Эрчим хүчний салбарт төсвийн болон зээлийн хөрөнгөөр бариад царцаж 5-11 жил болсон обьектуудыг ашиглалтад оруулснаа Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа танилцуулав.
Тухайлбал, Сонгино станц, Шинэ Яармаг дэд станц, Шинэ нисэх буудлын цахилгаан хангамж, Замын-Үүд станц, Сонгино-Мандалын цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулсан байна.
Цаашид Засгийн газраас Эрдэнэбүрэнгийн УЦС барих, ДЦС-IV-ийг өргөтгөх зэрэг 16 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй юм. Энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулаад буйгаа Эрчим хүчний сайд мэдээллээ. Мөн 10 аймагт ДЦС барихаар төлөвлөн, 2 аймагт ДЦС барих гүйцэтгэгч компанийн гүйцэтгэгчийг тодруулжээ. Улмаар бусад аймагт ч ДЦС барих шаардлагатай гэдгийг онцолсон юм.
Тэрбээр, “Тавантолгойн ДЦС-ыг барихад Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан. Энэ станц ашиглалтад орсноор улсын төсөвт их хэмжээний орлого төвлөрүүлдэг олон аж ахуйн нэгжийг дотоодын эрчим хүчээр хангах боломжтой болно. Зөвхөн Оюутолгой л гэхэд жил 110-120 сая ам.долларын эрчим хүч импортоор авч байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт нь эхэлбэл энэ үзүүлэлт 250 сая ам.долларт хүрэх магадлалтай. Үүнийг Тавантолгойн станцаас хангах боломжтой. Засгийн газраас гаргасан ажлын баг Оюутолгой компанитай уулзаж, дотоодоос эрчим хүч авах асуудлыг эцэслэж байгаа. Энэ сард багтаад эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ хийх боломжтой бөгөөд Оюутолгой ч үүнд идэвх санаачилга гаргаж байна” гэв.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний 27 эх үүсвэр ажиллаж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 8 тэрбум кВт цаг эрчим хүч хэрэглэснээс 19.3 хувийг импортоор, 80.7 хувийг дотоодоос хангажээ. Цар тахлын сөрөг нөлөөллөөс иргэдийн орлогыг хамгаалах үүднээс төр эрчим хүч, дулааны төлбөрийг хариуцаж байгаа. Үүний улмаас эрчим хүчний хэрэглээ 2019 оны оргил ачааллын үед буюу өвлийн улирлынхтай харьцуулахад 1303 мВт цагаар өссөн байна. Энэ өсөлт 2021-2022 оны өвөл 1470 мВт хүрэх магадлалтай байгаа аж. Гэхдээ эрчим хүчний тариф хэт хямд байгаа нь уг салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Тус салбар гадаад болон дотоодын банканд 60 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа аж.
Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийг хамгийн багадаа 20 хувиар нэмж байж эрчим хүчний салбар хэвийн ажиллах боломжтой болно гэсэн судалгаа гаргасан байна. Уг судалгааг ЭХЯ-наас Засгийн газарт танилцуулжээ. Цар тахлын энэ үед эрчим хүчний үнийг нэмэх нь хүндрэлтэй тул уг асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ Засгийн газрын түвшинд ярилцаж байгаа гэдгийг Эрчим хүчний сайд онцлов.
Ташрамд дурдахад, дэлхийн 143 улс эрчим хүчний салбартаа татаас өгдөг гэдэг судалгаа байдаг аж. Энэ нь эрчим хүчний салбарын үнэд төрөөс зайлшгүй зохицуулалт хийх шаардлагатайг харуулж байгаа юм. Гэхдээ Монгол Улсын хувь эрчим хүчний үнэ үйлдвэрийн өртгөөс хэт доогуур байгааг Н.Тавинбэх сайд дурдсан юм.