Монголбанкнаас сүүлийн үеийн мөнгө, санхүүгийн зах зээлийн статистик тойм мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Үүгээр мөнгөний нийлүүлэлт (М2 мөнгө) өмнөх оны мөн үеэс 18.0 хувиар өсөж, 24.2 их наяд төгрөгт хүрчээ. М2 мөнгөний жилийн өсөлтийн 13.7 нэгж хувийг төгрөгийн хадгаламж, 5.0 нэгж хувийг гадаад валютын хадгаламж, 0.9 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө, 0.2 нэгж хувийг төгрөгийн харилцах, -1.9 нэгж хувийг гадаад валютын харилцах тус тус бүрдүүлж байна.
М2 мөнгөний нийлүүлэлтийг байршуулалт талаас нь авч үзвэл, Төв банк болон хадгаламжийн байгууллагуудын дотоод цэвэр активын дүн 18.8 их наяд төгрөг, гадаад цэвэр активын дүн 5.4 их наяд төгрөгтэй тус тус тэнцэж байна.
Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурч 17.1 их наяд төгрөг болжээ.
- Иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 7.9 хувиар буурч 8.5 их наяд төгрөг,
- Хувийн байгууллагынх 6.0 хувиар буурч 7.9 их наяд төгрөг болжээ.
Зээлийн үлдэгдэл өмнөх сараас 0.1 хувиар өсөж, хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 3.4 хувиар, чанаргүй зээл 0.1 хувиар тус тус нэмэгджээ. Төгрөгийн зээл 15.5 их наяд, гадаад валютын зээл 1.6 их наяд төгрөг байна. Нийт зээлийн 9.4 хувийг, иргэдийн зээлийн 0.8 хувийг, хувийн байгууллагын зээлийн 18.5 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна.
Нийт зээлийн үлдэгдлийн 17 хувийг цалин, тэтгэврийн зээл бүрдүүлж байна.
- Хугацаа хэтэрсэн зээлийн 78.6 хувь нь хувийн байгууллагын зээл,
- Чанаргүй зээлийн 74.5 хувь нь хувийн байгууллагын зээл байна.
Тайлант сард банкууд 652 зээлдэгчид 53.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноос 59.3 хувь нь хөтөлбөрийн, 40.7 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байв. Тухайн сард шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар буурч, өмнөх сараас 0.3 нэгж хувиар өсөж, 8.8 хувьд хүрсэн байна. Ипотекийн нийт зээлийн үлдэгдлийн:
- 74.3 хувь нь хөтөлбөрийн зээл,
- 22.0 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр,
- 3.7 хувь нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна.
Орон нутгийн ипотекийн зээлийн 75.4 хувь нь хөтөлбөрийн зээл, 22.3 хувь нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 2.3 хувь нь бусад эх үүсвэрээр олгожээ.
Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 94.2 хувь нь хэвийн, 2.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 3.4 хувь нь чанаргүй зээл байна. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 52.1 хувийг хөтөлбөрийн зээл, 47.2 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 0.7 хувийг бусад эх үүсвэрийн зээл тус тус эзэлж байна.
2021 оны 1 дүгээр сард нийт шинээр татсан төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 7.9 хувь, гадаад валютын хадгаламжийнх 2.0 хувь байна. Төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 2.7 нэгж хувиар буурчээ. Тайлант сард нийт шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 15.4 хувь, гадаад валютын зээлийнх 9.3 хувь болж, шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү өмнөх оны мөн үеэс 1.5 нэгж хувиар буурсан үзүүлэлттэй байна.