БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй мягмар гарагт цахимаар уулзлаа.
Хятад, Монгол нь найрсаг харилцаатай ойр дотно хөрш орнууд болохыг Ли Көцян онцлоод, хоёр оронд “COVID-19” цар тахалтай тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг баталгаажуулах үүрэг тулгараад буйг тэмдэглэв.
Мөн хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх нь зөвхөн хоёр талд төдийгүй бүс нутагт үр өгөөжтэй гэдгийг онцлон хэлжээ.
Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Манай улс Монгол Улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо бэхжүүлэх, голлох салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр талын худалдааг өргөжүүлэх, боомтын бүрдүүлэлтийг хөнгөвчлөх, урьд нь тохиролцсончлон цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтад авах арга хэмжээнүүдийг нягт хэрэгжүүлэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна” гэв.
Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд хоёр орон цөлжилтөөс сэргийлэх, таслан зогсоох чиглэлд хамтын ажиллагаагаа урагшлуулан ахиулж, цэвэр, үзэсгэлэнтэй орчныг хамтран цогцлооно гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.
Мөн Хятад улс урьдын адил Монгол Улсад эдийн засгаа хөгжүүлэх, ард иргэдийнхээ амьжиргааг сайжруулах, “COVID-19”-тэй тэмцэхэд нь дэмжлэг үзүүлнэ гэдгийг нэмж хэлсэн байна.
Эрчим хүчний аюулгүй байдал нь үндэсний ашиг сонирхол, ард иргэдийн амьжиргаатай холбоотой асуудал гэдгийг Ли Көцян цохон тэмдэглэжээ.
Тийнхүү БНХАУ нүүрсний арвин нөөцтэй ч эрчим хүчний өргөн хүрээний хамтын ажиллагааг өрнүүлэхэд бэлэн байгааг илэрхийлээд, харилцан ашигтай үр дүнд хүрэхийн тулд хоёр орны нүүрсний худалдааг нэмэгдүүлэхийг сайшаажээ.
Ли Көчяны хэлснээр, Хятад улс зах зээлийн зарчим, бизнесийн дүрэм журмын дагуу хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлж, урт хугацаанд үндэслэлтэй, тогтвортой үнээр эрчим хүчний нийлүүлэлтийн сүлжээг жигд, аюулгүй хангахын тулд хоёр орны аж ахуй нэгжүүдийг хөхиүлэн дэмжиж байгаа ажээ.
Үүний хариуд Л.Оюун-Эрдэнэ, Монгол, Хятадын ирээдүй хамт гэдгийг онцлон тэмдэглээд, Хятадын хөрш зэргэлдээх орнуудтайгаа өрнүүлж буй найрсаг, шударга, харилцан ашигтай, хүртээмжтэй дипломат бодлогыг сайшаажээ.
Мөн Монгол Улсад “COVID-19”-ийн вакцин нийлүүлж буйд талархал илэрхийлээд, цар тахлын эсрэг хоёр орны хамтын ажиллагаа олон улсын тавцанд жишиг болж буйг цохон тэмдэглэжээ.
Цаашид хоёр тал ашигт малтмал, дэд бүтцийн бүтээн байгуулалт, цөлжилтөөс сэргийлэх, тэмцэх зэрэг салбаруудад хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр талын харилцааг улам хөгжүүлнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв.