Улаанбаатарт 729, орон нутагт 56 тохиолдол батлагдаж, дөрвөн хүн нас баржээ

оруулсан Алсын Хараа

Улсын хэмжээнд коронавирусийн халдвар илрүүлэхээр хийсэн PCR  шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Өчигдөр 8,000 орчим хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийсэн. Үүнээс 785 хүнд халдвар илэрлээ. Илэрсэн тохиолдлын

  • 729 нь Улаанбаатар хотод
  • 56 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Сүүлийн хоногт 75 хүнд эдгэрч эмнэлгээс гарсан. Өчигдөр өвчлөл өндөр, эдгэрсэн хүний тоо харьцангуй бага өдөр боллоо.

Одоогоор коронавируст халдварын улмаас 4,249 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлаар ангилбал

  • хөнгөн 2,174
  • хүндэвтэр 1,485
  • хүнд 468
  • маш хүнд 122 хүн байна.

Харамсалтай нь, өчигдөр КОВИД-19 өвчний нэн хүнд хэлбэрээр дөрвөн хүн нас барлаа. Мөн нэг хүн КОВИД-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад өвчний бус шалтгаанаар барилгаас унаж нас барлаа. Талийгаачдын ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье” гэв.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 55,852 байна. Үүнээс дотоодын халдвар 55,129 байгаа юм. Эдгээр иргэнээс 48,749 нь эдгэрчээ.

Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох санал гаргаагүй

Улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдлын тоо өндөр хэвээр байгаа тул хатуу хөл хорио тогтоож магадгүй талаар зарим мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Үүнд Эрүүл мэндийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяралбан ёсны тайлбар өгөв. Тэрбээр, “Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хорио тогтоох тухай санал гаргаагүй. Иргэд вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталбал тохиолдлын тоо аяндаа буурна гэж эрдэмтэд судлаачид тооцоолсон. Зургаадугаар сарын 15-н гэхэд нийслэл хот болон орон нутгийн иргэдийн дийлэнх нь вакцины бүрэн тундаа хамрагдвал Үндэсний их баяр наадмаа КОВИД-19-гүйгээр тэмдэглэх боломж бүрдэх тооцоолол бий. Иймд иргэд идэвхтэй байж, хичээх хэрэгтэй байгаа юм. Дахин хэлэхэд Эрүүл мэндийн яам хатуу хөл хорио тогтоох тухай санал гаргаагүй, гаргахгүй гэж бодож байгаа” гэв.

Pfizer вакцины дархлаажуулалт ирэх долоо хоногоос эхэлнэ

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс Pfizer вакцины 100,000 гаруй тунг өчигдөр хүлээн авсан. Уг вакциныг ирэх долоо хоногт иргэдэд тарьж эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэв.

Тэрбээр “Засгийн газраас Эрүүл мэндийн яаманд тус вакцинтай холбоотой тодорхой чиглэлүүдийг өгсөн. Үүний дагуу зохих шийдвэрүүдийг гаргах бэлтгэл ажлыг хангаад байна.

Нөгөө талаар тус вакциныг -70 хэмийн хүйтэн хадгалдаг тул хөдөө орон нутагт хадгалах хөргүүрүүдийг суурилуулж байгаа юм.

Түүнчлэн энэ амралтын өдрүүдэд Pfizer вакцины дагалдах хэрэгслүүд ирэх юм. Дагалдах хэрэгслүүд ирсний дараа буюу ирэх долоо хоногоос уг вакциныг тодорхой иргэдэд тарих шийдвэр хэрэгжинэ.

Шийдвэр гарсны дараа Эрүүл мэндийн яамнаас мэдээлнэ” гэв.

Монгол Улсад коронавирусийн мутацилагдсан хувилбар илэрвэл албан ёсоор зарлана

Монгол Улсад вирусийн мутациглагдсан хувилбар бүртгэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн ахмад эмч А.Амбасэлмаа "Вирус хүн амын дунд орчилд байхдаа өөрчлөгдөж, хувьсаж байдаг хэдий ч халдварын тархалтад нөлөөлөх хэмжээнд хүрээгүй. Мутацилагдсан вирус Монголд гарсан эсвэл гаднаас орж ирсэн гэдгийг зарлахдаа

  • вирусийн халдвар судлалын шинж төрхийг харгалздаг. Ингэхдээ ямар бүлгийн, аль насны бүлгийнхэн хаана илүү их өвчилж байгааг тогтоож,
  • өмнөх гарсан тохиолдлуудаасаа эмнэл зүйн хувьд ямар өөрчлөлт байгааг илрүүлж,
  • лабораторийн шинжилгээг харгалздаг.

Энэ гурвыг нэгтгэж хэлэлцэж байж, мутацийг зарладаг.

Өөрөөр хэлбэл, хүн амын дунд өргөн хүрээтэй тархсан үед хариуцлагатайгаар, тодорхой бүрэлдэхүүнтэйгээр шийдвэр гаргаж байж зарладаг гэсэн үг. Цуу ярианд итгэж болохгүй. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдвөл Эрүүл мэндийн байгууллагаас дээрх хэлбэрээр шийдвэр гаргаж зарлах болно” гэлээ.

Нийслэлд халдварын тархалт буураагүй байгаа тул иргэд дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй

Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт өнөөдөр гавьяат эмч А.Амбасэлмаа оролцож, иргэд халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлах шаардлагатайг зөвлөлөө.  Тэрбээр "Монгол Улс сүүлийн гурван сар орчмын хугацаанд КОВИД-19 цар тахал нийт хүн амын дунд өргөн тархсан үе шатанд байна. Ялангуяа нийслэл хотод халдвар өргөн тархалттай, өвчлөл хүндрэл, эндэгдэл ихтэй байна.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 55,829 байхад 88 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ.

Эмчлүүлж буй 4,249 хүний 3,876 нь нийслэл хотод байна. Өвчилсөн иргэдийн 46-48.9 хувь нь хөнгөн байгаа бол үлдсэн нь хүнд, нэн хүнд хэлбэрээр эмчлэгдэж байгаа юм. Маш хүнд байгаа иргэд 2.8-3 хувь болсон. Халдварын нөхцөл байдал хүнд байна” гэв.

Түүнчлэн тэрбээр “Нийслэлд халдварын тархалт буураагүй байгаа тул иргэд тайвширч болохгүй. Хэдийгээр лабораториор батлагдах тохиолдлын тоо тодорхой хэмжээнд багассан ч нийт өвчлөлийн тоо буураагүй.  Цар тахлын өргөн тархалтын үед лабораториор батлагдсан тохиолдлын цаана 50 орчим хувь нь хөнгөн балархай, шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилж, өвчнийг цааш тараахад гол үүрэгтэй байдаг. Мөн хавьтлын тоо нэмэгдэх бөгөөд хавьтлууд өвчлөл тараах нь өндөр. Иймд иргэд халдвар буурсан гэж тайвширч болохгүй.

Цар тахлаас тэмцэх, сэргийлэх гол арга зам нь вакцин. Монгол Улс хүн амаа дархлаажуулах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Богино хугацаанд вакцины эхний тунгийн хамралтыг 100 орчим хувьд хүргэсэн том амжилт.

Гэхдээ халдвар өргөн тархсан үед вакцин хооронд халдвар авах эрсдэл маш өндөр тул дэглэмээ баримтлан, хянамгай байж амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Мөн хоёрдахь тунг хийлгэсний дараа 14-21 хоногийн хугацаанд дархлаа тогттол биеэ хамгаалах хэрэгтэй” хэмээв.

Сэтгэгдэл бичих