“НЭМЭЛТ ТУН ХИЙЛГЭЭД 14 ХОНОГИЙН ДАРАА ЭСРЭГ БИЕТИЙН ТИТР ДЭЭД ТҮВШИНД ТОГТОЖ БАЙНА” ГЭВ

оруулсан Алсын Хараа

Өнөөдрийн Эрүүл Мэндийн Яамны баасан гараг бүрийн ээлжит мэдээллийн үеэр Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр нөхцөл байдлын мэдээг танилцууллаа.

Тэрбээр, “Дэлхий дахинаа дельта хувилбар давамгайлж байна. Франц, Испани улсад вакцинжуулалт 60-аас дээш хувь байгаа.Тийм учраас нас баралт харьцангуй бага байна. Манай улс ч мөн адил дэлхийн улс орнуудтай харьцуулбал нас баралт бага байгаа. Тиймээс иргэд нэн түрүүнд гуравдугаар тунгаа хийлгэх чухал байна. Нэмэлт тунг хийлгээд 14 хоносон иргэнд эсрэг биетийн титр дээд цэгтээ хүрч тогтож байна” гэлээ.

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй төрийн үйлчилгээ, үйл ажиллагаа болон “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг 24 цагийн турш өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Тус дугаарт энэ сарын 21-27-нд нийт 1550 иргэн хандаж мэдээлэл авсан байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ажилтан Б.Намуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын явц хэдэн хувьтай байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамрагдалт 74.6 хувь, хоёрдугаар тунгийн хамрагдалт 71 хувьтай байна. Есдүгээр сарын 13-наас 18-аас дээш насны иргэдийг дархлаа дэмжих нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамруулж эхэлсэн. Энэ сарын 26-ны байдлаар нэмэлт тунд 210 724 иргэн буюу 19.6 хувь нь хамрагдаад байна.

-“Ковид 19” халдвараар өвчилж, эдгэрсэн иргэн дархлаа дэмжих нэмэлт тунд хамрагдах боломжтой болсон. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Ковид-19”-ийн дархлаажуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тун вакцин хийлгэсний дараа коронавируст халдвараар өвчилсөн 18-аас дээш насны иргэдэд эдгэрсэн өдрөөс хойш 21 хоног, эсрэг биетийн эмчилгээ хийлгэснээс хойш 90 хоногийн дараа сайн дурын үндсэн дээр Синофарм болон "Файзер"-ын вакциныг сонголтоор хийхээр болсон. Дархлаа сэргээх нэмэлт тунгаар вакцинжуулах ажлыг өчигдрөөс эхлэн зохион байгуулж байна. “Ковид-19”-ийн эсрэг нэг тун вакцинд хамрагдсан 18-аас дээш насны иргэд хоёр дахь тунгаа хийлгээгүй гурван сараас дээш хугацаа өнгөрсөн бол дахин нэг, хоёрдугаар тунд хамруулах ажлыг зохион байгуулж байна.

-Дархлаажуулалтын цэгийн нэгдсэн байршлыг хаанаас харж болох вэ?

-Дархлаажуулалтын цэг болон шинжилгээний цэгийн мэдээллийг “Нийслэлийн мэдээ” пэйж хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой. Мөн дархлаажуулалтын цэг,  өрхийн эмнэлэг болон 24 цагаар ажиллах эмийн сангийн байршлын мэдээллийг нийслэлийн Хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн орон зайн дүн шинжилгээний системийг ашиглан, arcg.is/1zaHya холбоос линкээр болон QR кодыг уншуулан авах боломжтой юм. Иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай.

Сэтгэгдэл бичих