“Аравт-2021” уралдаанд 6 орон оролцох хүсэлтээ ирүүлээд байна

оруулсан Алсын Хараа

Монгол Улсын Зэвсэгт хүчин “Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдааныг 2 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Тус уралдааны төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал 6 дугаар сарын 24, 25-нд ҮХБИС-ийн хурлын танхим болон Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна.

Төлөвлөлтийн хурлын нээлтэд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатар, БХЯ-ын Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, “Аравт-2021” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, ҮБХИС-ийн захирал, бригадын генерал П.Жаргалан тэргүүтэй албаныхан болон Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн холбогдох удирдлагууд оролцлоо.

Харин уралдаанд оролцогч болон ажиглагч орнуудыг төлөөлж ОХУ-ын Хуурай замын цэргийн командлалын Байлдааны бэлтгэлийн хэлтсийн дарга, хурандаа А.К.Покровский, Монгол Улсад суугаа зарим орнуудын батлан хамгаалахын атташе нар оролцож байгаа юм байна.

Хурлын эхэнд уралдаан Зохион байгуулах хорооны дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Аравт-2021” уралдааны онцлог, ач холбогдлын талаар дурдаж, оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа орнуудад талархлаа илэрхийлсэн юм.

Тэрбээр: “Монгол Улс 2019 онд энэхүү уралдааныг анхлан зохион байгуулж, дэлхий дахинаа гарааг нь амжилттай тавьсан. Энэ жил хоёр дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед уралдааныг зохион байгуулах шийдвэр гаргаж, бүх талын дэмжлэг үзүүлж байгаа Монгол Улсын Засгийн газар, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага  болон “Аравт” морин цэргийн уралдаанд оролцох багуудад талархаж буйгаа илэрхийлье. Энэхүү уралдааныг амжилттай, эрсдэлгүй зохион байгуулах нь та бидний хариуцлага, зохион байгуулалтаас шууд хамаарна. Тийм учраас өнөөдөр та бид бүгдээрээ уралдааныг зохион байгуулахтай холбоотой асуудлыг бүх талаас нь хэлэлцэн, харилцан тохиролцож, аливаа зүйлийг жижиг гэлтгүй шүүн ярилцах учиртай” гэж онцлов.

Уралдаан Зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга уралдаан зохион байгуулалтын талаар танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс “Аравт-2021” уралдаанд оролцох урилгыг 18 оронд хүргүүлснээс Монгол Улс, ОХУ, Казахстан, Узбекистан, Иран, Зимбабве гэсэн 6 орноос оролцох хүсэлтээ ирүүлээд байна. Энэ тоо цаашид нэмэгдэх боломжтой юм байна. Нэг орноос ойролцоогоор 18 хүний бүрэлдэхүүнтэй баг хүлээж авна. Үндсэн баг нь 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Мөн 3 сэлгээний тамирчин, удирдлага, хангалтын бүлэгтэй байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд бүх оролцогч орнуудад ижил нөхцөлтэй хангалт болон бүх талын дэмжлэгийг үзүүлнэ. Энэ жилийн уралдаан 4 хэсгээр зохион байгуулна. Нээлтийн ёслол, алсын зайн морин марш, богино зайны холимог буухиа, хаалтын үйл ажиллагаа гэсэн байдлаар зохион байгуулалтын ажлыг хангаад байна. “Аравт-2021” уралдааны гол онцлог нь алсын зайн морин маршаар эхэлнэ. Цэрэг хүний тэсвэр хатуужил, багийн хамтын ажиллагааг энэ төрөлд сорих учиртай юм. Мөн уралдааныг 8 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ. Хүн, малын эрүүл мэндийн хангалт, уралдааны үеийн соёл, спортын тэмцээн, хэвлэл мэдээллийн байгууллагаар хэрхэн сурталчлах, холбоо, зохион байгуулалтын талаар ЗХЖШ-ын холбогдох албан тушаалтнууд танилцуулж, харилцан ярилцлаа.

Мөн энэ үеэр ОХУ-ын талаас уралдаанд өөрийн морьтойгоо оролцохтой холбоотой тавигдах шаардлагын талаар Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн төлөөлөгчдөөс асуулт асууж, хариулт авсан юм.

Төлөвлөлтийн хуралд оролцогчид өнөөдөр Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд үргэлжлүүлэн ажиллаж, удирдлагын байр, алсын зайн болон богино зайны холимог буухианы маршруттай танилцаж, морь, морины тоноглолыг үзэж сонирхож байна.

Сэтгэгдэл бичих