Мэдээлэл гаргаж өгөх шаардлагыг "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурсес Лимитэд" компанид хүргүүлжээ

оруулсан Алсын Хараа

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдэд бүх мэдээллийг нь гаргаж өгөх шаардлагыг Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компанид хүргүүлжээ.

Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын санаачилгын дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог Оюутолгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулсан. Улмаар Тусгай хорооны гишүүд төслийн менежмент, уурхайн төлөвлөлт, зардлын менежмент болон бусад чиглэлээр дагнан ажилладаг, мэргэжлийн өндөр ур чадвартай зөвлөхүүдээс бүрдэх хараат бус консорциумыг хөндлөнгийн шинжээчдээр томилсон байна. Өнгөрсөн хугацаанд Рио Тинто хөндлөнгийн хяналт, шалгалтыг бүрэн дэмжиж, хамтарч ажиллахаа Монгол Улсын Засгийн газарт удаа дараа илэрхийлж байжээ.

Сүүлийн гурван долоо хоногт хөндлөнгийн шинжээчид Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судлах хяналт шалгалтыг эхлүүлэн Тусгай хорооноос өгсөн мэдээллийг судалж байжээ. Түүнчлэн Хөндлөнгийн шинжээчид Рио Тинтогийн техникийн шинжээчийн тайлан болон төслийн менежменттэй холбоотой хэд хэдэн чухал баримт бичгийг гаргаж өгөхийг Тусгай хороогоор дамжуулан хүссэн боловч Рио Тинто өнөөдрийг хүртэл холбогдох баримт бичгийг өгөхөөс татгалзсан байна. Энэ нь шинжээчдийн ажилд хүндрэл учруулж, хяналт шалгалтын эцсийн тайлан гарах хугацааг хойшлуулж байна хэмээн “Эрдэнэс Оюу Толгой” компани үзжээ.

Түүнчлэн Тусгай хороо хяналт шалгалтыг ил тод байдлаар, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалын сайн туршлага, комплайнс стандартад нийцүүлэн хэрэгжүүлэхийг зорьж байгаа бөгөөд Тусгай хорооны ажлыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Улмаар Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компанийг хөндлөнгийн шинжээчдээс шаардсан бүх мэдээллийг цаг алдалгүй гарган өгч, өөрсдийн техникийн ажилтнуудыг хөндлөнгийн шинжээчидтэй харилцаж мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэн ажиллахыг шаарджээ. Түүнчлэн Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компани хөндлөнгийн хяналт шалгалтад үргэлжлүүлэн саад учруулж, мэдээлэл өгөхгүй байвал “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувьцаа эзэмшигчийн хувьд мэдээлэл авах эрхээ хууль тогтоомжид заасны дагуу хэрэгжүүлэх бүрэн боломжтойг үүгээр мэдэгдэж, Оюутолгой ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хүсэлтийн дагуу холбогдох мэдээллийг өгөх үүргээ Рио Тинто компани зөрчиж байна хэмээсэн байна.

“Эрдэнэс Оюу Толгой” ХХК болон Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын тухай:

“Эрдэнэс оюу толгой” ХХК нь “Оюутолгой” ХХК-ийн нийт гаргасан болон эргэлтэд байгаа хувьцааны 34 хувийг эзэмшдэг төрийн өмчит компани юм. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын Өмнөговь аймагт гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байна. “Оюутолгой” ХХК-ийн нийт хувьцааны 66 хувийг Торонто, Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Туркойз Хилл Ресурсэс Лимитэд компани эзэмшдэг. Олон улсын уул уурхайн компани болох Рио Тинто нь Оюутолгой төслийн уурхайн оператор, төслийн менежерээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлсэн 2016 оноос хойш тус төслийг өдөр тутмын удирдлагаар хангаж хариуцан ажилладаг.

2020 оны 12 дугаар сарын 16-нд Оюутолгой төслийн гүний уурхайн төслийн зардал 1.45 тэрбум ам.доллароор нэмэгдэж, гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл эхлэх хугацаа 22 сараар хойшлогдсон талаар мэдээллийг Рио Тинто олон нийтэд хүргэсэн.

Рио Тинто, Туркойз Хилл Ресурсес Лимитэд компаниуд геотехникийн нөхцөл байдлын улмаас зардал хэтэрч, ашиглалтад орох хугацаа хойшилсон гэж тайлбарладаг боловч төслийн менежмент, худалдан авалтын алдаанаас болж зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон байж болзошгүй мэдээлэл гарч байна. Туркойз Хилл Ресурсес Лимитэдийн жижиг хувьцаа эзэмшигчид 2021 оны 3 дугаар сард Нью Йорк мужийн шүүхэд Рио Тинто, Түркойз Хилл Ресурсес Лимитэд (мөн эдгээр компанийн зарим гүйцэтгэх удирдлагууд)-ийн эсрэг гаргасан шинэчилсэн нэхэмжлэлийн шаардлагад энэхүү асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна.

Сэтгэгдэл бичих