаа юм шиг боловч яг мөн чанартаа хятадууд бүх зүйлийг шийднэ..
Хүний эрх, ардчилалаа бодсон ч, Монгол улсын геополитикийн нөхцөл байдлыг бодсон ч тэр Хятад, Оросын хажуугаар өөр түншүүдтэй байх нь чухал. Харин барууны сүүлийн хөрөнгө оруулагчаа “хүнд боловч эцсийн санал шүү” гээд сануулаад байхад улам цааш нь буланд шахах юм бол монголчуудын аргыг нь олдог хүмүүстэй нь нийлээд явах байх.
Гуравт, 34%-ийг үнэгүй авна гэдэг Монголын тал ногдол ашгаа авах цагаа ойртуулна гэсэн үг. Хэрвээ зэсийн үнэ өнөөдрийн адил 9000-10000 ам. долларын хооронд хэлбэлзээд байвал ойрын жилүүдэд “Оюутолгой” ХХК өөрийн өр зээлээ төлж дуусаад Монгол Улс болон бусад хөрөнгө оруулагчид ногдол ашгаа авч эхэлнэ. Энэ бол аль ч талаас нь харсан сайн тал.
Монгол Улсад үнэ төлбөргүй 34 хувийг өгье гэж “Рио Тинто” санал болгоод байгаа нь нэг их сайхан сэтгэл гаргаж байгаа юм биш. Угаасаа хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компани өөрийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг бодох үүрэг дүрэм журамтай болохоос хэн нэгний сайн сайхныг боддог буяны байгууллага биш.
Хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдээд байгаа нь “Рио Тинто”-гийн менежментийн алдаа байсан гэж Монголын талын хийлгэсэн бие даасан дүгнэлтээр тогтоогдсон. Хэдий “Рио Тинто” уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй урьдчилан харах боломжгүй геотехнологийн нөхцөл байдлаас үүдэлтэй гэж үзэж байгаа ч энэ асуудлын үнэн зөвийг шүүхээр тогтоолгоход маш их цаг, хөрөнгө мөнгө орно.
Гэтэл олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, үүнээс нилээд хэсгийг нь зээлээр авсан “Рио Тинто”-д цаг алдаж хүү төлж явснаас Монголын 34 хувьд нь ногдох 2.3 тэрбум ам. долларын өрийг тэглээд маш түргэн далд уурхайн олборлолтоо эхлэх нь санхүүгийн хувьд ашигтай. Олон тэрбум долларын хөрөнгө оруулаад, түүнийхээ хүүг төлөөд явж байгаа тэдэнд дахиж цаг алдах нь Монголын өрийг тэглэхээс илүү алдагдалтай болоод байгаа.
Техникийн ч бай, менежментийн ч бай алдаа нэгэнт гаргасан айл аргаа бараад эцсийн саналаа өглөө. Дахиж ийм боломж гарах ч үгүй байж мэднэ.
2024 оны сонгууль дөхөөд ирмэгц улс төрийн өрсөлдөгч нар нь өөрсдөө асуугаад эхэлнэ. Өнөөдөр энэ өрийг тэглэх ёсгүй гэж ярьж байгаа хүмүүс МАН, түүний Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг “ардын баатар” болгох сонирхолгүй байгаа нь ойлгомжтой. Яг л Их өрийг тэглэхэд хэлж байсан шигээ улам өдөөж байгаад аль аль талыг нь буцах замгүй буланд шахаж тохиролцоог нураах гэж зүтгэнэ. Тэгээд л маргаашнаас нь “яагаад энэ өрийг тэглэсэнгүй вэ?, айлын талаас авлига аваад дуугаа хураасан уу?, яагаад гадны хөрөнгө оруулагч нарыг хөөв, яагаад ногдол ашгаа авах байсныг болиулав, хэний ашиг сонирхолд хөтлөгдөж энэ тохиролцоог нураав” гээд гал ноцоож эхэлнэ.
Сайнаар хэлвэл гавъяа байгуулж, саараар хэлвэл тэнэж яваад тэг дундуур нь орох гэнэтийн боломж гарлаа. Харин өнөөдөр энэ түүхэн боломжийг бид шүүрээд авах уу, айгаад хаях уу гэдэг дээр л гол асуудал үлдээд байна.
Эх сурвалж: News.mn