Дэлхийн улс орнуудад "Омикрон" тархсан уу?

оруулсан Алсын Хараа

ОХУ-д “омикрон” хувилбарын тохиолдол илрээгүй

/TASS/. Коронавирусний шинэ хувилбар болох “омикрон” өнөөдрийн байдлаар ОХУ-д илрээгүй байна гэж Роспотребнадзор буюу Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын Тархвар судлалын хүрээлэнгийн хүний ​​өвчнийг оношлох шинэ аргыг боловсруулах эрдэм шинжилгээний бүлгийн дарга Камиль Хафизов ням гарагт сэтгүүлчдэд мэдээлжээ.

“Ням гаргийн байдлаар “омикрон” хувилбар Орост илрээгүй. Үүний зэрэгцээ коронавирусний генийн дарааллыг тогтоох, тэр дундаа саяхан гадаадын орнуудад зорчсон өвчтөнүүдээс сорьц авч тогтоох ажил идэвхтэй хийгдэж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Энэ сарын эхээр Африкийн өмнөд хэсэгт илэрсэн “B. 1.1.529” коронавирусний хувилбарыг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) өнгөрсөн баасан гарагт "омикрон" гэж нэрлэж, "анхааралдаа авах" ангилалд оруулсан билээ. Энэ төрлийн коронавирус нь "олон тооны мутацитай байгаа нь судлаачдын санааг зовоож байгаа юм".

Тухайлбал, өргөс уургийн хэд хэдэн өөрчлөлт нь эмгэг төрүүлэгчийг эсрэг биетэд тэсвэртэй болгосон байж магадгүй бөгөөд энэ нь вакцины үр дүнд нөлөөлж болзошгүй гэж судлаачид үзэж байгаа ажээ.

Одоогийн байдлаар Израил, Бельги, Хонконг, Герман, Их Британи, Итали, Австралид халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. “Омикрон” хувилбарын тархалтын гол голомт нь Африкийн өмнөд хэсэг болоод байгаа бөгөөд хамгийн олон буюу 150 орчим тохиолдол Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад бүртгэгджээ.

Турк улсад “Омикрон” хувилбарын халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна

/Anadolu/. Коронавирусний "Омикрон" хувилбарын халдварын тохиолдол Турк улсад одоогоор бүртгэгдээгүй байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа бямба гарагт мэдэгджээ.

“Коронавирусний шинэ хувилбар улс орнуудад илэрч байгаатай холбоотой мэдээллүүдийг бид анхааралтай ажиглаж байна. “Омикрон” хувилбарын эсрэг эрт арга хэмжээ авсан орнуудын нэг нь манай улс. Турк улсад хамгийн их тархсан хувилбар бол "Дельта" бөгөөд “Омикрон” хувилбар бүртгэгдээгүй” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичсэн байна.

Израил 14 хоног хилээ хаана

/TASS/. Израилын Засгийн газрын коронавирустэй тэмцэх комисс коронавирусний шинэ хувилбар дэгдсэнтэй холбогдуулан гадаадын иргэдэд 14 хоног хилээ хаах шийдвэр гаргажээ.

"Коронавирустэй тэмцэх комиссоос зөвшөөрсөн тохиолдлоос бусад тохиолдолд бүх орны гадаадын иргэдийг Израилд нэвтрэхийг хориглоно" гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар бямба гарагт цахим хуудсандаа мэдээлсэн байна. Уг шийдвэр 11 дүгээр сарын 28-ны ням гаргаас хэрэгжиж эхэлнэ.

Харин гадаадаас буцаж ирэх Израилын иргэд ирэхдээ PSR-ын шинжилгээ өгч, тусгаарлалтын дэглэм сахина. Вакцин хийлгэсэн, халдвар аваад эдгэрсэн израилчууд гурав хоног тусгаарлагдах бол вакцинд хамрагдаагүй иргэдийг коронавирусний хоёр дахь шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд долоо хоногийн турш тусгаарлах аж.

Израилд коронавирусний шинэ хувилбарын анхны тохиолдол баасан гарагт илэрсний дараа тус улсын эрх баригчид Африкийн өмнөд хэсэгт орших бүх улсыг улаан жагсаалтад оруулсан байна. Тус улсын иргэд тусгай зөвшөөрөлгүй тохиолдолд энэ жагсаалтад багтсан улс орнуудад зорчих хориотой юм. Мөн Африкийн эдгээр орноос ирсэн гадаадын иргэдийг Израил руу нэвтрэхийг хориглож, өнгөрсөн долоо хоногт эдгээр орноос ирсэн бүх хүнийг олж, "нэн даруй тусгаарлалтад оруулна" гэж тус улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар мэдээлжээ.

Их Британид “Омикрон” хувилбарын хоёр тохиолдол илэрчээ

/BBC/. Их Британид коронавирусний шинэ хувилбар “Омикрон”-оор халдварласан хоёр тохиолдол илэрсэн талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Сажид Жавид "Sky News" телевизээр бямба гарагт мэдээлжээ.

Халдвар авсан хүмүүсийг гэр бүлийнх нь бүх гишүүний хамт тусгаарласан байна. Халдварын тохиолдлууд Челмсфорд, Ноттингем хотуудад илэрсэн бөгөөд эдгээр хотын хүн амын дунд багцалсан шинжилгээ хийхээр болжээ. "Энэ бол цар тахал дуусах болоогүйг анхааруулсан бодит сануулга юм" гэж Их Британийн Эрүүл мэндийн сайд хэлээд коронавирусний вакцины нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг иргэддээ уриалсан байна.

Өргөс уурагтаа 32 мутацитай коронавирусний “B.1.1.529” гэх шинэ хувилбар Ботсвана болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад /ӨАБНУ/ илэрсэн талаар судлаачид урьд нь анхааруулсан. Уг хувилбар нь илүү халдварлах чадвартай, вакцинд тэсвэртэй байж болзошгүй боловч эцсийн дүгнэлтийг хийхэд эрт байна гэж судлаачдын олонх нь үзэж байна.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлснээр, Өмнөд Африкт шинэ хувилбараар халдварласан зуу орчим тохиолдол илрээд байгаа аж. Түүнчлэн Хонконг, Израил, Бельги, Герман, Чехэд халдварын тохиолдол бүртгэгджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага баасан гарагт хийсэн яаралтай хуралдаанаараа “B.1.1.529” хувилбарыг “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулж, грек цагаан толгойн 15 дахь үсгээр “Омикрон” гэж нэрлэснээ мэдэгдсэн билээ.

Африкийн орнуудад халдвараас сэргийлэх арга хэмжээнүүдээ эрчимжүүлэхийг уриалжээ

/Xinhua/. Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19”-ийн шинэ хувилбар илрээд байгаатай холбогдуулан коронавирусний халдвартай тэмцэх арга хэмжээнүүдээ эрчимжүүлэхийг Африкийн орнуудын эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад уриалжээ.

Өмнөд Африкийн Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн “SARS-COV-2” вирусний шинэ хувилбар болох “B.1.1.529”-ийг илрүүлсэн талаараа мэдэгдсэнээс нэг хоногийн дараа Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв дээрх мэдэгдлийг хийжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг хувилбарыг баасан гарагт “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулсан юм.

“Африкийн орнуудын эрүүл мэндийн байгууллагууд “COVID-19” халдварын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байгааг харгалзан халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг дахин хэрэгжүүлж, хүн амаа дархлаажуулах ажлыг эрсдэлтэй бүлгийн иргэдийг эн тэргүүнд тавин эрчимжүүлэх хэрэгтэй байна” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.

Мөн вакцинууд нь “COVID-19”-өөр халдварлан хүндээр өвчлөх, улмаар нас барахаас урьдчилан сэргийлэх гол хэрэгсэл хэвээр байгааг цохон тэмдэглээд, вакцинжуулалтын аяныг түргэтгэхийг уриалсан байна. Түүнчлэн генийн дарааллыг тогтоох судалгааг эрчимжүүлэх хэрэгтэйг онцолжээ. Африк тивд өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдварын 8 616 912 тохиолдол илэрснээс 8 064 499  хүн эдгэрч, 223 301 өвчтөн нас баржээ.

Бельгид “COVID-19”-ийн шинэ хувилбарын анхны тохиолдол илэрчээ

/Financial Times/. Бельгид “COVID-19”-ийн шинэ хувилбар болох “B.1.1.529”-өөр халдварласан тохиолдол батлагдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайд Фрэнк Ванденбрук баасан гарагт мэдээлжээ. Ингэснээр Европт уг хувилбараар халдварласан анхны тохиолдол бүртгэгдэж байна.

Ф.Ванденбрукийн мэдээлснээр, Египетээс ирсэн иргэнээс цуглуулсан сорьцоос Өмнөд Африкт анх илэрсэн коронавирусний шинэ хувилбар илэрсэн бөгөөд түүний шинжилгээний хариу 11 дүгээр сарын 22-нд эерэг гарсан байна. Тухайн өвчтөн "COVID-19"-ийн вакцинд хамрагдаагүй байжээ.

Саяхан илэрсэн хувилбарын мутациуд нь эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг ихэд түгшээж байгаа ба одоогоор Их Британи тэргүүтэй хэд хэдэн орон Африк тивийн өмнөд хэсгийн орнуудаас ирэх иргэдэд зорчих хөдөлгөөний хязгаарлалт тогтоохоо мэдэгдээд байна. “B.1.1.529” нь “Дельта” хувилбараас хурдан халдварлахаас гадна вакцины хамгаалалтаас зайлсхийх чадвартай болон хувьсан өөрчлөгдсөн байж болзошгүйд судлаачид санаа зовниж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилнүүд одоо “B.1.1.529”-ийг коронавирусний хувилбаруудын аль ангилалд оруулах талаар хэлэлцэж байна. Тус байгууллагын мэдээллээр, одоогийн байдлаар "COVID-19"-ийн шинэ хувилбараар халдварласан 100 орчим тохиолдол бүртгэгдээд байгаагийн дийлэнх нь Өмнөд Африкт илэрсэн хэдий ч Ботсвана, Хонконг, Израил, Бельгид мөн бүртгэгдээд байна.

Эмийн компаниуд вакцинаа шинэ хувилбарын эсрэг туршиж байна

/CNBC/. “COVID-19”-ийн вакцин үйлдвэрлэгч томоохон компаниуд коронавирусний хувьсан өөрчлөгдсөн шинэ хувилбар вакцинуудынх нь үр дүнд хэрхэн нөлөөлж буйг судалж эхлээд байна. Баасан гарагт ДЭМБ шинэ хувилбарыг “Омикрон” үсгээр нэрлэж, вирусний өмнөх мутациудтай харьцуулахад дахин халдварлах эрсдэл нь өндөр байж болзошгүйг харгалзан “анхааралдаа авах” хувилбаруудын ангилалд оруулсан юм.

Анх “B.1.1.529” гэж нэрлэж байсан “Омикрон” хувилбарын талаар нарийвчилсан судалгаа хийж байгаагаа “Pfizer”, “Biontech” компаниуд баасан гарагт мэдэгдээд, шаардлагатай тохиолдолд вакцинаа өөрчлөх боломжтой гэсэн байна.

Тодруулбал, нарийвчилсан судалгаа шинжилгээгээр хувилбар дархлаанаас зугтах шинж чанартай болох нь тогтоогдвол матрицын РНХ-д суурилсан вакцинаа зургаан долоо хоногийн дотор өөрчилж, эхний багцуудыг 100 хоногийн дотор нийлүүлж эхлэх ажээ.

Мөн “Johnson & Johnson” компани вакцинаа шинэ хувилбар эсрэг туршиж эхлээд байгаагаа мэдэгдсэн байна. “Бид шинээр үүссэн хувилбарыг анхааралтай судалж, түүний эсрэг вакцины үйлчлэлийг турших ажлыг эхлүүлсэн” гэж тус компаниас мэдээлжээ.

“AstraZeneca” компанийн хувьд мөн “Омикрон” хувилбарыг нарийвчлан судалж байгаагаа мэдээлээд, Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүдтэй хамтран хөгжүүлсэн бидний вакцины платформ нь шинэ мутациудын эсрэг хурдан хариу арга хэмжээ авах боломжийг бүрдүүлсэн гэв.

“Moderna” компани баасан гарагт хийсэн мэдэгдэлдээ, шинэ хувилбарын мутациудын хослол нь байгалийн болон вакцины өдөөсөн дархлааны сулрах явцыг түргэтгэх эрсдэлтэй болохыг онцлоод, одоогоор хэрэглэж буй вакцинуудын нэмэлт тунг тарих нь суларсан дархлааг сайжруулах цор ганц арга болоод байна гэв. Тус компани нь “Омикрон” хувилбарын эсрэг өдөөгч тунгуудыг туршихаас гадна уг хувилбарт зориулсан нэмэлт тунг гарган авахаар төлөвлөж байгаа ажээ.

Өмнөд Африкт анх илэрсэн энэ хувилбар нь 50 орчим мутацитайгаас 30 гаруй нь вирусийг хүний эстэй холбодог өргөс уурган дээр байгаа юм байна. Одоогоор шинэ хувилбарын дэгдэлт дөнгөж эхэлж байгаа тул вакцинд хамрагдсан хүмүүсийг хэр хүндээр өвчлүүлэх нь тодорхойгүй байна. Өнөөдрийн байдлаар Европ, Азийн хэд хэдэн орон Африкийн өмнөд хэсгийн орнуудтай нислэгээ түр зогсоогоод байна.

Сэтгэгдэл бичих