Польшийн судлаачид дэлхийд анх удаа жирэмсэн эмэгтэйн занданшуулсан шарил илрүүлсэн талаар “Journal of Archaeological Science” сэтгүүлд нийтэлжээ.
Варшав хотын Үндэсний музей дэх Египетийн занданшуулсан шарилуудыг 2015 оноос судалж буй судлаачид энэхүү нээлтийг хийжээ. Занданшуулсан шарилыг анх эрэгтэй санваартных хэмээн үзэж байсан ажээ.
Харин шарилыг рентген аппарат ашиглан нарийвчлан шинжилсний дүнд долоон сартай ураг тээсэн жирэмсэн эмэгтэй байсныг нь тогтоосон байна. Ургийн гавлын ясны хэмжээнд тулгуурлан 26-30 долоо хоногтой байсан гэж үзжээ.
Судлаачид уг шарилыг МЭӨ нэгдүгээр зууны үед нас барсан 20-30 насны эмэгтэйнх байж магадгүй хэмээн таамаглаж байна. Занданшуулсан шарилыг 1826 онд Варшавт авчрах үед авсан дээр нь эрэгтэй санваартан хэмээн бичсэн байжээ.
“Дэлхийд анх удаа жирэмсэн эмэгтэйн занданшуулсан шарилыг илрүүлсний сацуу ийм ургийн рентген зургийг авсан анхны тохиолдол боллоо” хэмээн судлаачид сэтгүүлд хэвлүүлсэн нийтлэлдээ онцлон тэмдэглэжээ.
Жирэмсэн эмэгтэйн хэвлийн хөндийгөөс занданшуулсан эрхтэн байж болохуйц дөрвөн боодол олдсон боловч ургийг умайнаас нь гаргаагүй байсан нь судлаачдын гайхшралыг төрүүлсэн байна.
Тэд энэ талаар хэлэхдээ, ургийг яагаад тусад нь занданшуулаагүй нь тодорхойгүй байгаа боловч хойд насны талаарх итгэл үнэмшил юм уу ургийг гарган авахад хүндрэлтэй байсантай холбоотой байж магадгүй юм гэжээ.