/МОНЦАМЭ/. Монгол-Германы Хархорум дахь археологийн судалгааны багийн бүтээсэн "Хархорум" номыг ХБНГУ-ын Элчин сайдын яаманд энэ сарын 18-нд хүлээлгэн өглөө.
Хархорум хотын 800 жилийн ой, Монгол-Германы Хархорум дахь археологийн судалгааны 20 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн уг номыг судалгааны ажил, сүүлийн жилүүдийн эрдэм шинжилгээний хамтын ажлын үр дүн, ололт амжилтыг олон нийтийн хүртээл болгох үүднээс хэвлүүлжээ.
Монголын эртний нийслэл Хархорум хотыг археологийн талаас шинжлэн судлах зорилгоор Германы Археологийн хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Бонны их сургууль хамтран ажиллах гэрээг Бонны их сургуулийн Монгол судлалын хүрээлэнгийн профессор Клаус Загастерын санаачилгаар 1998 онд байгуулжээ. Ийнхүү 2000 онд “Монгол-Германы Хархорум Экспедиц” хоёр орны ерөнхийлөгч нарын ивээл дор үйл ажиллагаагаа эхэлж, эртний хотын туурийг археологийн үүднээс идэвхтэй шинжлэн судлах болсон байна.
Германы Археологийн хүрээлэнгийн референт, Ази судлалын төвийн захирал, доктор Кристина Франкен хэлэхдээ, “Би 2000 оноос одоог хүртэл ажиллаж байна. Бид монгол эрдэмтэдтэй хамтран тус номыг бичсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эртний хотын Бурханы шашны Их сүмийн “Их танхим”, хотын төв гудамжны уулзвар, гар урчуудын хорооллын нэгээхэн хэсэг, хотын хойд хэсэгт хийсэн археологийн малтлагын үр дүнд эртний Хархорумыг өргөн цар хүрээтэй шинжлэн судалж чадсан. Цаашдаа бид маш олон шинэ нээлтийн судалгаан дээр ажиллана гэдэгтээ итгэлтэй байна. Шинжлэх ухааны аливаа үр дүнгийн нэгэн адил энэхүү ном бидний өнөөг хүртэл хийж ирсэн судалгааны ажлын буюу завсрын үр дүн юм. Хэдийгээр олон зүйлийг судалж тогтоосон ч цаашид илүү сонирхолтой асуултууд, судлах зүйл бидний өмнө хэвээр байна. Тиймээс бид тогтсон хамтын ажиллагаагаа цаашид ч үргэлжлүүлэхийг зорьж байна. Мөн бид археологийн чиглэлээр ажиллах судалгаа хийхээр бэлтгэгдэж байгаа оюутан залуусыг дэмжиж ажиллах болно” гэлээ.
"Монгол-Германы-Хархорум Экспедиц"-ийн хамтын ажиллагааны түншээр Монгол Улсын ШУА, ХБНГУ-ын Боннын их сургууль, Германы Археологийн хүрээлэн анх байгуулагдсан үеэс эхлэн ажиллаж ирсэн бөгөөд сүүлд Монгол Улсын Их Сургууль түнш байгууллагаар хамтран ажиллаж байна.
"Монгол-Германы-Хархорум Экспедиц"-ийн хамтын ажиллагааны хүрээнд түүхэн дурсгалуудын байр зүйн зураг хийх, хот, түүний ойр орчмын байршилд малтлага хийх, малтлагын олдворуудыг судлах, хэвлэл, олон нийтэд хүргэх, монгол, герман, англи хэлээр тайлбар хүргүүлэх, телевизийн бүтээл, үзэсгэлэн гаргах зэрэг ажил багтаж байгаа аж.
Малтлагын ажлын үр дүн:
- "Юань Гүрний мандан бадралын Сум"-ийн байршлыг тогтоож, малтлага хийсэн. Энэхүү сум нь Монголын эзэнт гүрний төрийн төв бунхан байсан бөгөөд Мөнх хааны үед баригдан, зуу гаруй жил ашиглагдаж байсан. (Германы Археологийн хүрээлэнгийн малтлага, 2000-2009)
- Эртний Хархорум хотын төвд малтлага хийснээр гар урлал, худалдаа хөгжсөн хотын амьдралын төрөл бүрийн ул мөр олдсон (Бонн хотын их сургуулийн малтлага, 2000-2005)
- 2005/2006 онд Чингис хаан ба түүнийг залгамжлагчид том хэмжээний үзэсгэлэн болон үзэсгэлэнгийн каталог гаргаснаар хамтарсан судалгааны чухал үр дүнгүүдийг олон нийтийн хүртээл болгосон. Энэхүү олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, ихээхэн амжилттай байсан үзэсгэлэнг Герман улсын Бонн болон Мюнхен хотуудад, түүнчлэн Австри, Унгар болон Турк улсуудад гаргасан.
- Эртний Хархорум хотын захад хийсэн малтлагаар илрүүлсэн христийн шашны сүм нь Монголын эзэнт гүрний шашин шүтлэгийн олон талт байдал, шашны олон төрлийг хүлээн зөвшөөрч байсныг гэрчилнэ (Германы Археологийн хүрээлэн, 2006-2009 оны малтлага).
Нэмж дурдахад, Орхоны хөндий бол Монголчуудын соёлын гайхамшигт өв бүхий нутаг бөгөөд 2004 онд ЮНЕСКО-гийн хүн төрөлхтний Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн байна.
Гэрэл зургийг Б.Чадраабал
Германы Археологийн Хүрээлэнгийн Улаанбаатар хот дахь судалгааны төв