Бэсүдэй овогт Н.Нагаанбуу агсан, Холбоос Т.Баярхүү нарын
"Монгол ухаан-9 эрдэм" номын хэсгээс...
Хүн төрөлхтний нэгэн шинэ соёл иргэншлийн галав гэх мөчлөг эхлэсэн гэж дэлхий нийтээр шуугих боллоо. Атлантидийн мөхлөөр шувтарсан нэг үнэнт хөгжлийг өртөөлөн авсан хоймсон онолт соёл иргэншлийн 5 дахь галав 1998 онд дуусч байгаа тооцоо сонирхолтой юм. 666 х 3 = 1998 гэсэн зөн үлдээснийг Нострадамус ч үгүйсгэсэнгүй.
Христос хэв ёсонд ёрын тоо гэж цээрлэгддэг 666 яагаад шидэт тоо болов? "Сүйрэл гуравт тэгш хуваагдах онд болно. 1998:3=666" гэж ёролсон Майерийн санаа хоёрол сэтгэлгээний сүйрлийг хэлсэн бололтой. Харин Акокалипсис Майер аль аль нь хамаг шид "3”-т нууцлагдаж байгааг хэв ёсны уламжлалгүй учраас мэдэрсэнгүй. Тэр 666-г үржүүлээд хуваагаад байгаа "3” бол гурвал жам тогтолцоо биш үү?
Тэр нэгдмэл гурвалсан элч чинь гурвалсан сэтгэлгээ 12000 жилийн /ертөнцийн дундач нэг гэдэг нэгж тоолол/ тэртээ 1 үнэнтэй Атлантидийн соёл бас 12000 жил оршин тогтнож цэцэглэн хөгжөөд мөхжээ. Түүнийг уламжилсан Ү галав бас 12000 жил хоёрол онолоор дэвшин цэцэглээд 1998 онд "мөхөх”-г хэлсэн ажгуу.
Гэтэл өмнө дурдаж байсан Тэнгэрийн орны илгээлтэд "Танай дайн байлдаанууд зогсоход ахиад 12000 жилээс наашгүй бололтой” хэмээсэн өгүүлбэр бий. Тэдний ийн дүгнэх болсон шалтгаан нь одоогийн бидний "тийм, үгүй” гэсэн бяцхан сэтгэлгээ ажээ. Тэдний айгаад байгаа зүйл нь бидний явцуу хоймсон сэтгэлэг. Ертөнцийн буюу харь гарагийн ухаантнууд яагаад үл үзэгдэгч нисдэг биетүүд болоод байна вэ? Эсрэгцсэн ухаан тоо томшгүй олон дайн байлдаан сөргөлдөөнд хүргэн амь сүйдэж дэлхийн бүх амьд амьтан зөвхөн хүнээс айдаг төрөлх зөн "айдсын мандал” бий болгоход хүргэжээ.
Урд өмнө нь хүнд алуулж үзээгүй өчүүхэн мөндөл тэмээнээс үл айх атлаа хүүхдээс айдаг бүлгээ. Тэнгэрлэг сэтгэхүйт монголчууд хоймсон хөгжлийн их сүйтгэл дунд гурвал онолыг түүчээлэн мэдэрч зүтгэснийх сөрөг нөлөө харьцангуй багатай эх орон эзэгнэж байна. Эдүгээ айлчлан ирэх шинэ галав хэрсүү ухаан гурамсан амин онолынх байх нь эргэлзээгүй бөгөөд монголчуудын дэлхийг сэрээх гуравдахь дуудлага энэ болно. Хоймсон болон гурвал хөгжлийн үржвэр хурдац 2х3=6 /VI дахь соёл иргэншлийн (галав) гэдэг тоотой дүйж байгаа нь бэлгэшээл бас орчлонгийн математик ерөөл юм. Байгалаа хомсдуулж бус арвидуулж хөгжихүүд дэлхийн амин төвт гурвал онол мөн.
Хад чулуун дээр ногоо ургуулах нэг хэцүү
Хар усан дээр гал түлэх нэг хэцүү
Хайнаг үхрийн эвэр дээр цас тогтох нэг хэцүү
Ертөнцийн гурван хэцүүг гурван эгэл болгон хад чулуун дээр ногоо ургуулбаас амин хөгжил цэцэглэнэ. Хар усан дээр гал түлбээс эрчим хүчний асуудал шийдэгдэж далайн ус галын эх болж уур хаягдал нь бороо болж ертөнц амарна.
Хайнаг үхрийн эвэр дээр цас тогтвоос үүлдэр угсаа үржил /микробиологи, экзимологи, эсийн болон генийн инженерчлэл/ биотехнологи хүний эрхэнд бүрэн орно гэсэн үг. Сарлаг-улаан үхэр хоёрын дундаас гардаг наран саран хайнаг /хааяа нэг/ үхэр нь эвэр урт түүгээрээ дулаанаа их алддаг гэмтэй учир хайнагийг үржүүлдэггүй, үржүүлбээс усан балиам, шалхнаг гүзээ гэгч хэрэггүй амьтан болдог аж.Энэ хэцүүг ертөнцийн амар болгох амин онол ирээдүйд шийдвэрлэнэ гэж эртний монголчууд сэтгэжээ. Ү галавын төгсгөл "харшлын эрин" хэмээх ноцтой болгоомжлол дэгдээлээ. Амьгүйчилсэн хөгжлийн уршиг чөлөөт сөргөлдөөний сул тал энэ байв. Нарны, ургамлын харшил төдийгүй эхийн сүүний хордлого бий болов. Америкийн капиталист хөгжлийн эхлэл алт хайж газар эрэмдэглэж, бизон гөрөөс, бядан нисэгч тагтаа...зэрэг үй олон амьтдын эцсийн амийг хүртэл олз ашгийн золиос болгосон зэрлэг түүх бий. Согооны сүүл, бугын чив, тарваганы цөс, чонын ходоод.. хэмээн амь сүйдэж буй нь хоёролын уршиг боловч гурвал хөгжлийн совин бий. Учир нь амийг амин чанар буюу байгал аварна. Гэхдээ үүнд тэнцвэр /ухаан санаа/ нөлөөлөх ёстой. Одоогийн хандлага бол дэггүй жаалын зүггүйтэл төдий үйлдэл юм.
Гурвал сэтгэлгээг манлайлагч "бүдүүлэг" монголчууд нэгэн насны амьдралд үнэнч байлаа. Онго буюу ой санааны нь үлдэц уламжлагдан удамшдаг болохоос бус сүнс хойт насны амьдрал гэж байдаггүйг маш сайн мэдэж байжээ.
Эзэн Тулуй, Гүр хан Жамуха, Хөхөчү Тэв Тэнгэр нарын үхлийг бодохтун !
Хүннүгийн үеийн гэгдэх булшинд зарц ч юмуу адуу унаа хоол хүнс, гал үнс хамт оршоосон нь түүний аж төрлийг аргадсан тухайн хүний өндөр нэр хүнд чадал чансааг тэмдэглэсэн хэрэг бөгөөд хойт насны нь амьдралын хэрэгцээ гэж үзэж байгаагүй аж. Пифагор /МЭӨ 570-497/, Платон /МЭӨ 427-347/ зэрэг суутнууд сүнс шилжиж дахин амьдардаг тухай номлож тэр нь өнөө ч дэлхий даяар түгээмэл оршсоор элдэв шашны гол баримтлал үйл ажил орлогын нь үндсэн хэрэгсэл болсоор. М.Хайдеггер /1889-1976/, Ж.П.Сартр /1905-1980/ нарын орчин үеийн онолд ч тусгалаа олж үхэл, амь егүүтгэл /Дэвид Хуюм /1711-1756/ зэргийг философийн салшгүй асуудал болгосоор ирсэн нь үхэл гэдэг амьдралын төгс сэдэв гэж өсвөр үе үзэж амиа хорлох, үхлийн сэдвээр бичих гажиг дэлгэрэхэд хүргэх болжээ. Гурвал ухаан маань ертөнцөд хэрэгтэй эрин галав нь ирээд байх шиг.
Алдыг нь аваад дэлэм дээр нь
Атгыг нь аваад чимх дээр нь
Алсыг нь аваад хөтөл дээр нь «эх ардын сургаал буй. Бид энэ л дэлэм чимх хөтөл дээр нь ирээд ягтлаа. Өвгөдийн өв тахиж тулгын гурван чулуундаа гал өрдөх цаг ирлээ. Шинэ галав шинэ хөгжил гурвалын онолынх буюу мянган жилд ганц тохиолддог гурван ес бүрдсэн тоонд /1999/ ҮI галав эхлэж байгаа нь гурвалын дээд бэлгэдэл буюу. Үндэс угсаагаа гэсэн хүний шинэ совин, төрийн мэргэн зарлиг цуварна гэж итгэнэ.