ҮНДСЭН ХУУЛЬ ТАВАН БАРТАЙ ӨДӨР “МЭНДЭЛСЭН”

оруулсан Алсын Хараа

Аливаа үйл хэргийг эхлэхдээ “Өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээдэг” монголчууд 1924 онд Анхдугаар их хурлаа хийж, Үндсэн хуулиа батлахдаа яагаад арваннэгдүгээр сарын 26-ныг сонгосон юм бэ. Их хаандаа хүндэтгэл үзүүлэх, төрт ёсны үйл хэрэг,   хууль цаазаа батлах нь намар, өвлийн улиралд багтаж байсан нь тохиолдлынх уу. Энэ  сэдвээр түүхч, судлаач Н.Нагаанбуу агсныг 2013 оны 11 дүгээр сарын 22-нд хэвлэлд өгч байсан ярилцлагыг хүргэж байна.

Монголчууд 1924 онд шинэ Үндсэн хуулиа батлахдаа яагаад  арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг сонгосон юм бол, утга билэгдэл  байгаа бол тэр нь ямар учиртай байдаг вэ?

-Монголчууд эрт дээр үеэс намар сэрүү унах цагаар хаан эзнийхээ амрыг эрэн золгож, төрийн хэргийг хэлэлцэж ирсэн. Бар жилийн бар сарын бар өдрийн бар цагт төрийн хууль цаазыг хэлэлцдэг уламжлал байсан.  Хүннү, Сяньби, Нирун, Киданы үеийн ихэс дээдэс энэ өдрийг сонгож их хааныхаа зарлигийг баталдаг байсан. Хятадын түүхийн тэмдэглэлд энэ тухай бичиж тэмдэглэсэн байдаг. Монголчууд Их засаг хуулиа батлахдаа 1205 оны бар жилийн бар сарын бар өдрийн бар цагийг тааруулан бар зүгээс хуулиа залж хэлэлцэж баталсан түүхтэй. Энэ уламжлал явсаар 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ныг зориуд товлон хүлээж, бэлдэж байгаад Үндсэн хуулиа баталсан учиртай.

Тухайн үед тийм санал гаргаж байсан юм уу?

-Тэр үеийн улсын Анхдугаар их хурлын гишүүдийн дотор Чингисийн алтан ургийн хүмүүс цөөнгүй байсан. Тэд бол ёс уламжлалаа сайн мэдэж байсан. Ингээд хуулиа батлах өдөр, судрыг ихээхэн үзэж, харж байгаад товлосон нь тэр. Тэгээд хуулиа баталсан.

Гэтэл зарим судлаач, түүхч, улс төрчийн зүгээс Оросын коминтернийн үзэл суртал орсон, бараг тэд л тулгаж хуулиа батлахыг шахамдуулж байгаад арваннэгдүгээр сарын 26-нд батлуулсан гэдэг юм билээ?

-Тийм юм байхгүй. Би  сая хэллээ шүү дээ, монголчууд  бар жилийн бар сарын, бар өдрийн бар цагт, бар зүгээс хуулиа залж хэлэлцэж баталсан гэж. Энэ таван барын билэгдэлтэй өдрийг өөрсдөө сонгоод өнжин хонон хүлээж байгаад хуулиа баталсан болохоос Оросын коминтернийн тулгасан өдөр биш.

-Тухайлбал, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ныг гэхэд өөрсдөө хүлээж бэлдэж байсан гэж үү?

-Хүлээхээр барах уу, маш их хүлээсэн. Тэр байтугай 1993 онд баталсан Үндсэн хуулийг ч уламжлалынхаа дагуу арваннэгдүгээр сарын 26-нд батлах  бодолтой байсан гэж тэр  үеийн АИХ-ын депутат Г.Зуунай ярьж байсан. Харамсалтай нь маргалдаж мэтгэлцсээр байгаад хугацаа авч нэгдүгээр сарын 13-нд баталсан гэдэг.

-Манай улс өнгөрсөн жилээс энэ өдрийг тэмдэглэхгүй болсон. Үүнийг та юу гэж үзэж байна?

-Харамсалтай байна. Үндсэн хууль бол аливаа улсын тусгаар тогтнолын баталгаа байдаг. Тийм учраас  нийтээр тэмдэглэх ёстой, төрийн зүгээс хүндэтгэл үзүүлэх учиртай.

С.Баяр

Сэтгэгдэл бичих