2021 онд дэлхий нийт коронавирусний цар тахлаас үүдэлтэй хямралаас хурдан гарах боловч зарим улс орон энэ хандлагаас хоцорч магадгүй гэж “Bloomberg” агентлагийн шинжээчид анхааруулав.
Тус агентлаг "цар тахлын дараах" дэлхийн тэргүүлэгч орны хувиар АНУ, БНХАУ-ыг нэрлэжээ. Вашингтон төсвийн урамшуулалд зарцуулсан их наяд ам.долларын хөрөнгөөрөө сэргэлтийн хөдөлгөгч хүч болох бол Бээжингийн амжилтад дотооддоо цар тахалтай үр дүнтэй тэмцсэн нь нөлөөлж байна.
Дэлхийн эдийн засгийн өсөлт 1960-аад оноос хойш түүхэн дээд хэмжээнд хүрч, 6.9 хувьтай тэнцэнэ гэж “Bloomberg”-ийн нийтлэлд тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч вакцинжуулалтын хурд, вакцины хүртээмжээс шалтгаалан сэргэлтийн түвшин бүх улс оронд харилцан адилгүй байх аж. Хөгжиж буй орнууд болон Европын Холбоо, нэн тэргүүнд Франц, Итали хоцрогсдын тоонд орно гэж агентлагийн шинжээчид үзэж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар, зарим улс орон ковидын өмнөх үеийн түвшинд хүрэхийн тулд хэдэн жилийн хугацаа шаардагдах бөгөөд ялангуяа эдийн засаг нь аялал жуулчлалаас хамаардаг улс орнуудад хүндээр тусах төлөвтэй байгаа аж.
Энэ оны эхний улиралд дэлхийн эдийн засаг 1.3 хувиар өссөн байна. АНУ-ын эдийн засаг хурдацтай өсөх хандлага ажиглагдаж байгаа бол Франц, Герман, Орос, Бразил, Энэтхэг улсууд өсөлтийн хурдаараа Хятадаас хоцорсон хэвээр байна. Эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж буй хүчин зүйлсийн дунд шинжээчид хүн амыг коронавирусний вакцинжуулалтад хамруулж буй хурд болон мөнгөний бодлогыг нэрлэжээ. “JPMorgan Chase”-ийн ахлах эдийн засагч Брюс Касманы хэлснээр, 2020 онд ОХУ, Турк, Бразил зэрэг ихэнх улс орон хямралтай тэмцэхийн тулд Төв банкныхаа бодлогын хүүг бууруулсан байна. Харин одоо тэд инфляци түргэсэхээс эсвэл хөрөнгийн гадагшлах урсгалаас урьдчилан сэргийлэх зорилгоор мөнгөний бодлогоо чангатгаж эхэлжээ.
Коронавирустэй тэмцэх илүү уян хатан бодлого хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор ОХУ-ын эдийн засаг амжилттай сэргэж байгаа бөгөөд мөн бусад улс оронтой харьцуулахад цар тахлын улмаас учирсан хохирол бага байгааг “Bloomberg” агентлагийн шинжээчид өмнө нь онцолсон байна. Оросын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд хямралын өмнөх түвшинд эргэж ирнэ гэж тус агентлагийн шинжээчид таамаглажээ.