Монгол Улсын номын сангуудад хадгалж буй нийт номын 60 орчим хувь буюу 3.5 сая гаруй нь Монгол Улсын Үндэсний Номын Сан (“МУҮНС”)-д байдаг гэсэн судалгаа бий. Түүнчлэн МУҮНС-д байдаг үнэт ховор номын музейд зөвхөн монголын төдийгүй дэлхий дахины түүх, соёлын өв болсон эртний судрууд, эртний монголчуудын амьдралын хэв маягийг илтгэх түүхэн болон соёлын өндөр ач холбогдолтой баримт бичгүүд бий. Гэвч залуучуудын дунд дээрх баримт бичгүүдийн талаарх мэдлэг, мэдээлэл хомс байдгаас шалтгаалан хойч үедээ таниулах, дэлгэрүүлэх мөн олон улсын стандартад нийцсэн горимд хадгалж, хамгаалах шаардлага үүсээд байгаа юм.
Тиймээс ‘Өв өлгий’ төслийн багийнхан монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хайрлан хамгаалахад иргэдийн тэр тусмаа залуусын оролцоог нэмэгдүүлэх үүднээс @ov.olgii инстаграм хуудсыг ‘Ирээдүйн төлөө түүхийг’ уриан дор хөтөлж, монголчуудын өв соёлтой холбоотой мэдлэг, мэдээллүүдийг сонирхолтой байдлаар түгээж байна.
Төслийн хүрээнд үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Соёлын Яам, МУҮНС-тай хамтарч “Миний Монгол бичиг” бүтээлч бичгийн цахим уралдаан, МУҮНС болон “UB Life” мэдээллийн сайттай хамтран “Хавраас ирсэн дуудлага” яруу найргийн цахим уншлагыг тус тус зохион байгуулжээ. “Миний Монгол бичиг” бүтээлч бичгийн уралдааны нийтлэл 214 335 хүнд хүрч нийт 60 оролцогч бүтээл туурвин ирүүлсний 75 хувь нь 30-аас доош насных байжээ.
Тус төслийг хэрэгжүүлж буй залуус монгол өв соёлоо мэддэг, хайрлан хамгаалдаг байхыг нийт залууст уриалж байгаа. Иргэд @ov.olgii инстаграм хуудас, [email protected] цахим шуудангаар төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн "Өв өлгий" төслийг дэмжиж, МУҮНС-д хадгалагдаж буй соёлын биет өв болсон бүтээлүүдийг олон улсын стандартын дагуу хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулах үүднээс хандив өргөх боломжтой аж.