Сахар бидний бие махбодид хортой гэдгийг хүмүүс тодорхой хэмжээгээр мэддэг. Гэхдээ үүнийг огт тоолгүйгээр амттан идэж, хийжүүлсэн ундаа ууж, сахараа хэтрүүлсээр байдаг шүү дээ. Үнэхээр ч сахар бол гайхалтай амттай хэрнээ аюултай бүтээгдэхүүн. Уг бүтээгдэхүүнийг хэтрүүлээд л байвал эрт орой хэзээ нэгэн цагт бие махбод, эрүүл мэнд тань муудна шүү.
Сахарын хэрэглээ хэтэрснийг илтгэх 9 шинж тэмдгийг цуглууллаа.
1. Булчин, үеэр өвдөх. Бие янгинаад байдаг болохоор та явган аялал зугаалга, гадаах ажил, спортын зугаа цэнгэлд оролцохоос татгалздаг болсон уу? Магадгүй энэ нь таны бие махбодод дотроосоо үрэвсэл эхэлснийг илтгэж байж мэдэх вм. Бие махбодод сахарын түвшин өндөр байснаар дархлааны эсүүд илүүдэл глюкозыг шимэгдүүлэхийн тулд цусанд үрэвсэл үүсгэгч бодис ялгаруулж эхэлдэг байна.
Тиймээс та сахар их хэмжээгээр хэрэглэх тусам глюкозыг устгах үрэвслийн үйл явцыг нэмэгдүүлдэг гэсэн үг. Биохимийн энэхүү ярвигтай үйл явцын улмаас өвдөх мэдрэмж төрж, цаашид зүрхний өвчлөл, ой санамж муудах, харалган болох зэрэг өвчлөл үүсдэг байна.
2. Амттанд тэмүүлэх. Амтлаг бүтээгдэхүүн идсэнээр цадна гэж байхгүй. Маш хурдан шингэдэг болохоор ямар нэгэн амттан идсэнээс хойш нэг цагийн дотор л дахин өлсөх мэдрэмж төрнө. Үүнээс гадна бялуу, жигнэмэг зэрэг нь хар тамхитай төстэй хамаарал үүсгэдэг байна.
Энэ нь сахар допанамин хэмээх аз жаргалын дааврыг ялгаруулдагтай холбоотой. Ингэснээр сэтгэл санаа сайхан, өөдрөг болно. Бие махбодод сахар нь эерэг сэтгэл хөдлөлийн эх үүсвэр болдог болохоор шагнал болгон дахин шинэ тунг шаардаж эхэлдэг байна. Энэ бол гарахад хэцүү тойрог юм. Сахараас татгалзсанаар та хар тамхичинтай адил жинхэнэ хүнд асуудлыг мэдэрдэг.
3.Эрч хүч эрс ихсэх. Глюкоз нь бидний бие махбодыг энергиэр хангадаг чухал бодис. Өдрийн турш сахраа нэг түвшинд барих нь чухал бөгөөд жаахан л алдагдуулчихвал эрч хүч огцом унадаг байна. Энэ үйл явцыг тайлбарлавад амттан хэрэглэх үед нойр булчирхай нь глюкозыг таны эсүүдэд хүргэхэд тусалдаг инсулин ялгаруулдаг. Ингэснээр таны эрч хүч нэмэгдэнэ. Харин энэ үйл явц дууссанаар энергийн түвшин огцом унаж, бие махбод дахин шинэ амттан хэрэглэхийг шаарддаг байна. Тэгэхээр хүнсэндээ уураг, ашигтай өөх тосоор баялаг хүнс хэрэглэвэл амттаны оронд сахарыг цусанд жигд тарааж, эрч хүч огцом нэмэгдэх, буурах үзэгдэл үгүй болно.
4. Арьсан дээр тууралт гарах. Сахар агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэснээр инсулин тосны булчирхайн идэвхжлийг нэмэгдүүлдэг тул арьсан дээр үрэвсэл, батга гарч эхэлдэг байна. Хэрвээ та батгашаад, арьс салст эвгүйрхэж, эм бэлдмэл, тос түрхээд ч нэмэргүй байвал сахарын агууламж өндөр хүнсний бүтээгдэхүүнээ аль болох багасгаарай.
5. Жин нэмэгдэх. Өмсдөг жийнс тань багтахаа болих мэдрэмж хамгийн муухайг хүмүүс мэднэ. Та хүлээн зөвшөөрөхгүй байсан ч энэ бол амттан ихээр хэрэглэсний уршиг юм. Амттан нь гэдэс хавиар илүүдэл өөхөн давхарга үүсэхэд нөлөөлдөг. Сахар хэрэглэх үед ялгардаг инсулин нь бэлхүүс хавьцаа илүүдэл өөр болон хуримтлагддаг байна. Тиймээс та сахар цаашид хэрэглээд л байвал галбираа улам алдана гэдгийг ухаарах хэрэгтэй.
6. Шүд хорхойтох. Амттай бүтээгдэхүүн шүд хорхойдолтыг ихэсгэдэг. Гэхдээ шүдний хорхойдолт нь сахар, эсвэл өөр нэгдэл биш, хоол хүнсний үлдэгдлийг дутуу цэвэрлэснээс болдог гэдгийг санах хэрэгтэй. Шүдээ цаг тухайд нь угаахгүй бол өнгөр тогтож, шүдний хатуу бүтцийг гэмтээж эхэлдэг байна. Амттан, тэр дундаа чихэр нь хоёр шүдний хооронд үлдэж, цэвэрлэхэд хүнд болдог. Үүнээс болж шүд мууддаг байна. Тиймээс та амттан хэрэглэсний дараа амны хөндийн ариун цэвэртээ илүү анхаарах хэрэгтэй гэсэн үг.
7. Сахарт илүү тэсвэртэй болно. Сахарыг байнга ихээр хэрэглэснээр мэдрэх эрхтнүүд ийм хэмжээний сахарт дасан зохицож, илүү амтлаг зүйл нэхдэг болно.
Хэрвээ та идэж буй алим, гадилныхаа амтыг бүрэн дүүрэн мэдэрч чадахгүй байвал хоол хүнсэндээ ер нь ямар бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж байгаагаа анзаараарай. Амттангаа багасгаснаар та байгалийн бүтээгдэхүүний амт, үнэрийг илүү тод мэдрэх болно.
8. Байнга ханиад, томуу тусна. Сахар их хэмжээгээр хэрэглэснээр бие махбод өвчин үүсгэгч бактериудтай тэмцэх чадваргүй болдог. Ханиад томуу, бусад вирустэй тэмцэхэд тустай С витамин нь химийн бүтцийн хувьд глюкозтой төстэй байдаг. Тиймээс өвчинтэй тэмцэх С витамин хэрэглэхийн оронд дархлааны систем нь глюкозыг хэрэглэдэг байна. Гэтэл энэ нь бактеритай тэмцэх ямар ч чадваргүй. Тиймээс ханиад томууны улиралд амттаныг багасгаж, С витаминаар баялаг ногоо, жимс хэрэглэх нь ханиад томуугаас урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга юм.
9. Гэдэс дүүрэх. Хоол боловсруулах замын эмгэг нь бидний хэрэглэж буй хүнстэй холбоотой гэдэг нь нууц биш. Тухайлбал, хоол боловсруулах замд үүсдэг зарим таагүй асуудал сахараас үүдэлтэй. Хэрвээ сахар нарийн гэдсээр шимэгдэж чадаагүй бол бүдүүн гэдэс рүү шууд орно. Ингэснээр хий үүсгэдэг бактерийг нэмэгдүүлдэг байна.
Тиймээс гэдэс дүүрэлтээс ангижиръя гэвэл сахарын өндөр агууламжтай бүтээгдэхүүнээ хязгаарлах хэрэгтэй. ДЭМБ-аас сахарын хэмжээг өдөрт хэрэглэх хүнсний зохистойн хэмжээний 10%-иас хэтрэхгүй байх ёстой гэж үздэг. 10% гэдэг нь цайны 7 халбага цэвэр сахар юм. Нэг цайны халбаганд 4 грамм нүүрс ус агуулдаг байна.