Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран 2021-2024 онд хамтран ажиллах түншлэлийн стратегийн баримт бичгийг боловсруулжээ. Уг стратегийн баримт бичгийн хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засгийг дэмжих цөөн тооны төсөл хөтөлбөрт 1.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгох юм.
Тус стратегийн баримт бичгийн талаар Сангийн сайд Б.Жавхлан, АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран, Суурин төлөөлөгчийн орлогч, ахлах эдийн засагч Деклан Магий нар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж танилцууллаа.
Хамтран боловсруулсан тус стратегийн баримт бичгийг АХБ-ны захирлуудын зөвлөлийн энэ сарын 6-ны хуралдаанаар баталсныг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийн эхэнд тодотгов. Тус хамтын ажиллагааны стратегийг тодорхойлохдоо, "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бусад бодлогын баримт бичигт нягт уялдуулсныг тэмдэглэв. Ингэхдээ 2021-2024 онд цар тахлыг даван туулах, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн суурийг тавих зорилгоор,
- Нийгмийн хүртээмжтэй хөгжил ба эдийн засгийн боломжуудыг хөхиүлэн дэмжих,
- Өрсөлдөх чадвар ба эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, уур амьсгалд дасан зохицохуйц дэд бүтцийг хөгжүүлэх,
- Тогтвортой уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэмжтэй ногоон хөгжлийг цогцлоох гэсэн гурван үндсэн тэргүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.
Мөн салбар дамнасан жендерийн тэгш байдал, цахим шилжилт, хувийн хэвшлийн оролцоо, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх гэсэн дэд чиглэлээр хамтран ажиллах болно гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллийн үеэр дурдав. Тэрбээр, "Энэ хүрээнд, ЖДҮ-ийг дэмжиж, ажлын байр бий болгох, төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийг дэмжих, дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, импортыг орлуулж, экспортыг нэмэгдүүлэх, бизнес хөрөнгө оруулалтыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана. Мөн боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, санхүү, зам, тээвэр, хот төлөвлөлт зэрэг дэд бүтцийн салбарт хамтран ажиллахаар тохирсон" хэмээн тэмдэглэлээ.
Стратегийн хүрээнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд, жилд дунджаар 370 сая ам.доллар буюу нийт 1.5 тэрбум ам.долларын хөгжлийн санхүүжилтийг Монгол Улсад олгох боломжтойг АХБ-наас тодорхойлжээ.
Цаашид Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг дэмжих зорилгоор бодит эдийн засгийн идэвхжлийг дэмжих томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, гурван ээлжтэй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх, ачаалалтай байгаа аймаг, дүүргийн эмнэлгийг сэргээн засварлаж, хүртээмжийг нэмэгдүүлэх, зам, дэд бүтцийг сайжруулж томоохон суурин газрыг хөгжүүлэх, аялал, жуулчлалын болон мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлж импортыг орлох бүтээгдэхүүний хэрэглээх нэмэгдүүлэх цөөн тооны нийгэм эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Монгол Улс, АХБ-тай хамтран КОВИД-19 цар тахлыг даван туулах, нийгэм эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөө, дарамтыг бууруулах зорилгоор, 2021 онд эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах хөтөлбөрийн нэгдүгээр үе шат, цар тахлын хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төслийн хоёрдугаар үе шат болон дархлаажуулалтын ажлыг дэмжих төслийн гэрээ хэлэлцээг амжилттай байгуулан ажиллаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр онцоллоо.
Монгол Улс, АХБ-тай хамтран ажилласны 30 жилийн ой тохиож буй бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ДНБ-ий өсөлт 10 дахин нэмэгдсэн гэдгийг АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцлов. АХБ-наас монгол хүүхдийн сурах нөхцөлийг сайжруулах чиглэлээр нийт сургуулиудын 40 хувьд нь засварлах, барих ажлыг хийснийг онцлов. Мөн баруун бүсийн аймгуудыг холбох 240 км авто замыг барьсан зэрэг олон томоохон дэмжлэг олгож байгааг дурдлаа.
Одоо шинээр хэрэгжих түншлэлийн стратеги нь хүү багатай, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн эх үүсвэртэй бөгөөд илүү хүртээмжтэй өсөлтийг бий болгохыг хүсэж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, "Монгол Улс эдийн засгаа сэргээх хөтөлбөр гаргасныг бид дэмжиж ажиллана. Түүнээс гадна хувийн хэвшлийн оролцоо, иргэний нийгмийн байгууллагатай илүү ойр ажиллаж, дижитал шилжилт, жендерийн тэгш байдлыг салбар дунд хөгжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн. Макро эдийн засгийн тогтворгүй байдал, эдийн засгийг төрөлжүүлж чадахгүй байгаа асуудлыг шийдвэрлэхийг зорино. Голчлон Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх талд дэмжих юм. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр нь ажлын байрыг нэмэгдүүлэх талд томоохон үр дүн авчрах хүлээлттэй байна. Энэ чиглэлд Сангийн сайдтай ойр ажиллана. Зөвхөн Засгийн газар биш, хувийн хэвшилтэй хамтран ажиллахаар стратегиа боловсруулсан. Ингэснээр, Монголын ард түмний амьдралын чанар сайжирна" хэмээв.
Дараа нь АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч, ахлах эдийн засагч Деклан Магий, стратегийн баримт бичгийг боловсруулахад иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн санал, зөвлөмжид тулгуурласан гэдгийг тэмдэглэв. Энэхүү стратегийг хэрэгжүүлэхдээ, нэгдүгээрт КОВИД-19 цар тахлыг хурдан, ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд хохирол багатай даван туулах, урт хугацаандаа илүү хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг цогцлоох чиглэлд голлоно гэдгийг тодотгов. Ингээд тэрбээр, уг стратегийн баримт бичигт тусгасан гурван үндсэн чиглэлийг задлан танилцуулав.
Нийгмийн хүртээмжтэй хөгжил ба эдийн засгийн боломжуудыг хөхиүлэн дэмжих
- КОВИД-19 цар тахлын үед эдийн засгийг сэргээхэд дэмжлэг болох, /Вакцин, тоног төхөөрөмж, онцгой нөхцөл байдлын үеийн дэмжлэг/
- Хүний хөгжил болон нийгмийн оролцоо /Эрүүл мэндийн салбарын дунд хугацааны шинэчлэл, нийгмийн хамгаалал, ажиллагсдын ур чадвар/
- Санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжил /Банкны сектор, банк бус санхүүгийн салбар, бондын зах зээл, ногоон санхүүжилт.
- Хувийн хэвшлийн хөгжлиг дэмжих /Бизнесийн орчин, зээл, худалдааны санхүүжилт, хувийн хэвшлийн үйл ажиллагаа/
Өрсөлдөх чадвар ба эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, уур амьсгалд дасан зохицохуйц дэд бүтцийг хөгжүүлэх
- Хот сууринг холбосон дэд бүтцийн хөрөнгө оруулалт /Авто зам, хотын тээвэр, уур амьсгалд дасан зохицох, цахим шилжилт/
- Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй дэд бүтцийн шийдлээр хот суурин ба хөдөө орон нутгийг холбох, /Ус хангамж, ариутгах татуурга, хот суурины дэд бүтэц, дагуул хотууд/
- Бүс нутгийн хамтын ажиллагаа ба интеграцчилал /Хилийн боомтууд, гадаад худалдааны удирдлага, зохицуулалт, CAREC, бүс нутгийн эрчим хүчний сүлжээ/
Тогтвортой уур амьсгалын өөрчлөлтөд мэдрэмжтэй ногоон хөгжлийг цогцлоох
- Макро эдийн засгийн удирдлага ба дотоод нөөц, боломжийг дайчлан ашиглах /Төрийн буюу нийтийн нөөц, хөрөнгийн удирдлага, өрийн удирдлага, татварын бодлого/
- Тогтвортой агробизнес ба аялал жуулчлал /Мал аж ахуйн менежмент, агробизнесийн хөгжил, тогтвортой аялал жуулчлал/
- Цэвэр эрчим хүч ба дулааны хангамж /Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл болон түүний экспорт, цахилгаан дамжуулах сүлжээний уян хатан байдал, хувийн хэвшлийн үйл ажиллагаа/
- Бохирдлыг бууруулах /Цэвэр технологид суурилсан дулаан хангамж, эрчим хүчний үр ашиг, ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулах ажил/
- Уур амьсгалын өөрчлөлтийн болон гамшгийн эрсдэл даах чадвар /Гамшгийн эрсдэлийн удирдлага, гамшгаас урьдчилан сэргийлэх тогтолцоо/
- Усны болон байгалийн нөөц баялгийн удирдлага /Усны нөөцийн нэгдсэн удирдлага, бэлчээрийн менежмент, байгалийн нөөц/
Мөн хамтран ажиллах стратегийн баримт бичигт тусгасан сэдэвчилсэн тэргүүлэх чиглэлийг танилцууллаа. Үүнд,
Хувийн хэвшлийн үйл ажиллагаа ба төр-хувийн хэвшлийн түншлэл
- Хувийн хэвшил дэх үйл ажиллагааг нэмэгдүүлэх,
- Бизнесийн орчинг сайжруулах
- Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тогтолцоог сайжруулж, энэ төрлийн төслүүдэд зөвлөгөө өгө
Жендерийн тэгш байдлыг хангах үйл ажиллагаа, энэ чиглэлд гаргасан ахиц дэвшлийг эрчимжүүлэх
- Жендерийн тэгш байдлыг хангах хууль тогтоомж, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах
- Жендерт суурилсан хүчирхийллийг бууруулах
- Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоо ба эмэгтэйчүүдийн манлайлал
Цахим шилжилт ба өндөр түвшний технологи
- Төрийн үйлчилгээг цахимжуулах
- Цахим шийдлүүд ба инновац
Иргэний нийгмийн түншлэлийг гүнзгийрүүлэх
- Төслийн боловсруулалтад иргэний нийгмийн оролцоог хангах
- Төслийн үр өгөөж хүртэгчдийн эргэх холбоог сайжруулах
Институцийн чадавх ба засаглал
- Төрийн санхүүгийн удирдлага
- Авлигатай тэмцэх үйл ажиллагаа гэсэн сэдэвчилсэн чиглэл багтаж байна.