Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэн тооцож, цагаатгах шийдвэр гаргасан тухай Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас өчигдөр мэдээлэв.
Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг тус шүүх өчигдөр хянан хэлэлцсэн байна. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг ийнхүү хангаж шийдвэрлэжээ.
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал, А.Филатова нарын нэр төрийг сэргээж, цагаатгах хүсэлт өнгөрсөн хугацаанд олон удаа гарч байсан ч өдийг хүртэл шүүхээс ямар нэгэн шийдвэр гараагүй байв. УИХ-ын дэд дарга, Цагаатгалын комиссын дарга С.Одонтуяа тэднийг цагаатгах нэхэмжлэлийг 2020 оны наймдугаар сард гаргаад байсан. Тэрбээр тухайн үед мэдээлэхдээ, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсныг 1984 онд гадаадад нутаг заан цөлж, гэрийн хорионд байлгаж, эд хөрөнгө, тэтгэврийг нь хураасан баримт байгааг дурдаад, хүний эрхийг зөрчиж, хэлмэгдүүлсэн бүх бичиг баримттай нэг бүрчлэн танилцсаны эцэст шүүхэд хандаж байгааг тэмдэглэсэн юм.
Ташрамд дурдахад, Монгол Улсын төрийн тэргүүн, маршал Ю.Цэдэнбал 1940-1984 он хүртэл БНМАУ-ыг удирдаж байв. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдаж байсан. Ю.Цэдэнбалыг нас барсных нь дараа Улаанбаатар хотод Улсын Драмын Эрдмийн Театрын өмнөх талбайг Ю.Цэдэнбалын нэрэмжит болгож хөшөөг нь босгосон. Мөн Улаанбаатар хотын "Эрэл" дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ. 2016 оны 9 сарын 21-ний Засгийн газрын хуралдааны шийдвэрээр Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг түүний нэрэмжит болгожээ.