Т.Баярхүү: Эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барих үүднээс тодорхой хязгаарлалт тогтоохыг үгүйсгэхгүй

оруулсан Алсын Хараа

УОК өнөөдөр хуралдаж, гадаадаас ирж буй бүх иргэнийг зочид буудалд 3 хоног тусгаарлах тогтоол баталсан байна.

Энэ талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэвлэлийн хурал хийлээ.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү, “Гадаадаас ирж буй бүх зорчигч 72 цагийн дотор өгсөн коронавирусний шинжилгээний сөрөг хариутай байх ёстой. Ирсэн даруйд нь хилийн боомтод дахин шинжилгээ авна. Ингээд зочид буудалд тусгаарлаад гурав дахь хоногт нь дахин шинжилгээ авч, хариу нь сөрөг гарвал тусгаарлалтаас гаргана. Омикрон хувилбар дэлхийн 103 улсад тархаад байгаа бөгөөд Монгол Улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал гэж үзэж байгаа учраас эрсдэлийг бага хохиролтой даван туулахыг зорьж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, “Гадаадаас ирж байгаа иргэн PCR шинжилгээгээр коронавирусний халдвартай нь тогтоогдвол хувилбарын тандалт хийдэг. Хувилбарын тандалтыг хоёр хувилбараар хийдэг. Гэхдээ Омикрон хувилбар 30 гаруй удаа мутацид орсон. Үүнд нь Альфа болон Делта хувилбарт байдаг мутаци ч бий. Тиймээс Омикрон мөн эсэхийг генийн дарааллаар тогтоодог юм. Генийн дараалал тогтоох шинжилгээ лабораторийн маш олон үе шаттай байдаг тул хариу нь 8-10 хоног зарцуулдаг. Ингээд лабораторийн үе шат дууссаны дараа генийн дарааллыг угсарч тогтооход 7 хоногийн хугацаа шаарддаг. Ингээд шинжилгээний хариуг баталгаажуулахын тулд дээжийг Япон улс руу явуулж дахин шинжлүүлдэг. Үүний дараа эцсийн хариу гардаг тул Омикроныг тодорхойлоход хугацаа их шаардаж байгаа. ХӨСҮТ-өөс долоо хоног тутам гаргаж буй тоймоос үзэхэд Монгол Улс коронавирусний гуравдугаар давалгаа буюу Делта хувилбарын ард гарч байна” хэмээв.

Монгол Улсын холбогдох байгууллагууд Омикрон хувилбарын эрсдэлийн үнэлгээ хийсэн байна. Уг үнэлгээгээр Омикрон хувилбар Монгол Улсад тархах өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан гэдгийг УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү хэвлэлийн хурлын төгсгөлд онцлов. Засгийн газар, УОК-оос хатуу хөл хорио тогтоохгүй байх, аж ахуйн нэгж байгууллагууд хэвийн ажиллах боломжийг бүрдүүлэхийг зорьж байгаа. Гадаадын улс орнууд Омикрон хувилбар огцом тархаж, зарим хотууд хөл хорионы дэглэм тогтоож эхэлсэн байна. Тиймээс УОК-оос нөхцөл байдлын үнэлгээг нарийвчлан хийж, халдвар огцом давалгаа явсан тохиолдолд эмнэлгийн ачааллыг зохих түвшинд барих үүднээс тодорхой хязгаарлалт тогтоохыг үгүйсгэхгүй гэдгийг мөн дурдсан юм.

Ташрамд дурдахад, КОВИД-19-ийн Омикрон хувилбарыг ДЭМБ өнгөрсөн сарын 26-нд анхаарал татсан аюултай хувилбарт бүртгэсэн. Одоогоор уг хувилбар 103 оронд тархаад байна. Өнгөрсөн сарын 27-ноос хойш хилийн чанадаас ирсэн 5600 орчим иргэнийг шинжилгээнд хамруулж Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ. Үүнээс боомт дээр коронавирусний 180 тохиолдол, гэрийн тусгаарлалтад байсан иргэнээс 37 тохиолдол илэрсэн байна.

Сэтгэгдэл бичих