Н.Нагаанбуу: Богд биш, Да лам Цэрэнчимэд хувьсгалыг эхлүүлсэн

оруулсан Алсын Хараа

Монголчуудын үндэсний тусгаар тогтнолын  өдөр энэ сарын 29-нд тохиож байна.

Энэ сэдвээр түүхч Н.Нагаанбуутай ярилцлаа.

 

 - Монголчууд энэ са­рын 29-нд Тусгаар тогт­нолын өдрөө тэмдэглэнэ. Жилийн жилд  шинэ жилийн сүрд дарагдчихдаг ч бидний хувьд хамгийн үнэ цэнэтэй  энэ баярын тухай та ямар байр суурь­тай байна ?

- Монголын тусгаар тогтнолын  түүх 1205 оны намраас эхтэй. Жинхэнэ  тусгаар Монгол Улсыг Чингис хаан байгуулсан. Сүүлд монголчуудын бага хаадын хоорондын тэм­цэл, харийн өгөөшинд ав­таж Монголын төр самуурсан. 1631 онд Өвөрмон­го­лын, 1692 онд Долнуурын гэрээ гэгчийг байгуулж Ар Монгол колони болсон. Бид Манжийн 220 жилийн дарлал гэж ярьдаг. Эхний 40-өөд жил нь дарлал гэж ярих зүйл  байгаагүй. Монголчууд амьдардгаараа амьдарч байсан. Сүүлд нь манжууд өөрсдөө төрийн эрхээ хята­дад алдсанаар Манжийн дарлалын сүүлийн 70-аад жил өөрөөр хэлбэл, 1850-иад оноос Манжийн буюу Манж-Хятадын гэх хар бодлого эхэлсэн. Түүнээс үүссэн хамгийн гутам­шигтай үйл нь алтан ургийн ноёдод манжийн хаанаас  цол зэрэг, отго жинс өгч  бүгдийг нь  өөрс­дийн албанд хамаатуулж, Монголын тусгаар тогт­нолыг ихээхэн алдагдуул­сан. Энэ байдлаас гарах асуудлыг 1911 оны Үндэс­ний эрх чөлөөний  хөдөл­гөөнтэй  холбодог. Социа­лизмын үед ч ихээхэн ярьж ирсэн. Гэхдээ тухайн үед Манлайбаатар Дамдинсүрэн, Хатан­баатар Магсаржав гэсэн гол баатартай түүх бичдэг, тэр хүрээндээ ойлгодог. Ардчиллын үед тусгаар тогтнолтой холбоотой  асуудал ихээхэн сэргэсэн. Ялангуяа Н.Энхбаяр  Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ Тусгаар тогтно­лын өдрийг үндэсний баяр болгож тэмдэглэж хэвших талаар санал, санаачилга гаргаж байв. Энэ үеэс тусгаар тогтнолын түүхийг хүмүүс нэлээд сонирхож, судалж эхэлсэн. Харам­салтай нь Тусгаар тогтно­лын 100 жилийн ойг тэм­дэглэхэд  учир дутагдалтай зүйлүүд ихээхэн ажиг­лагдсан. Тухайлбал, социализмын гажуудлын нөгөө талыг авчихвал үнэн зөв болно гэсэн сэтгэлгээ­рээр  хандаж байна. 1911 оны хувьсгалыг Богд хаан тэргүүтэй лам нар хийсэн гэх сурталчилгаа ихээхэн цацагдаж, 100 жилийн ойн баяраар  Гандантэг­чинлэн хийдэд үзэсгэлэн гаргаж, тэнд олон зочид төлөөлөгч цуглаж, хамба лам нь  том өргөөнд  зоог гүнцэг  барьж  тэмдэглэ­сэн. Манайхан  1911 оны хувьсгалын үнэн мөнийг олох түүхэн судалгааг  өнөө хүртэл огт хийсэнгүй. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний  100 жилийн ойг хийнэ гэж гүехэн баяр тэмдэглэж байснаас  1911 оны хувьсгалын мөн чанарыг ойлговоос тун зохилтой.

 - Богд хаан хувьсгалыг удирдсан гэж ярьж, бичээд байгаа шүү дээ, сүүлийн үед. Тэр байтугай түүхийг нь хүртэл зохиочихсон юм биш үү?

- Монголын  газар нутгаас Манж Хятадын төлөөний түшмэл,  амбан сайд нарыг хөөн гаргаж  тусгаар улсаа тунхагласан түүхт өдөр бол 1911оны  арванхоёрдугаар сарын 29 гэж тэмдэглэсэн байдаг.  Мөн энэ өдөр Богд гэгээ­нийг Монголын хаанд өргөмжилсөн үйл явдал давхцсан нь түүхийн үнэн. Түүнээс  Богд хаан хувьс­гал хийх хүн биш юм. Ийм төөрөгдөл байгаа учраас би түрүүнд хэлсэн, одоо ч  дахин хэлье монголчууд бид 1911 оны арванхоёр­ду­гаар сарын 29-ний  өдрийн түүхэн үр дүн, хожмын олон хэрэг явдлын уялдаа холбоо, түүний  учиг зангилааг ялгаж салгаж түүхээ үнэн зөв болгож гажуудлыг засах ёстой. Богд хаан хувьсгал хийх хүн биш гэж байгаагийн учир нь тэр хүн хамаг амьтан зургаан зүй­лийн тусын тулд залбир­даг,  нүгэл үйлддэггүй, хувьсгал хийдэггүй лам хүн. Гэтэл түүнийг дагаж баахан лам  хувьсгал хийсэн мэт яриад байгаа нь учир дутагдалтай. Тэгэ­хээр энэ чиглэлд ардчил­сан үзлээр  ой тэмдэглэлээ гэж яриад, ардчилсан үзлээр үзсэн чинь Богд хаан 1911 оны хувьсгалыг хийсэн юм байна гэж  дүгнээд, тийм судалгаа хийсэн хүнд төрийн шагнал олгох мэтээр бас нэг туйлшрал явагдсан. Миний бодлоор үндэсний эрх чөлөөний хувьсгалыг үр хойчдоо таниулан сурталчилж, өргөн дэлгэр тэмдэглэж байхын тулд жинхэнэ  үнэн мөнийг  олох нь  хамгаас чухал.  Гэтэл манайхан ийм зүйл хийхгүй байна.

- Тухайлбал, тодруу­лах, олон нийтэд үнэн зөвөөр ойлгуулах ямар баримтууд байна?

- 1911 оны хувьсгалыг хийхэд гаднын нөлөө маш их байсан. Өвөрмонголд  Тогтох гүн, Хайсан гүн нарын алдартай тэмцэгчид  Манж, Хятадын ноёрхо­лын эсрэг тэмцсэн. Тогтох гүн гэхэд 50 гаруй удаа­гийн том  тулалдаан хийж, Манж Хятадын  журган,  засаг захиргааны байгуул­лага  томоохон мөнгө хүүлэгчдийг дээрэмдэж, орон нутгаасаа хөөх мэтээр  олон удаагийн тэмцэл  хийсэн байсан. Тэд 1911 онд манай улсад ирчихсэн байсан. тэдний гол зорилго ар, өвөр, бу­риад гэхгүй  монголчуудаа бүгдийг  нэгтгэхэд  чиглэ­сэн. Мөн Орост Цэвээн Жамсранов, Агваан Доржиев зэрэг үндэсний үзэлтнүүд  энэ дашрамд буриад монголыг нэгтгэ­хийн тулд соён гэгээрүү­лэх ажлыг ихээхэн  хийж байсан. Тухайн үед буриад гаралтай  Атаман Семенов  Японы ивээл дор Нармай Монгол гүрэн байгуулж бүх монголчуудаа нэгтгэх ажлыг эхлүүлсэн. Ерөн­хий сайдаар нь Нэйж тойн Мэндбаяр  гэх хүнийг, Гадаад хэргийн сайдаар Цэвээн Жамсрановыг   томилж, Богд хааныг мөн нэг сайд болооч гэхэд  түү­нийг  нь чамлаж оролцоо­гүй. Учир нь Богд хаан өөрөө лидер нэгдүгээр зэргийн хүн, Далай ламтай зиндаа нэг хаан байх төвдийн бодлого ихээхэн үйлчилж байсан нь тэр.  Гэсэн ч Нармай Монгол зэрэг монголчуудаа нэгтгэх гэсэн тэмцлүүд учир дутагдалтай болж үр дүнд хүрээгүй. Ингээд 1911 оны хувьсгал эхлэхэд Богд гэгээн түүнийг санаач­лаагүй. Богдын ордонд биш Богд  ууланд Чин ван Ханддорж,Да лам  Цэрэнчимэд, Тогтох гүн нар нууцаар хуралдаж Монголынхоо тусгаар тогтнолыг мандуулъя, бүх монголоо нэтгэе гэсэн шийдвэр гаргасан. Түүн­дээ харин Богдын сойвон  ойр дотнын хүнээр  тамга даруулах ажлыг хийсэн. Богд хаан хоёр гурван удаа тамгаа  дарсан. Түүнийг нь  өнөөдөр хүмүүс  өндөр  үнэлж байх шиг байна.

 - 1911 оны хувьсгал эхлэхэд олон  хурц тэмцэл өрнөж байсан гэлээ. Тэр талаар тодруулахгүй юу?

- 1911 оны хувьсгал эхлэхэд олон  хурц тэмцэл өрнөж байсан. Түүнд нь Алтан урагтнуудыг хаан ширээнд залах тэмцэл ихээхэн өрнөсөн  түүхтэй. Ягаан ноён Намнансүрэн, Сайн ноён Дашням гэх мэтийн хүмүүс байсан. Гэхдээ Дашням хэлсэн байдаг. Юу гэж хэлэв гэхээр “Би Хятад гаралтай Жавзандамбыг бодвол их эзэн Чингис хааны угсаа дотроос хамгийн ахмад нь” гэсэн нь түүх сурвал­жид бий. Ингэж Богдыг эсэргүүцэхдээ “Богд бол төрийн хэрэгт боловс­роогүй, шашны хүн. Ийм учраас харь гаралтай, улс төр мэддэггүй шашны хүнд төрийг өгнө гэдэг дампуурахын цондон болно. Иймээс алтан урагтан дотроосоо хаан суулгая” гэж хэлсэн байдаг. Эндээс хамгийн сэжигтэй зүйл нь Богд хаан 1911 онд  хаан болж,  Манжийн тооллыг хаяж, олноо өргөгдсөний анхду­гаар оныг нээгээд хэдхэн хоногийн дараа 27-хон настай Дашнямыг хороо­сон. Түүнээс хойш Чин ван Хандорж, Соном, Дотоод яамны дэд сайд Равдан, Ерөнхийлөн захи­рах яамны орлогч сайд Дэмчигсүрэн, Да лам Цэрэнчимэд, 1911 оны анхны төр, засгийн тэр­гүүн Чагдаржав, Намнан­сүрэн нар бүгд хорлогдсон. Тэгэхээр Богд хаанд төрөө атгуулснаар  Монголчуу­дын тусгаар тогтнол, үндэсний үзэл сэргэсэн  боловч алтан ургийнхныг   хэлмэгдүүлэх ажил 1937 оноос эхэлсэн юм биш 1911-1914 онд өрнөсөн.  Бүх зүйл Түшээт  хан Дашнямын хэлсэнчлэн ил тод өрнөсөн. Богд хаан төрийн хүн биш учраас төрийн ажлыг огтхон ч хийгээгүй. Харин шашны зүгээс Богдын ажлаа хийсэн. Чойжин ламын сүм, Богдын ногоон ордон гээд олон сүм хийд бариулсан. Монголын ард түмэн тухайн үед Ман­жийн дарлалын үед бай­гаа­гүй ядуурал үгүйрэлд хүрч олон газраас Шанза­вын яам, Богд хаанд өөрт нь “Эх дагинын зардлын дороос гарч чадахаа бай­лаа. Малаа  барж,эцсийн  гялайж гялтайх бүхнээ өгөөд алба гувчуураас салахаа байлаа, ард түмэн өлсгөлөнд автлаа” гэсэн бичгийг өргөн барьсан нь архивт бий. Богд гэгээн Монголын хаан болоод 1911 оны хувьсгалыг эхлүү­л­ээгүй. Харийн нөлөө маш их байснаар   төрөө алдаж, хятадын захиргаанд орсон. Нэг хүнийг алдаршуулж баатар болгохын оронд  тэр үеийн үйл явдлыг маш сайн судлах хэрэгтэй. Богд хаа­ны үед хятадын нөлөөнд автаж, алтан ургийнхныг хороох яргалал эхэлсэн, улмаар тусгаар тогтнолын байдал маш их  суларсан. Богдын нэр хүнд ч муудсан. Ийм ч учраас 1921 онд шашин, төрийн хэргийг тусгаарлаж  “Та төрийн хэргийг явуулж чадахгүй байгаа тул бид авъя” гэж Ардын засгийн­хан хэлсэн нь  шашин шүтлэгийн эсрэг байсных биш цаг үеэ олсон явдал. Гэхдээ 1911 оны хувьсгал 1921 оны хувьсгалд маш том сэхээрэл өгсөн.

- Тухайлбал?

- Төрд  гадныхан байх осолтой юм байна. Шашны асуудлыг тус­гаар­лаж, эрхи  барьдаг гартаа илд барьдаг хүмүү­сийг байлгаж болохгүй юм байна  гэсэн маш том сэхээрлийг өгсөн. Ийм учраас  1921 оны том үүтгэл болсон. 1911 оны ойг тэмдэглэхдээ Хатан­баатар Магсаржав, Ман­лай баатар Дамдинсүрэн  гэхчлэн баатар төрүүлэх гэсэн түүхэн гажуудлаас ангижрах гэж дахиад Богд гэгээн гэсэн лам хүн, оюун санааны эцэг байсан гэх гажуудалд хүрсэн. Иймд түүхээ судалж, үнэн зөвийг тогтоох ёстой. Тус­гаар тогтнолын асуудлыг томоор харж, нэн ялангуяа алтан ургийнхны хөдөл­гөөн дээр онцгойлон  авч үзэж, түүхээ үнэн болгох явдал зайлшгүй шаард­лагатай. Хувьсгалын гол удирдагч Да лам Цэрэн­чимэдийн тухайд харин түүний үйл хэргийг  өндөрт өргөж, жинхэнэ хувьс­галч­дын намтар суд­лалыг хөгжүүлж, гаргаж ирж мөнхлөх учиртай. Энэ ажил орхигдсонд  харамсдаг.

- Ярилцлагын төгсгөлд ой тэмдэглэхийн утга учир, ач холбогдлыг  дүгнэж хэлэхгүй юу?

-Ой тэмдэглэхдээ шаш­ныхан хувьсгал хийсэн гэж ярих нь тэдний үйл хэрэгт сайн юм биз. Монголчуудын хувьд, монголын шинжлэх ухааны хувьд 1911 оны хувьсгалын мөн чанар, миний түрүүнд хэлсэн хэлмэгдлийн учир шалт­гааныг бүгдийг гаргаж тавих ёстой. Жишээ нь  1911 оны хувьсгалд оролц­сон хүмүүст яагаад  хор өгч, цохиж алаад байсан юм бэ. Тэр үед манжууд хөөгдчихсөн байсан. Оросууд орж ирээгүй байсан. Тэгэхээр тэр хаанахын хэний ямар бодлого байв. Энэ мэт түүхийн  гашуун үнэн, хар толбуудын учир утгыг олж түүнээс гарсан үр дүнг түмэн олон хойч үедээ сурталчилж, хэлж захиж, сурталчлан таниулж байвал  тусгаар тогтнолын баяр тэмдэглэж байгаа­гийн гол утга оршино. Монголчууд бидний дунд саармагтаж унтраад байгаа үндэсний үзлийг эргүүлэн  сэргээхэд ихээ­хэн  хувь нэмэр, түүнийг  өдөөн дэврээх  томоохон  шалтаг болно.

 

Ч.ҮЛ-ОЛДОХ

Сэтгэгдэл бичих