Палестины эмэгтэйчүүд сонгуульд идэвхтэй оролцож байна

оруулсан Алсын Хараа

Палестины хуваагдлыг намжааж, ардчилсан сэргэлт авчрах бүх нийтийн санал хураалт болно. Парламентын (ирэх сарын 22-нд) болон Ерөнхийлөгчийн (ирэх долоодугаар сарын 31-нд) сонгууль тус улсын гол хоёр хүчин “Фатх” хөдөлгөөн ба исламист ХАМАС бүлэглэлийн хоорондох ширүүн өрсөлдөөнийг шийдвэрлэх юм. Одоогийн Ерөнхийлөгч Махмуд Аббасын үүрэгт хугацаа арав гаруй жилийн өмнө дуусах ёстой байв. 2006 оны сонгуулиар Хамас хөдөлгөөн ялалт байгуулсан санаанд оромгүй үйл явдал болсноос гадна Палестины гол хоёр улс төрийн хүчин болох “Фатх” болон ХАМАС-ын хоорондох зөрчилдөөн улам гүнзгийрсэн байна. ХАМАС бүлэглэл 2007 онд цуст мөргөлдөөн үүсгэж, Газын зурвасыг бүрэн хяналтдаа авахыг хүссэн юм. ХАМАС хөдөлгөөн Газын зурвасыг эзлэн авсны дараа Палестины нутаг дэвсгэр дээр хоёр Засгийн газар, хоёр Ерөнхийлөгч, хоёр Парламент байх болсон билээ. Харилцан дайсагналцсан хоёр байгууллагыг эвлэрүүлэх гэсэн олон удаагийн оролдлого бүтэлгүйтэж байв. Сонгууль, улс төрийн хяналт, тэнцвэргүй байдал нь Палестины хямралыг даамжруулсан.

Өнөөгийн Ерөнхийлөгч Махмуд Аббас нь “Фатх” намын гишүүн юм. Дээрх хоёр нам нь Израилтай олон арван жил өрнүүлж буй зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх талаар эрс ялгаатай бодлого баримталдаг. Палестины хямрал 1967 оны Ойрхи Дорнодын дайнаас эхлэлтэй. Израилийн цэргүүд Зүүн Иерусалимыг Арабын армиас булаан авч, өнөөдрийг хүртэл хяналтандаа байлгаж байна. Палестинчууд Зүүн Иерусалимыг Иорданы баруун эрэг, Газын зурвасаас бүрдэх нийслэл хотоо гэж үздэг. Иерусалим бол Израиль, Палестины мөргөлдөөний үндсэн шалтгаан билээ. Палестины тусгаар тогтнолыг 134 орон албан ёсоор хүлээн зөвшөөрсөн ба Арабын орнуудын лигт багтдаг. Гэхдээ НҮБ-ын гишүүн болоогүй. Палестиныг гишүүнээр элсүүлэхийн тулд Аюулгүйн зөвлөл тусгай тунхаг гаргаж Ерөнхий Ассамблейд өргөн мэдүүлэх хэрэгтэй. Ерөнхий Ассамблей зөвшөөрөх, татгалзах эсэхийг шийднэ. Палестиныг хүлээн зөвшөөрөхөд хангалттай 128 орны санал байгаа ч АНУ, Их Британи, Франц улс цуцалдаг. Тиймээс палестинчууд бага багаар аажим урагшлах стратеги сонгожээ. Нэн тэргүүнд Олон улсын олимпын хороогоор 1996 онд хүлээн зөвшөөрүүлсэн. Харин ЮНЕСКО 2011 онд хүлээн зөвшөөрчээ.

 

АББАСЫГ “ТЭТГЭВЭРТ ГАРГАЖ” МАГАДГҮЙ

 

Палестины хэвлэл мэдээллийн JMCC агентлагийн судалгаагаар иргэдийн улс төрийн хүчинд итгэх итгэл 40 хувиар буурчээ. Дахин сонгууль явуулах тохиролцоо нь бүлэглэлүүдийн хувьд хууль ёсны шаардлага болсон. Олон улсын хамтын нийгэмлэгүүд, ялангуяа Европын орнууд Аббаст олон жил шахалт үзүүлж, бүх нийтийн санал хураалт явуулахыг зөвшөөрчээ. Сонгуулийн төв хорооны мэдээлснээр санал өгөх насны 4.5 сая сонгогчийн 93 гаруй хувь нь бүртгүүлсэн байна. Сонгуульд оролцохоор 36 улс төрийн нам бүртгүүлжээ. “Фатх” хөдөлгөөний гишүүн Сабри Сайдам “Энэ бол Палестины улс төрийн дүр зургийг өөрчлөх сонгууль” гэсэн юм. Тэрбээр хуучин удирдагч Ясир Арафатын байгуулсан “Фатх” хөдөлгөөнийг Палестины үндсэрхэг үзлийн найдвар хэмээн тодорхойлжээ.

 

Иордан голын баруун эргийг Израилийн цэргийнхэн хянадаг. Зүүн Иерусалим дахь палестинчууд Иордан голын баруун эрэгт төвтэй парламентынхаа төлөө санал өгөх эрхтэй ч оролцож чадахгүй байна.

 

Баруун эргийн зарим оршин суугчийн хувьд сонгууль ардчиллын анхны гэрэл боллоо. Палестинчууд “Фатх”-ын удирдагчдын үе үеийн эрх мэдлийг хамгаалдаг. Ослогийн энхийн хэлэлцээрээр Израилийн тал баруун эргийн оршин суугчдыг сонгуульд оролцох боломж олгох ёстой. Энэ удаагийн сонгууль “Фатх”, ХАМАС бүлэглэлийн улс төрийн ноёрхлыг үгүйсгэдэг залуу идэвхтнүүдэд боломж олгосон. 1400 орчим нэр дэвшигчийн бараг гуравны нэг нь эмэгтэйчүүд, 39 хувь нь 40-өөс доош насныхан байна. Гэхдээ сонгуулийн хамгийн том гэнэтийн бэлэг бол Ерөнхийлөгч Аббасыг “тэтгэвэрт гаргах” явдал юм. Палестинд ганц хүний ноёрхол тогтсоныг зарим ажиглагч онцолдог. Хэрвээ өөрт нь ашиггүй гэж үзвэл Аббас санал хураалтыг цуцалж магадгүй гэж таамаглаж байна. “Фатх” хөдөлгөөний гурван фракц нэр дэвшигчдийн жагсаалтаа гаргаж эхэлсэн. Аббасын албаны хүмүүс хуваагдлаа зогсоох гэж нэлээд лоббидсон ч бүтэлгүйтжээ. Гол өрсөлдөгчдийн нэг бол Арабын нэгдсэн Эмират улсад цөллөгт байсан “Фатх”-ын аюулгүй байдлын газрын дарга асан Мохаммед Дахланд. Аббас түүнийг 2011 онд төрийн эргэлт хийхийг оролдсон, Ясир Арафатын үхэлд оролцсон гэж буруутгасан. Мөн Аббасын эрх мэдэлд тулгарч буй томоохон сорилт бол Палестины шоронд хоригдож байсан Марван Баргути. Тэрбээр “Фатх”-ын алдартай шинэчлэгч бөгөөд 2004 онд бослогын улмаас шийтгүүлжээ. Урьдчилсан санал асуулгаар Баргути ялалт байгуулах магадлал өндөр байна. Түүний эхнэр, хуульч Фадва Баргути парламентын сонгуульд нэр дэвшиж байгаа юм.

 

Сэтгэгдэл бичих