Монголын Урлагийн Зөвлөл нь соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 онд санаачилсан билээ. Өдгөө тус наадмыг 6 дахь жилдээ зохион байгуулж байна.
Өнгөрсөн хугацаанд “Уламжлал ба орчин үе”, “Ул мөр”, “Хил Хязгаар үгүй”, “Нүүдэл суудал”, “Зэрэглээ” сэдвийн хүрээнд Аргентин, Австрали, Голланд, Чех, Израиль, Филиппин, Солонгос, Герман, АНУ, Монгол зэрэг 15 улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гаргаж, хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшил дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагаар дамжуулан олон нийтэд танилцуулсан юм.
МУЗ нь Гёте-Институттэй хамтран Соёлын Яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг энэ сарын 24-30-ны хооронд “XXI” сэдвийн дор зохион байгуулж, урлаг, технологи, шинжлэх ухааны зааг, хязгаар, ялгааг даван шинэчлэл хийж буй олон улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.
Дэлхий нийтийн соёлд 21 насыг хүний төлөвшилт бүрэн явагдаж гүйцээд залуу нас, гэрлэх үе эхэлдэг нас гэж үздэг. 21 дүгээр зуун ч гэсэн хүн төрөлхтний хувьд “хүүхэд” хандлагыг өөрчилж амьдралын хэв маяг, үндсэн хэмнэлийн зүй тогтлыг өөрчлөх, анхаарах дохиог өгч эхэллээ. 21 гэсэн тоо Европ, Ази тивийг, өнгөрсөн ба өнөө үеийг, хүний хөгжил, түүх соёл, сэтгэлгээний онцлогоор нь нэгтгэж байна. Мөн энэ тооны ард дэлхийг тэр даяар нь цар тахлаар нөмөрсөн давалгаа ч багтах боллоо. Энгийн мэт байсан зүйлс хориг болж, даяаршсан дэлхийд улс орнуудын хил хязгаар улам тодорч, танил мэт зүйлс нэгэн зэрэг үл танигдах боллоо. Үүний дүрслэлийг энэ жилийн “XXI” сэдвийн дор зохион байгуулагдах “Улаанбаатар” медиа урлагийн наадамд дэлгэн үзүүлэх бүтээлүүдээс харах болно.
Наадмын хөтөлбөрт Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан “Дүр үгүй” 360’ дэлгэцийн медиа бүтээл, “21 бүүвэй”, “Хүн хүрд” нэртэй өрөг саунд хосолсон медиа бүтээл, “Лус” нэртэй видео медиа бүтээл зэрэг 4 шинэ бүтээлийг толилуулна. Мөн Монголын “Паблик медиа арт хөтөлбөр”-ийн уран бүтээлчдийн “Хосолмол соёл” видео бүтээлээс танилцуулагдах ба Монголын Ди Жей нарын өнөөгийн хэмнэлийг олон нийтэд хүргэх юм. Мөн уран бүтээлчид, оюутан сурагч болон олон нийтийн медиа урлагийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Урлагтай яриа” цуврал уулзалт ярилцлагыг зохион байгуулна. Энэ жилийн наадмаар 20 гаруй уран бүтээлчдийн уран бүтээлээс танилцуулж, 6 байршлаар үзэгч та бүхнийг аялуулах ажээ.