Гадаадын иргэн харьяатын газраас хяналт шалгалтын үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр "Манай байгууллагаас өөрийн эрхлэх ажлын хүрээнд Монгол Улсад оршин сууж буй, хөдөлмөр эрхлэх ангиллын визээр орж ирсэн хүмүүсийн талаарх хяналт шалгалтын үйл ажиллагааг явууллаа. Ингэхэд ирсэн зорилгынхоо дагуу үйл ажиллагаа явуулаагүй, тухайн газар нутагтаа байгаагүй, уригч аж ахуйн нэгж нь тухайн иргэнээ хянаж чадаагүй зэрэг зөрчил илэрсэн.
Тухайлбал, Дарханд төмрийн үйлдвэрт ажиллахаар ирсэн гадаадын иргэд Баян-Өлгий аймагт алтны уурхайд ажиллаж байсан. Тэрэлжид барилга дээр ажиллахаар ирсэн ч тэндээ байгаагүй, Дундговийн Гурвансайхан суманд уурхайд ажиллах байсан ч Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт самрын үйлдвэрт ажиллаж байв.
Энэ мэтээр аж ахуйн нэгжүүд нь гадаад иргэдээ хянаж чадахгүй байна. Иймд байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, харьяаллын дагуу нь ажиллуулж, хил нээгдсэний дараа Монгол Улсаас гаргах шаардлага хүргүүлсэн" гэлээ.
Хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн хүмүүс хөрөнгө оруулагч ангиллын виз хүсэх нь ихэсчээ
Мөн хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн хүмүүс ангиллаа солиулах хүсэлтийг их гаргах болжээ.
Энэ талаар ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр "Одоогоор Монгол Улсад 1,289 хүн хөрөнгө оруулалтын визээр оршин сууж байна. Уг ангиллын виз нь бусад төрлөөс харьцангуй хөнгөлөлттэй, татвараас чөлөөлөгдөх боломжтой байдаг. Засгийн газраас хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг манай байгууллага тууштай дэмжин ажилладаг. Гэвч эдгээр иргэн нь бодит хөрөнгө оруулагч мөн үү, биш үү гэдгийг шалгахад дутагдал илэрч байна. Жишээлбэл, ажилчдын цалин, татвар, нийгмийн даатгал төлдөг эсэх нь тодорхойгүй, 100,000 ам.доллартой тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн эсэх нь тодорхойгүй зэрэг асуудал гарч байна. Иймд шалгалтын явцад бодит хөрөнгө оруулагчдын визийг сунгаж, биш тохиолдол цуцалж байгаа" гэв.
Мөн тэрбээр "Мөнх сити хаус гэх компани БНХАУ-ын Эрээн хот, Хөх хотод Монгол руу ажилтан гаргана гэх зарыг тавьж, иргэдээс 18-25 мянган юань буюу 20 орчим сая төгрөгийг авсан байна. Ингэж орж ирсэн хүмүүс визийн ангиллаа солиулах хүсэлт өгч байгаа. Энэ тохиолдолд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу тодорхой байршилдаа үйл ажиллагаагаа явуулаад буцахыг шаардаж байна" гэлээ. 2021 оны эхний хоёр сард гадаадын 500 гаруй иргэн нутаг буцсан байна.