Сүүлийн 24 цагийн хугацаанд 1298 хүнээс коронавирусний халдвар илэрсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв. Тодруулбал, Улаанбаатар хотод 646, орон нутагт 644 халдварын тохиолдол батлагджээ. Мөн гаднаас зөөвөрлөгдсөн гурван тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн хугацаанд 3 929 хүн эдгэрсэн бол 10 хүн нас барчээ.
Нас барсан хүмүүсийн 5 нь эмэгтэй, 5 нь эрэгтэй бөгөөд насаар нь ангилбал, 41-60 насны гурав, 61-80 насны хоёр, 80-аас дээш насны нэг хүн байна. Нас баралтын шалтгааны хувьд найм нь зүр судасны өвчлөл байжээ. Ингэснээр манай улсад нийт батлагдсан тохиолдол 145 787, нийт нас баралт 726 болж байна. Харин нийт эдгэрсэн хүний тоо 125 882 болж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 10 462 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүний 2 358 нь хүүхэд, 573 нь жирэмсэн эх байгаа юм. Харин гэрийн хяналтад 16 544 хүн байна. Улсын хэмжээнд хоёр сая 105 мянга 276 хүн вакцины нэгдүгээр тунд, нэг сая 815 мянга 790 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.
ЭМЯ: 12-17 насны хүүхдийн өвчлөл багасаж байна
Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол хүн амын 4.2 хувь, Улаанбаатарт 6.6 хувьд хүрсэн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Буянтогтох өнөөдөр мэдээлэв.
Улсын хэмжээнд, Говь-Алтай аймагт өвчлөл хамгийх их байгаа бол Орхон, Төв аймаг дараагийн дугаарт эрэмблэгдэж байгаа юм. Орон нутагт 5200 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 77.5 хувь нь хөнгөн байгаа бол 28 орчим хүний биеийн байдал хүнд байгаа аж. НОК-оос өгсөн мэдээгээр, нийслэлээс 40 мянга гаруй машин, 80 мянга гаруй хүн орон нутагт гарсан байна. Тиймээс цаашид орон нутагт өвчлөл нэмэдэх магадлалтайг анхааруулав. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийг эмнэл зүйн байдлаар нь авч үзвэл, нэн хүнд 1.1 хувь, хүнд 1.002, хүндэвтэр 25.5 хувийг эзэлж байгаа юм.
Манай улсад хэвтэн эмчлүүлж буй хүний тоо бусад улс орнуудтай харьцуулахад их байгаа нь нас баралтаас сэргийлсэн алхам болж байгаа хэмээн тэрээр онцоллоо. Тухайлбал, Израйлд нийт хүн амын 9.9 хувь нь халдвараар өвчилсөн ч өдөрт эмнэлэгт хэвтэх хүний тоо 2 500 хүрч байсан. Тэгвэл манай улсад өвчлөл нийт хүн амын 4.5 хувьд байгаа хэдий ч эмнэлэгт эмчлүүлж буй хүний тоо 14 500 хүрсэн байна.
Манай улсад коронавурисний халдварын улмаас нас барсан хүмүүсийн 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй эсхүл бүрэн тундаа хамрагдаагүй байгаа юм. Мөн архаг, суурь өвчтэй хүмүүс нас баралтын 80 хувийг эзэлж байна. Тэр дундаа зүрх судасны өвчлөлийн дийлэнх хувийг эзэлж байгааг хэллээ. Түүнчлэн 65-аас дээш насныхан нийт нас баралтын 62 хувь, 50-аас дээш насныхан 88 хувмйн эзэлж буйг тэмдэглэв.
Дэлхийд 190 сая хүн өвчилж 4 сая гаруй хүн нас барсан. Дэлхийд нас баралтын хувь 2.05 хувьтай байгаа бол манай улсад 0.5 хувьтай байна. Манай улс 12-оос дээш насны хүүхдэд вакцин хийж эхэлсэн. Ингэснээр, сүүлийн долоо хоногт 12-17 насны хүүхдийн өвчлөл 8.65 хувь болж буурсан. Вакцин хийлгээгүй хүүхдийн өвчлөл цаашид нэмэгдэх хандлагатай байна гэлээ.
Коронавирусний халдварын тархалт буурах төлөв ажиглагдаж байна
Коронавирусний халдварын тархалт буурах төлөв ажиглагдаж байгаа ч хөл хөдөлгөөний эрчим нэмэгдсэнээр тархалт дахин ихсэж болзошгүйг ЭМЯ-наас өнөөдөр анхаарууллаа.
Он гарснаас хойш Монгол Улсад цар тахлын хоёр давалгаа дэгдсэний сүүлийнх нь зургаадугаар сарын 20-ны үед ажиглагдсан. Зургаадугаар сард өвчлөлийн харьцаа Улаанбаатарт 55 хувь, орон нутагт 45 хувийг эзэлж байв. Энэ нь өмнөх давалгаатай харьцуулахад орон нутагт халдварын тархалт харьцангуй нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт хийсэн коронавирусний шинжилгээнээс эерэг хариу гарсан нь 19.43 хувь болж буурчээ. Сүүлийн өдрүүдэд халдварын тархалт буурч байгаа хэдий ч иргэдийн хотоос гарах хөдөлгөөний улмаас орон нутагт халдвар нэмэгдэж болзошгүйг анхааруулав.