Хоёр хөрш хоёулаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг хугацаагүй болгох нь

оруулсан Алсын Хараа

ОХУ-ын Төрийн Дум өнгөрсөн мягмар гарагт Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжсэн шийдвэр гаргасан билээ. Гэтэл хуулийн төсөлд Ерөнхийлөгч Владимир Путиний сонгуульт хугацааг “хугацаагүй” болгох заалт байсан нь олны анхаарлыг татаад байна. Уг заалтыг Думын гишүүн Валентина Терешковагийн санаачилгаар Думаар хэлэлцүүлгийн өмнөхөн нэмж, улмаар чуулганд оролцсон 425 гишүүний 380 нь дэмжжээ.

Гэхдээ уг саналыг ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болох Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаарх бүх нийтийн санал асуулгаар эцэслэн шийдэх юм. Санал хураалтын дараагаар Оросын олон нийт болон улстөрчдийн дунд санал бодлын зөрчилдөөн бий болж, бүгд өөр өөрийн өнцгөөс уг үйл явдлыг тайлбарлаж байна. Дэлхийн улс төрийн хүрээнд ч энэ өөрчлөлтийг янз бүрээр харж байгаа юм.

Путиний санаачилсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүд олон асуултыг хариултгүй үлдээгээд байсан. Тухайлбал, 2024 онд засгийн эрхэнд байх хугацаа нь дуусах үед түүнийг хэн орлох вэ гэдэг олон хүний анхаарлыг татаж байлаа. Уг нь тэр 2024 онд дахин нэр дэвших боломжтой. Гэхдээ рейтинг нь унаж байгаа ийм үед дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдоход хэцүү гэдгийг ажиглагчид онцолж байв.

2008 онд Дмитрий Медведев Ерөнхийлөгчөөр сонгогдоход Путин Ерөнхий сайд буюу тус улсын хоёрдугаар хүн болсон ч, 2012 оны сонгуулиар гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байв. Харин одоо эрх мэдлийг Парламентад шилжүүлсэн мэт өнгөлөн далдлалтаар Үндэсний аюулгүй байдал дээр төвлөрүүлж тэндээс засаглах нь гэх таамгийг судлаачид дэвшүүлж байсан юм.

Хэрэв ирэх сард болох бүх нийтийн санал асуулгаар Путиний бүрэн эрхийг хугацааг сунгах санал дэмжигдвэл хоёр хөрш хоёулаа хугацаагүй Ерөнхийлөгчтэй болж байгаа юм. БНХАУ өнгөрсөн 2018 онд болсон Ардын төлөөлөгчдийн хурлаараа Төрийн тэргүүний эрх барих хугацааг хугацаагүй болгож, Ши Жиньпинийг насан эцэстлээ БНХАУ-ын даргаар үлдэх боломжтой болгосон.

Тэрбээр 2012 онд намын дарга болоод 2013 онд Төрийн тэргүүнээр батлагдсан. Нийт 2964 төлөөлөгч санал өгснөөс гурав нь санал хураалтад оролцоогүй бол хоёр нь Төрийн тэргүүний төр барих хугацааг хугацаагүй болгохоос татгалзсан санал, үлдсэн нь дэмжсэн санал өгчж байсан билээ. БНХАУ 1990 оноос хойш нэг хүнийг тахин шүтэх, нэг хүний гарт бүх эрх мэдэл төвлөрөхөөс сэргийлэх үүднээс Төрийн тэргүүнээ таван жилийн хугацаатай хоёр удаа сонгодог болсон.

Харин ийнхүү өөрчлөлт оруулснаар Ши Жиньпин 2023 оноос хойш буюу бүрэн эрхийн хугацаа дууссан ч улсаа удирдсан хэвээр байх нөхцөл бүрдсэн билээ. Өнгөрсөн 2017 оны аравдугаар сард болсон БНХАУ-ын эрх баригч Коммунист намын XIX их хурлын үеэр Ши Жиньпинийг Мао Зэдунаас хойших хамгийн хүчирхэг, нөлөө бүхий удирдагч гэдгийг баталсан гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Барууны зарим томоохон хэвлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Үндсэн хуулиа шинэчилснээр Ши Жиньпин цаашид насаараа Хятад орныг удирдах замаа нээж байна” хэмээн бичиж байв.

Эх сурвалж: https://www.rt.com/russia/482810-russian-constitution-final-amendments-bill/

Ц.Даваасамбуу

Сэтгэгдэл бичих