Халхын Мэргэн жононгийн айлтгах нь
Ум сувасти шиддам. Энх-Амгалан хааны гэгээнээ Мэргэн жононгийн айлтгах нь:
"... Урьд Төвд Хатан баатрын ахмад хөвүүн Хонгой цэцэн жонон, жононгийн ахмад хөвгүүн Цэцэн чөөхүр, Чөөхүр ахай хоёул Зуу, Банчэн, Далай ламын гэгээнээ мөргөөр одохуйд Чөөхүр замын зуур өвдөж халив. Чөөхүрийн /Цэцэн/ хөвүүдийн хамт Ахай нар мөргөж хойш ирэхүйд Цогт долоон хошуунаас тэрсэлж дайсан болж, Ахайг алж довтолсонд бага хоёр түржийг арван сайд авч гарч ирэв. Цогтыг буруу болсон учирт Гүши хаан, Баатар тайж түрүүлж олон ноёд Монголын хоёр Бинтийн хамт цэрэглэн ирж авав. Түүний өвөг жонон хоёр хөвүүнийг хараахан өршөөн явахуйд жонон алдав. Засагт ханд Эрдэнэ дайчин түрэмгийлэн хэлж жонон болов.
Туулай жил жонон тойныг алдсан сац Самади өөрийн эхийг өөрийн уг нутаглан суусан газарт гээж, хоёр хутагтын хороог эвдэлж дүү нарын албатыг авав.
Луу жил Дайкүри хэмээх газраа чуулган нийлсэнд уг үндэсний ёсыг олж Жибзундамба хутагт, Жалханз хутагт, Майдар хутагт, Далай ламын элчин, хоёр Номун хаан, хоёр Номун эзэн, хоёр хан тэргүүлж долоон хошууны их бага ноёд Мэргэн тайжийг хаан суулгав. Цэцэн зоригтыг Цэцэн жонон болгов. Түүнээс хойш 16 жил болтол оны албыг хүргэж хишиг шанд хүрсэн бүлгээ.
Засагт хан нохой жил Самадийг жонон хэмээв. Түүнээс хойш 16 жил болтол Самадийг оны албыг 5 удаа хүргүүлбээс хишиг шанг эс өршөөсөн билээ. Далай ламын өршөөсөн бичиг бэлгийг Жарбунайгаас хонин жил Засагт хан авч, Самади жононд өгөв.
Мичин жилээс хойш оны албыг хүргэж хишиг шанд хүрэв. Хоёр жононг алдсан хойно хулгана жил маны элчин бас Пунцагийн элчийн хамт Далай ламын гэгээнээ өөр өөрийн учрыг хэлтүгэй хэмээн зарсанд, над Мэргэн жонон цол, тамга өршөөн өгөв. Пунцагт огт өршөөсөн явдалгүй бүлгээ. Энэ чуулганд хоёр лам, хоёр хан түрүүлж, хоёр засаг болов. Тийн боловч дээд Далай ламын гэгээн хэмээмүй. Зүйгээр ахчилах нь миний бие бүлгээ..."
Энх-Амгалангийн 26-р он /1687/-ы данс
Эх сурвалж: Дайчин гүрний Дотоод яамны монгол бичгийн гэрийн данс 7-9-р боть. МУИС, МУИС—ын Монгол судлалын хүрээлэн, Монгол дахь Манж судлалын холбоо. Улаанбаатар 2017 он.
Тайлбар:
1.Төвд Хатан баатар бол Гэрсэнз хунтайжийн 2-р хөвүүн Ноёнтой Хатан баатрын хөвүүн билээ.
2. Цогт гэдэг нь бидний сайн мэдэх “Цогт тайж” киноны гол дүр болох Түмэнхэн Цогт хунтайж юм. Тэрээр Гэрсэнз хунтайжийн 3-р хөвүүн Онохуй үйзэнгийн ач болно.
3.Гүши ханыг Хошуудын Төрбайх хан гэдгийг бүгд мэднэ.
4. Баатар тайж нь Ойрадын Эрдэнэбаатар хунтайж.
5. Хоёр Бинт гэдэг нь Цогт тайжын авга, үеэл бололтой.
6. Туулай жил нь 1639 он.
7. Луу жил Дайкүри хэмээх газраа – гэдэг нь 1640 он Тайхар чулууны газрыг хэлж буй бололтой. Энэ 1640 оны зун Ойрадын Тарбагатай хэмээх газраа Халх-Ойрадын ноёдын их чуулган болсон билээ.
8. Оны алба - гэдэг нь Манжийн хаанд жил бүр өргөдөг 9 цагааны албыг хэлж буй.
9.Энэхүү айлтгал нь Халхын Мэргэн жононгоос 1687 онд Манжийн Энх-Амгаланд хаанд айлтгасан айлтгал юм.
Бичсэн: Ю.Пүрэвдорж. 2020.02.03.