ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ
2015. 08 сар. 07.
https://www.dorgio.mn/index.php/post/29257
“Цахиур” Төмөр гэдэг нь бодит хүн үү? Хоосон домог уу? Уран зохиолын дүр үү? гэх мэтийн асуулт өнгөрсөн зууны далаад оноос эхлээд л хүмүүсийн оюун санаанд эргэлдсээр ирсэн. Домог болсон шилийн сайн эрчүүдийн нэг болох Засагт ханы “Цахиур” Төмөр манай кино урлагийн хуудсанд тод томруунаар үлдсэнийг бид “Тунгалаг Тамир” киноноос сайн мэднэ. Засагт ханы "Цахиур” Төмөр хэмээх шилийн сайн эр нь түүхэн бодит хүн байж. Гэхдээ “Тунгалаг Тамир” романы “Цахиур” Төмөр, бодит “Цахиур” Төмөр хоёрын хооронд нэлээд олон ялгаа зааг байсан гэдгийг дурдах нь зүйтэй. “Тунгалаг Тамир” роман дээр “Цахиур” Төмөр нь ангийн тэмцэл өрнүүлэгч нэгэн болж хувирсан тул уг киног дэлгэцэнд гарсаны дараа бодит “Цахиур” Төмөрийн сургийг мэддэг хуучны настай хөгшид хүртэл “Энэ Цахиур Төмөр чинь бидний мэддэг Төмөр биш байна. Танигдахааргүй өөр хүн болжээ” гэж шагширч байсан гэдэг. “Тунгалаг Тамир” киног дэлгэцэнд гарсаны дараахан Завхан аймгийн Шилүүстэй сумын настайчууд “Салхин Сандаг гэдэг шилийн эр “Цахиур” Төмөр гэдэг нэрээр адуу хөөдөг байсан юм гэнэ лээ. Уг нь бодит хүн байгаа юм. Луу гүний Итгэлт баян ч гэсэн бодит хүн байсан юм гэнэ лээ. Хоёр Тамирын хоорондох хөндийд Итгэлт баян адуугаа хураахад багтахгүй бялхан хальж байдаг байсан юм гэсэн. Хониныхоо тоогоор Богд хаанаас ч илүү баян, 18 мянган хоньтой 100 гаруй малчин зарцтай хүн байсан гэдэг. 1930 онд Хамтралжуулах хөдөлгөөн дэгдэхэд хамаг малаа хуу хураалгасан ч гэсэн 3000 толгой мал Хангайн нуруунд нуун авч үлдээд Гэндэн сайд “Баяжигтун” лоозун дэвшүүлсэний дараа 5000 малтай болж ахиад баяжин дээшилсэн ч 1938 онд Банчин Богдтой холбоотой хэмээн хилсээр хэлмэгдэж буудуулсан юм гэнэ лээ. Харин “Цахиур” Төмөрийн хувьд бол Улиастайн амбанд баригдан есөн эрүү шүүлтэнд ороод давж гарч ирсэнийхээ дараа Говь-Алтайн Их Богдоор нутагладаг дуучин Жийгээ хэмээх хүүхэнтэй хайр сэтгэлийн холбоотой болж гол төлөв Алтайн нуруугаар дамнан өвөрлөгч Хөх нуураас адуу хөөдөг болсон юм гэдэг. Хөх нуураас хөөн оруулж ирсэн адуугаа зүүн хойшоо Сэцэн хан, Түшээт хан аймаг руу гаргаад тэндээс хөөсөн адуугаа Хөх нуур оруулдаг байсан юм гэнэ лээ” хэмээн хуучилж суухыг тухайн үед ахмад сэтгүүлч Б.Ширнэн тэмдэглэж авсан байдаг.
Бас 1990-ээд оны үед “Цахиур” Төмөрийн талаар түүхэн бодит зохиол бичихээр оролдож байсан түүхч Л.Цогтбаярт Архангай аймгийн Өгийнуур сумын харъяат өндөр настан Ш.Намсрайжав “Цахиур” Төмөрийн тухай ийнхүү хууч хөөрсөнийг доор толилуулъя. Тэрбээр “Олны дунд домог болж үлдсэн “Цахиур” Төмөр бол хятад худалдаачдын зүрхэнд орсон шилийн сайн эр байсан гэж манай хөгшид ярьдаг. Залуу байхдаа ихэвчлэн өөр нэрээр аймаг хошуу дамжуулж адуу хөөдөг байснаа ардын засаг ялахаас өмнөхөн “Улаан” Дамаа тэргүүтэй халхын сайн эрчүүдтэй нийлэн Хятадын пүүс дэлгүүрүүдийг тонож, өрийн дансыг нь шатааж, улмаар урагшаа гарч яваа, эсвэл Жанчхүүгээс орж ирж яваа ачаа хөсөг жинг дээрэмдэн тонодог байсан юм билээ. Ардын хувьсгал ялж байх үед “Цахиур” Төмөр дөнгөж л дөч гарч явсан гэдэг. Гэхдээ хувьсгал ялсанаас хойш ч гэсэн сайн эрийн зангаа орхиж чадалгүй мөнөөх л бахь байдагаараа Ховдын хязгаар, Тагна Урианхайгаас адуу хөөн оруулж ирдэг байсан гэдэг. Ардын засаг тогтсоноос хойш тарган эр үхэр үнэд орсоноос биш хувьсгалаас өмнө Монгол улсад хамгийн өндөр үнэтэй мал бол адуу байсан. Тэр үед Тагна Тувагаас 200 шилмэл адуу хөөгөөд ирсэн сайн эр одооныхоор бол дунд зэргийн чинээлэг бизнесмен болчихож байгаа байхгүй юу. Гэхдээ хамгийн гол нь шилийн эрчүүд зөвхөн хөрөнгөжиж баяжих гэж явдаггүй, хаа холоос хөөж ирсэн адууныхаа талыг нь нутгийн баячуудад хямдхан зарчихаад үлдсэнийг нь ядуу хүмүүст тараагаад өгчихдөг байсан гэдэг. Одоо цагт бол хүмүүс “Тунгалаг Тамир” кинон дээр гардаг Түгжил шиг л “Ингэж махаа зовоож хөөж ирсэн энэ их адууг ядуу хүмүүст зүгээр тарааж өгөөд яах вэ” гээд сүүлчийн ганцыг нь хүртэл дамлаж зарах гээд зогсч байх байсан байлгүй. Монгол улсыг Далай лам “Гүүний сүүгээр цэнгэгчдийн орон” гэж нэрлэсэн дээ. Түүн шиг адуу хөөж зугаацан цэнгэдэг хүмүүс байсан гэвэл онох байх. “Цахиур” Төмөр хувьсгалаас өмнө Сэлэнгэд маш их нэр нөлөөтэй байсан Ша данжаад, Бай Шинхүү хэмээх хоёр хужааг галзууртал нь тоносон гэж дээр үеийн хүмүүс ярьж байсныг санаж байна. Уг явдлыг сонссон Архангайн Заяын гэгээний хүрээнд хүчээ авч байсан Заяатын пүүсийн данжаадууд нутгийн монголчуудыг сэм дуудан уулзаж “Ай тэр “Цахиур” Төмөр гэдэг сайн хүнээ манайд дагуулаад ирваа. Бид алт мөнгө зөндөө юм зүгээр өгваа. Бай Шинхүү шиг тэгж юмаа харамлахгүй ва” гэж аминчилдаг байсан гэдэг. Үүнийг сонссон “Цахиур” Төмөр нэг удаа Заяатын пүүсээр орж өдөржин тансаг хоол, архиар дайлуулаад гарахдаа хоёр тэмээн тэрэг ачаа аваад явсаныг олон хүн харсан байдаг. Харин тэр явдлаас хойш “Цахиур” Төмөрийн нэрийг барин Булган, Хөвсгөлийн нутагт байсан Хятадын жижиг пүүс, дэлгүүрүүдийг тонодог жижиг гарын дээрэмчид бий болсон байгаа юм. Сүүлдээ нөгөө дээрэмчид зөвхөн хятадуудыг ч биш Сайн ноён ханы хошуу ноёд, баячуудын гэрт “Цахиур” Төмөрийн нэрийг барин давхиж ороод дээрэмдчихээд явдаг болсон гэдэг. Иймээс “Цахиур” Төмөр өөрийнх нь нэрийг барин хятадуудыг тонодог дээрэмчдийг сурагласаар яваад халуун мөрөөр нь мөшгин орж дээрэм хийх үед нь отож байгаад бүдүүн мунаар нам цохин муужруулж бариад модноос толгойг нь уруу харуулан дүүжлээд доор нь түүдэг асаан ам өчгийг нь авч байсан гэдэг юм. Энэ талаар Ч.Лодойдамба гуай "Тунгалаг Тамир" романдаа Арван тавын цагдаа болж айлгах гэсэн ардын журамт цэргийг "Цахиур" Төмөр хүлчихээд доор нь гал түлэх гэж байгаагаар дүрсэлж оруулсан байдаг билээ. Харин Ардын хувьсгал гарах үеэр шилийн сайн эрчүүдийн зарим нь яах учраа олохгүй төөрөлдөж Барон Унгерний цэргүүдэд хүчин зүтгэж явсан байдаг. “Цахиур” Төмөр ч гэсэн тухайн үедээ Хатанбаатарын цэрэгт агт хөөж ирэн нийлүүлж явсан гэдэг. Харин “Тунгалаг Тамир” кинон дээр Хатанбаатар Магсаржавын агтыг “Цахиур” Төмөр хариулж байгаагаар гардаг нь уран сайхны дүр байсан юм. Тухайн үед Баатар вангийн цэргийн агтыг Ардын хувьсгалын партизан Гомбын Санжид хэмээх Засагт хан аймгийн харъяат нэгэн хариулж явсан байдаг юм” гэх зэргээр нэлээдгүй зүйл ярьсан нь өнөөг хүртэл олны сонорыг мялааж чадалгүй хадгалагдсаар байна. Нээрээ ч 1985 онд хэвлэгдсэн “Монгол ардын журамт цэргийн дурдатгал” хэмээх номонд Ардын хувьсгалын партизан Гомбын Санжид гэдэг хүн Хатанбаатар Магсаржавын агтыг хариулж байсан тухай дурсамжаа бичиж үлдээсэн байхыг олж үзлээ. “Тунгалаг Тамир” хэмээх түүхэн роман болон уран сайхны кинонд “Цахиур” Төмөрийг Тариатын хүрээн дээр эсэргүү бослого болж байхад таарч ирээд лам нартай нүцгэн гараараа нударга зөрүүлэн тэмцэлдсээр буудуулан үхэж байгаагаар гардаг. Гэтэл үнэн бодит намтар нь шал өөр юмсанж. Зарим нэг хүн эсэргүү хэргийн толгойлогч Түгж жанжны цэрэгт байлдаж яваад Тариатын хүрээний арын модонд цээж рүүгээ онгоцны пулемётаар шүршүүлэн амиа алдсан даншигийн заан Гүржавтай “Цахиур” Төмөрийг ихэд андууран сольж будилдаг ажээ. Түүнчлэн зарим нь “Цахиур” Төмөрийг 1932 оны эсэргүү бослогын хэргээр баригдан лам нарын хамт буудуулсан гэж байхад, зарим нь бослого дарагдмагц “Цахиур” Төмөр Алтайн уул руу оргон зугтааж амьд үлдээд Шинжааны сайн эрчүүдтэй нийлэн сураг тасарсан. 1945 оныг хүртэл амьд байж Османы казахуудтай нийлэн хятад цэргийн эсрэг тэмцэлдэж яваад нас барсан гэх мэтээр домог түүх шиг зүйлийг ярьсан байдаг. Ямар ч байсан Хангайн нурууны Хөх нуур, “Гунгааначин” хэмээх домог болсон уулын хавцалуудад “Цахиур” Төмөрийн орогнож байсан хэд хэдэн агуй одоо болтол хэн ч олохын аргагүй уулын цоожин хавцалд нууцлагдан байдаг гэж ярьдаг нь үнэн юмсанж. Халхын сайн эрчүүдийн зарим нь өөрийн амьд сэрүүндээ цуглуулсан эрдэнэсийн их өвөө хэнд ч гэрээсэлж үлдээлгүй уулын агуйд нууж орхисон гэдэг яриа байдаг. Аягүй бол дээрхи агуйнуудад “Цахиур” Төмөрийн Хятадын пүүснүүдээс дээрэмдсэн их баялаг эзнээ хүлээн “нойрсч” байгаа ч юм билүү, хэн мэдлээ. Энэ мэтээр “Цахиур” Төмөрийн тухай тодорхой баримт муутай олон янзын домог яриа байх боловч эхэнд өгүүлсэн “Салхин” Сандаг гэдэг шилийн эр “Цахиур” Төмөр гэдэг нэрээр адуу хөөдөг байсан юм гэнэ лээ” гэх дурсамж түүхэн үнэнд их ойртож байгаа юм. Засагт ханы хөх харчуудаараа бахархаж явдаг Говь-Алтай аймгийн харъяат, түүхийн ухааны доктор, зохиолч Н.Нагаанбуу “Салхин” Сандаг хэмээх шилийн эрийг “Цахиур” Төмөр мөн болохыг түүхийн үүднээс нотолсон юм. Түүхч Н.Нагаанбуу, Чингис хааны менежментийн холбооны ерөнхийлөгч Д.Энхтайван нарын эх оронч сэтгэлгээтэй хүмүүс 2011 онд “Хонгор толгой” орчимд “Монгол эрчүүдийн хийморийн шүтээн” хэмээх цогцолбор хөшөө босгожээ. Энэ тухай тодруулахаар өнгөрсөн жил би бээр Н.Нагаанбуу түүхчтэй уулзсан бөгөөд тэр ийнхүү хүүрнэсэн юм.
...Хүн төрөлхтний түүхийн агуу их өнгөрсөн цагийн ихэнхийг овгийн ахлагч нарт захирагддаг байсан балар эртний үе эзэлдэг. Үүний дараа хүн төрөлхтөн нэлээд хөгжсөний эцэст “Баатарлагийн эрин” эхэлсэн. Баатарлагийн тууль гэдэг ч юмуу, баатарлагийн эриний үндэс маш ихтэй газар бол Монгол. Хүннүгийн үеэс эхлээд 13, 14, 15-р зууны үед монголчууд эрэгтэй хүүхдийг багаас нь нум суманд мэргэн, моринд гарамгай болгон хүмүүжүүлдэг, энэ эрчээрээ хүүхэд нас биед хүрээд баатар болдог байв. Одоогийнхоор бол эрдэмтэн ч юмуу, бизнесмен ч юмуу болж байгаатай төстэй. “Баатарлагийн эрин”-ий бүхэл бүтэн үндэстний сэтгэлгээн дундаас нэг хэсэг эрчүүд тодрон товойж гарсан нь шилийн сайн эрчүүд. Тэд нийгмийн тэгш бус байдлыг үгүйсгэж, шударга бус байдалд өширхсөн хүмүүс. Өөрөөр хэлбэл ядуу ард түмнээс их хэмжээний алба гувчуур татаж хөрөнгөжсөн ноёд баядын мал сүргээс тасалж, буцаагаад мөнөөх ядуу зүдүү хүмүүст хүргэдэг, өөртөө ашиг хонжоо хардаггүй хүмүүс. Ийм хүмүүсийн жишээ бол Алтай нутгийн их зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”-т гардаг “Цахиур” Төмөрийн дүр юм. Лодойдамба гуай манай нутгийн хүн. Одоо ч манай нутагт ах дүүс нь байна. Их зохиолчийн төрж өссөн газар бол яагаав нөгөө “Тунгалаг тамир”-ын Эрдэнэ морио алдчихаад залбирдаг Тарлан хайрхан, Атаа таван тэнгэр. Энэ хайрхан манай Дэлгэр суманд байдаг. “Хонгор толгойн өвөр дээр хорьдоор хоёулаа уулзъя” гэж “Цахиур” Төмөр дуулж явсан гэдэг. Хонгор толгой нь бас манай нутагт байдаг. “Цахиур” Төмөрийг хүмүүс уран зохиолын дүр гэж ойлгодог. Энэ хүн зохиомол дүр биш. Лодойдамба гуай хар багаасаа баатарлаг тууль, баатарлагийн эриний үлгэр домгийг сонсож өссөн хүн. Лодойдамба гуайн мэдэх, бидний үеийнхэн мэдэх шилийн эрчүүлтэй холбоотой түүхийн улбаанууд манай нутагт их байдаг. Ухаандаа Засагт ханы хөх харчууд. Жишээ нь манай нутагт “Солгой” Шагдар гэж шилийн эр байж. За тэгээд “Сохор” Дэрэм, “Салхин” Сандаг, “Жөрөөн” Цул гэх мэтийн алдартай шилийн эрчүүд байсан. Ийм жишээг судлаад үзвэл Засагт ханаар тогтохгүй Монголын аль ч нутагт бий. Энэ бол монголчуудын баатарлаг байх, тэмцэгч байх, ядуу ард олондоо тустай байхыг эрмэлзсэн сайн эрчүүдийн түүхэнд үлдээсэн дархлаа юм. Шилийн сайн эрчүүд бол хэт их баяжиж хөрөнгөжих нь хүнд хэрэггүй юм гэдгийг ухаарсан, бусдын төлөө амь насаа золихоос ч сийхгүй тийм их зоригтой, өөрсдийн бүхэл бүтэн гүн ухааны тогтолцоог бий болгосон бүлэг хүмүүс. Миний хувьд гэвэл шилийн эрчүүдийн энэхүү гайхам чанарыг хар багаасаа сонсч өссөн, энэ хэрээрээ олон жилийн өмнөөс, тодруулж хэлбэл дал, наян оноос судалж эхэлсэн хүн. Би 1967 онд дунд сургуулиас гараад мал маллаж байлаа. Тэр үеэс шилийн эрчүүдийн тухай дуулж сонсох болсон. Үүн дээр “Тунгалаг тамир” романыг уншсанаар бүр ч дэврүүн сэтгэлтэй болсон. Ямар сайндаа л Лодойдамба гуайн нутагт ирж уулзалт хийж, Засагт ханы хөх харчуудаараа бахархаж байх билээ дээ. Тиймээс би өөрийгөө Засагт ханы сайн эрчүүдийн түүхийг гадарлах хүмүүсийн хамгийн сүүлчийн төлөөлөгч нь гэж боддог. Өөрийгөө ингэж үнэлэх эрх надад бий. “Цахиур” Төмөр бол “Салхин” Сандаг тэргүүтэй дөрөв таван сайн эрийн цогц дүр юм. Жишээ нь шилийн эр “Солгой” Шагдар энд тэнд явахдаа өөрийгөө “Цахиур” Төмөр гэж хэлж явдаг байж. “Салхин” Сандаг хангай руу хурдан морины хулгайд явахдаа өөрийгөө “Цахиур” Төмөр гэдэг байж. “Солгой” Шагдарын хүч, оюуныг Засагт ханы хошуу ноён зарим хэрэгт ашигладаг, жишээ нь түүгээр Богд хаанд бичиг захиа, бэлэг, хадаг хүргүүлдэг байсан гэх домог бий. Нэг удаа хошуу ноён “Солгой” Шагдарт “Чи Богдын хүрээ рүү юу ч үгүй хоосон, явган нүцгэн яваарай, чиний шөрмөсийг шалгана” гэж хэлж байсан гэдэг. “Солгой” Шагдар Богдын хүрээ рүү явган явж байгаад замдаа нэг нутаг хошуугаар ортол тэнд нь ядуу ардуудын тэмцэл тааралдаад, тэнд нь мань эр оролцоод, улмаар хүмүүсийн талархалыг хүлээснээр Богдын хүрээ рүү унаатай залгаж, буцаж ирэхдээ хүнтэй мөрийцөж тэмээтэй болоод ирж байсан гэдэг. Хошуу ноёнтой холбоотой түүх болохоор үүнийг би их амьдлаг түүх гэж хэлэх байна. “Солгой” Шагдар мундаг бяр чадалтай, ташуураараа сүрхий ёвордог хүн байж. Үүгээрээ их алдаршсан гэдэг. Энэ тухай Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харъяат, яруу найрагч, бөхийн засуул Шүрхүү Баян-Уулын тухай номондоо оруулсан байна лээ. “Солгой” Шагдарын үр удам гэвэл 1932 оны лам нарын эсэргүү бослогыг даралцаж яваад эсэргүү нарын гарт орж цээжин дээрээ таван хошуу сийлүүлээд, зүрхээрээ туг тахиулж амь насаа алдсан эрэлхэг чекист Янсанжав юм. Цэргийн түүхийн музейд энэ хүний зураг байдаг. Янсанжав Хонгор толгойн хавьцаа байх Давсан булагт төрсөн хүн. Хожим Сүхбаатарын одонгоор нэхэн шагнагдсан. Бас л “Солгой” Шагдарыг дуурайсан тэмцэгч хүн байж л дээ. “Солгой” Шагдар адуу хөөхдөө их холоос хөөдөг, халх дөрвөн аймагт дөрвөн өөр нэр хэлж явдаг байж. Үүний нэг нь “Цахиур” Төмөр. Ялангуяа Түшээт хан аймгийн нутагт “Цахиур” Төмөр нэрээрээ ихэд алдаршсан байдаг. Тэгэхээр “Цахиур” Төмөр гэдэг нэр бол их зохиолч Лодойдамба гуайн толгойд орж ирсэн зохиомол нэр биш. Бид “Тунгалаг тамир” кинон дээр “Цахиур” Төмөрийн хөлийнхөө гавыг тайлж хаяад булдаг яг тэр товцог дээр, ухаандаа “Хонгор толгойн өвөр дээр хорьдоор хоёулаа уулзъя” гэж дуулж явсан Хонгор толгой дээр “Монгол эрчүүдийн хийморийн шүтээн” гэдгийг босгоод байна. “Цахиур” Төмөр эхнэрийнхээ авчирсан хуурайгаар хөлийнхөө гавыг тасдаж газар малтаад “Гэмгүй хүнийг дахиж битгий ингэж тамлаж байгаарай” гэж хэлээд булж орхидог шүү дээ. Киноны зураг авалтыг яг энэ Хонгор толгой дээр хийсэн байгаа юм. Мөн “Цахиур” Төмөрийн адуу хөөгөөд давхиж явдаг зургийг бас энд авсан гэдэг. Энэ чинь бас шилийн эр “Салхин” Сандагийн нутаг. Хонгор толгойгоос хойшоо харахаар Монголын анхны таван их дархан газрын нэг Хасагт хайрхан уул бий. Хасагт хайрханы тэндээс Тарлан хайрхан харагдана. Энд нөгөө Чанчун Бумба ирж байсан гэдэг шүү дээ. Тэгээд Чингисийн ерөнхий сайд гэмээр Чингаа Чинсан эндэхийн Тээлийн хөндийд ургац тариалж байсан гэдэг. Үүнийг эрдэмтэд тогтоочихсон шүү дээ. Хонгор толгойн тэр орчин бол Монголын үе үеийн шилдэг сайн эрчүүдийн түүх, нэр, домог, онгон шүтлэг оршсон газар. Тиймээс бид энд “Монгол эрчүүдийн хийморийн шүтээн”-ийг байгуулсан. Үүнд шилийн сайн эрчүүдийн намтар түүхийг гол болгосон. Яагаад гэвэл тэд Манжийн дарангуйллын үед жинхэнэ тэмцэгч нар, одоогийнхоор бол лидерүүд байсан. Тэр үед манай ихэнх эрчүүд лам болж илд барьдаг гартаа эрхи бариад маани мэгзэм уншиж байсан. Харин тэр хүнд бэрх цагт жинхэнэ дүрэлзэж байсан улс бол шилийн сайн эрчүүд. Монголын их тэмцлийн, Модун хааны, Чингис хааны тэр их цөс, зоригийг Манжийн дарангуйллын үед алдалгүй тээж, аймшиггүй тэмцэж явсан алдар цуутнууд гэж шилийн эрчүүдийг томруулж хэлмээр байна. Зохиолч, сэтгүүлч Ойдов чи бол мартагдах шахсан шилийн сайн эрчүүдийн түүхийг сэргээн бичиж “Ар халхын шилийн сайн эрчүүд” хэмээх цуврал ном гаргасан чинь тун олзуурхууштай. Одоо л бичихгүй бол мартагдаад, настай хүмүүсийн ой тойноос арчигдаад өнгөрнө. Монгол эрчүүдийн хийморийн шүтээнийг бүтээхэд Тээвэр хөгжлийн банкны захирал, Чингис хааны менежментийн холбооны ерөнхийлөгч Д.Энхтайван маш их сэтгэл гаргасан. Мөн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Мөнхбаатар, манай сум нэгдэлийн даргаар олон жил ажилласан Даржаагийн Пүрэвдорж нарын хүмүүс ихээхэн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Миний хувьд гэвэл Засагт ханы нутагт төрж өссөн тэмцэгч хүн. Түүхийн үнэнийг олох гэж олон жил тэмцлээ. Манай Данзанбалжирын Энхтайван бас тэмцэгч. Ер нь манай нутгийнханы зан араншин их сонин. Хурал хийсэн ч малгайгаа сугавчлаад босоод ирдэг, ясны тэмцэгч, ил цагаан үгтэй улс. Энэ нь мөнөөх Засагт ханы хөх харчуултай холбоотой. Шилийн сайн эрчүүд болон Засагт ханы хөх харчуудын тухай үлгэр, хууч, домгийг хар нялхаасаа сонсч өссөн болохоор энэ нь нутаг хошууны үндэсний өвөрмөц сэтгэлгээ болтолоо хэвшин тогтсоных юм л даа. Бид ийм сайхан хөрс суурин дээр төрж өссөн хүмүүс Бид хийморийн шүтээнийг ямар билэгдэлтэй, ямар шүтээн байх талаар сайтар ярилцаад дүр дүрс, утга билэгдэл, тэмдгийн соёл болсон зүйлүүдийг сонгож, эртний түүх сурвалжтай тулгаж үзсэний үндсэн дээр босоогоороо таван метр 80 см орчим, дөрвөн талдаа бичээстэй зураг бүхий гэрэлт хөшөө босгосон. Энэ хөшөөний гурван талд Монголын гурвалын онол буюу тулгын гурван чулууны билэгдэл болгож гурван тотго хөшөө хийсэн. Тотго хөшөөнүүд гурван метр өндөртэй. Мөн л гурвуулаа дөрвөн талдаа бичээстэй. Бичээстэй хөшөөг Монголын түүх археологийн хэллэгт гэрэлт хөшөө гэдэг юм. Ийм гэрэлт хөшөө хийхэд нар салхинд элэгдээгүй, газрын хөрсөн доор байгаа аварга том хад чулууг сонгодог. Ингэж байж дээр нь үсэг сийлнэ шүү дээ. Бид таван метр, 80 см-ийн өндөртэй том хад чулууг Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас, өвлийн цагт бүр долоон метрийн гүнээс ухаж авсан. Үүнд хүн, хүч маш их зарцуулсан. 2011 онд шүтээнийг анх байгуулахдаа бид төр засаг Чингис хааны төрсөн өдрийг тодотгохоос өмнө босгосон. Ухаандаа Чингис хааны төрсөн өдөр буюу хамгийн богино өдөр, хамгийн богино шөнө тохиодог 12-р сарын 21-ний өглөө, Чингис хааныг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэдэг тэр өдөр ёсолсон. Монгол эрчүүдийн хамгийн хийморьтой хүн бол Чингис хаан. Бид Чингисийн хойч үе учраас энэ билэгдэлийг бодож төрсөн өдөр нь буюу “Хөхүй сар”-д шүтээнийг нээсэн. Монголын өвлийн тэргүүн сарыг “Хөхүй сар” гэдэг. Хөхөө өвлийн хүйтэн гэдэг шүү дээ. Энэ чинь “Хөхүй сар”-ыг хэлж байгаа юм. Гэтэл өнөөдөр монголчууд бид Түвдийн тооллоор янз бүрийн хугацаа зааж яриад байдаг. Энэ байдал алсдаа засагдаж залруулагдах байх. Бид цаашдаа “Монгол эрчүүдийн хийморийн шүтээн”-ий эргэн тойронд 10 мянган мод тарьж, тухайн газар орныг хөрсний элэгдэлээс хамгаалах зорилго агуулж байгаа. Энэ бүхнийг хийхэд бид бизнесийн зорилго агуулаагүй. Сайн эрчүүдийн сайхан хийморь сүлд шингэсэн үнэн түүхт байдлыг ирээдүй хойчдоо мэдрүүлэх, тэднээр дамжуулж хийморь лундаагаа сэргээх, улмаар эх оронч сэтгэлгээг төгөлдөржүүлэх гэх мэтийн олон санаа агуулсан. Сүүлийн жилүүдэд манай эрчүүд хийморь лундаагаа сэргээхээр Дарьгангын Шилийн Богд уул руу их явдаг болсон. Харин Говь-Алтай аймагт “Монгол эрчүүдийн хийморийн шүтээн” цогцолбор байгуулагдсанаар баруун аймгийнхан энд ирж хийморио сэргээдэг болчихоод байгаа. Мөн аймаг, сумдын дарга нар очиж хийморио сэргээдэг болсон. Жишээ нь Говь-Алтай аймгийн Соёл, гэгээрэл хариуцсан дарга Цагаанбаатар 2011 оноос хойш Хонгор толгойн хийморийн шүтээн дээр гардаг болсон гэж ярьж байна лээ. Хийморийн шүтээн цогцолбор дээр зөвхөн эрчүүд биш эмэгтэй хүн ч гарч болно. Яагаад гэвэл Монголын ёсонд эмэгтэй хүнийг шүтээн овоон дээр гарахыг хориглоогүй шүү дээ. Хориглодог нь шарын шашны үзэл санаа юм. Тиймээс хүүхнүүд маань энэ шүтээн дээр гараад цог золбоотой монгол эрчүүдээ хүсэмжилж бас болно...” гэж өгүүлсэн юм.
ЗОХИОЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.ОЙДОВ