Ж.Мягмар: Есдүгээр сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэлийг хийж байна

оруулсан Алсын Хараа

БШУЯ-наас сургуулийн өмнөх боловсролын асуудлаар мэдээлэл хийж байна.

БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар "Эрүүл мэндийн яамтай хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрдэмтдийн багийг боловсролын яаманд мөн урьж ажиллуулсан. Сургуулийн өмнөх боловсролын хувьд үе шаттайгаар хичээлээ эхлүүлэх талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг 2-5 насны хүүхдүүд хамгийн эмзэг насныхан. Коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй. Мөн эдгээр хүүхэд улирлын томууд их нэрвэгддэг.

Иймээс дөрөв, таван настай хүүхдийн хичээлийг эхний ээлжид оруулахаар тохирсон. Есдүгээр сарын 1-нд цэцэрлэгийн танхимын сургалтын үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй орчинд нээх нь. Хамгийн гол зүйл нь боловсролын байгууллага эцэг эхийн хамтын ажиллагаа чухал. Цэцэрлэг доторх ариутгал халдваргүйтгэл бүх дэг журмыг боловсролын яамнаас боловсруулаад эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлахаар бэлдэж байгаа.

Есдүгээр сарын 1-нд 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хүлээж авах бэлтгэлийг хийж байна.

Өмнө нь цэцэрлэгт явж байсан хүүхдүүдийг үргэлжлүүлэн хамруулна. Эцэг эхийн санал хүсэлтэд үндэслэн 4, 5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Нөхцөл байдлын үнэлгээ хийж байж,  2, 3 настай хүүхдүүдийг хэзээ цэцэрлэгт хамруулахыг шийднэ.

Таван настай 77,185 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байна. Дээр нь хувилбарт сургалтад хамрагдах хүүхдүүд орон нутагт болон Улаанбаатарт бүртгэлийн хүрээнд хийгдэх боломжтой.

Нэг бүлэгт хамгийн дээд тал нь 25 хүүхэд суралцана

Хамгийн түрүүнд цэцэрлэг бүгд танхимын сургалтаар хичээл эхлэнэ. Тухайн цэцэрлэгт ямар нэгэн өвчлөл гарахгүй нөхцөлд танхимын сургалт нь үргэлжлэх боломжтой. Хүүхдэд коронавирусийн тохиолдол илэрсэн, эрсдэлтэй нөхцөл үүсвэл зайн сургалт руу шилжинэ. Тухайн ангид нэг батлагдсан тохиолдол илэрсэн тохиолдолд 14 хоног зайн сургалт руу шилжинэ.

Нэг ангид 20 дээр нэмэх, хасах тав гэсэн зохион байгуулалтаар хичээллэнэ. Нэг бүлэгт хамгийн дээд тал нь 25 хүүхэд суралцана. Гурав хүртэлх бүлгээс өвчлөл илэрвэл тухайн хэсгийг 14 хоног хааж, гэх мэтчилэн хэсэгчилсэн зохион байгуулалт хийнэ. Аль болох танхимын сургалтыг бүтнээр нь биш хэсэгчлэн хаана гэсэн үг юм.

Хүүхэд ангидаа маск зүүхгүй. Гэр цэцэрлэг хоёрын хооронд маск зүүж ирээд, үүдэндээ гараа ариутган халуунаа үзүүлж бүх ариутгалаа хийлгэнэ. Өөр ямар нэгэн газраар хүүхдээ дагуулж эцэг эхчүүд битгий яваарай. Ингэвэл таны хүүхдийн анги танхимын сургалтаа үргэлжлүүлэх боломжтой.

Цэцэрлэг болон гэртээ хүүхдийн ам хоолойг зайлшгүй зайлуулах ёстой. Цэцэрлэгийн орчинд хүүхдийн шүдийг угаалгахгүйгээр гэрт нь угаалгаж, заавар өгнө.

Эцэг эхчүүд цэцэрлэг гэр хоёрын хооронд хүүхэд төдийгүй өөрөө халдваргүйтгэлийн дэглэмийг маш сайн барих ёстой" гэлээ.

Сэтгэгдэл бичих