ВАШИНГТОН. /CNBC/. Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зөвлөх О.Батбаяр вакцинжуулалтын хөтөлбөр, эрүүл мэндийн тогтолцооны талаар Америкийн “CNBC” телевизэд ярилцлага өгчээ.
Монгол Улс нь ОХУ, БНХАУ, Энэтхэгээс, мөн “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан “COVID-19”-ийн вакцин хүлээн авсан юм. Насанд хүрсэн хүн амынх нь 95 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад буй тус улсад “COVID-19”-ийн нас баралтын түвшин 0.5 хувьтай байна. Мөн одоогийн байдлаар хүн амынх нь 20 гаруй хувь нь вакцины нэмэлт тунд хамрагдаад байна.
-Монгол Улс “COVID-19”-ийн вакцин, цар тахалтай тэмцэх тусламжийг олон улс орноос хүлээн авсан. Цаашид шаардлагатай тохиолдолд тусламж болон нэмэлт вакциныг үргэлжлүүлэн хүлээн авах боломжтой гэдэгтээ та итгэлтэй байна уу?
-Үүнд бид итгэлтэй байна. Бид вакцины хангалттай нөөцтэй байгаа. Тодруулбал, гурван сая дөрвөн зуун мянга гаруй хүн амтай манай улс долоон сая долоон зуун мянган тун вакцины нөөцтэй байна. Түүнчлэн цар тахалтай тэмцэхэд олон улсын тусламжаас гадна Засгийн газрын төсвөөс хангалттай хөрөнгө мөнгийг зориулж байгаагийн сацуу вирусний эсрэг эмчилгээг эрт эхлүүлэх, гэртээ эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Урьдчилсан тооцоогоор, халдвар авсан өвчтөнүүдийн 20-30 хувь нь хүндээр өвчлөх эрсдэлтэй буюу эмнэлгийн тусламж шаардагдах төлөвтэй байгаа ба эмнэлгийн хүчин чадал хангалттай, олон тооны орыг урьдчилан бэлдээд байна. Мөн нас баралтын түвшин 0.5 хувьтай байгаа нь Сингапур, Их Британийнхтай ойролцоо байна.
-Улаанбаатар тэргүүтэй томоохон хотуудаас бусад бүс нутагт, ялангуяа алслагдмал хөдөө орон нутгийн хүн амыг вакцинжуулахад хэр хүндрэлтэй байна вэ?
-Өргөн уудам нутаг дэвсгэртэй Монгол Улсын хувьд хүн амын нягтаршил өндөртэй. Хөдөө орон нутагт амьдардаг малчин иргэдийг вакцинжуулахын тулд бид дархлаажуулалтын томоохон аяныг өрнүүлж байна. Жишээлбэл, малчдыг вакцинд хамруулахын тулд 200 орчим км замыг туулж байна. Ийнхүү орон нутгийн иргэдийг вакцинжуулах асуудал ерөнхийдөө шийдэгдсэн бөгөөд тус бүс нутгийн иргэдийн вакцинжуулалтын түвшин маш өндөр, Улаанбаатарынхаас ч илүү байна. Мөн хөдөө орон нутгийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайн үзүүлж байгаа.
-Хилийн чанадад бизнесийн болон бусад зорилгоор зорчих хүсэлтэй монголчуудад, мөн Монгол руу зорчих хүсэлтэй иргэдэд ямар журам, ямар хязгаарлалт тогтоож байна вэ? Цар тахлын үед тэдгээрийг хэрхэн мөрдөж байна вэ?
-Бид иргэддээ хилийн чанадад зорчихгүй байхыг зөвлөж байгаа. Харин Монгол руу зорчих хүсэлтэй хүмүүсийн хувьд гэвэл бид Африкийн 10 орчим орныг оруулсан улаан жагсаалтыг гаргаад байна. Иймд манай улс руу зорчих хүсэлтэй хүмүүсийн хувьд холбогдох жагсаалттай танилцах хэрэгтэй. Бид хилийн хяналтыг чангатгаад байгаа тул эдгээр асуудлыг шийдэх боломжтой гэж харж байна.