“COVID-19” халдварын тохиолдол 5 нэмж бүртгэгдэв

оруулсан Алсын Хараа

ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн авто 2 лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 16-ны өдөр нийтдээ 15000 хүнд PCR шинжилгээг хийхэд 5 хүнд коронавирусний халдвар илэрчээ.

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1517 болсон байна. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас мэдээлэхдээ, "Дотоодын нийт халдвар 1016 боллоо. Улаанбаатар хотын өвчлөл нийтдээ 690 тохиолдол болоод байна. Батлагдсан 5 тохиолдлоос ойрын хавьтлын 4 хүн байна. Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэгдүгээр сарын 16-ны шөнө ирж хэвтсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн, биеийн байдал хүнд байгаа. Уг хүнийг тус эмнэлэг тусгаарлалтад авч, тандалт судалгаа хяналт үргэлжилж байна. Бусад аймагт халдвар гараагүй. Сүүлийн 24 цагт 38 хүн эмчлэгдэн эдгэрч гэртээ гарсан. Улсын хэмжээнд нийтдээ батлагдсан 1517 тохиолдол байгаагаас эдгэрсэн 947 хүн буюу 62,4 хувийг эзэлж байна. Үүнээс нутаг буцаасан 9 хүн байгаа" гэлээ.

“COVID-19” халдвар Монгол Улсын хүн амын дунд 5 хувьд тархахад эрүүл мэндийн салбарын нөөцийн бэлэн байдал илт доголдох тул тархалтыг нэг хувиас хэтрүүлэхгүй байх арга хэмжээ авах хэрэгтэйг судлаачид зөвлөжээ.

ЭМЯ-наас Монгол Улсад  тохиолдох коронавирусний онцлог, халдвар ба өвчлөлийн эмнэлзүй,  оношилгоо, эмчилгээ, эмчилгээний талаар судалгааны 12 ажлыг 2020 оны 4 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд одоогоор дөрвөн судалгааны ажлын үр дүн гарчээ.

Монгол Улсад “COVID-19” халдварын үеийн эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг үнэлэх эдийн засгийн зардал тооцох судалгааны зарим дүнг өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамнаас танилцуулав.

ДЭМБ-аас хүн амын дунд халдвар 1, 5, 10 хувиар тус бүр тархахад учрах зардал дарамтыг тооцох эдийн засгийн  аргачлалыг ашиглан тооцоолж  нотолгоонд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломжийг олгосноороо энэхүү судалгааны ач холбогдол оршиж байна.

Судалгаагаар коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үеийг судалсан байна. Тухайн үед Монгол Улсын хүн амын тоо 3 344 237  байв. Үүнээс хүн амын 1 хувьд халдвар тархахад 33 442 хүн өвчилж, уг өвчилсөн иргэдийн 20 хувь нь эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлж, 80 хувь нь гэрийн тусгаарлалтад хяналтад байна гэж үзжээ. Энэ тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүн ам 6 688, нэг иргэнийг хэвтэн эмчлэх эмчилгээний дундаж өртгийг 9.9  сая төгрөг гэж тооцоход  66 тэрбум төгрөгийг эмчилгээнд зарцуулах байжээ.

Хүн амын 5 хувь халдвар авахад 330 тэрбум, харин 10 хувьд халдвар тархахад 660 тэрбум төгрөгийн эмчилгээний зардал тус тус гарах байсныг хэмнэсэн гэсэн тооцоо гарчээ.

Хүн амын нэг хувьд халдвар тархахад 26 764 хүн гэрийн тусгаарлалтад эмчлүүлнэ, ХӨСҮТ-д тооцсон өртгийн судалгааны багийн тоон мэдээлэлд үндэслэн нэг хүний эм тариа болон шинжилгээний зардлыг 1.9 сая төгрөг гэж үзвэл 51 тэрбум тэгрөгийн эмчилгээний зардал гарч байна

Харин хүн амын дунд 5 хувьд халдвар тархахад гэрээр эмчлүүлэх шаардлагатай 133 769 иргэн байх бөгөөд эмчилгээний зардал  255 тэрбум төгрөг,  10 хувьд тархвал 509 тэрбум төгрөг тус тус зарцуулнэ гэж судлаачид тооцжээ.

 “COVID-19”-өөс шалтгаалсан нас баралтын эрсдэлийг тооцоолоход хүн амын нэг хувьд халдвар тархсан бол 12 685 хүн жилийг алдах эрсдэлтэй. Харин 10  хувьд тархахад 126 859 хүн жилийг алдах эрсдэл учирч болох байжээ. Хүн амын 5 хувьд тархахад 465 тэрбум төгрөг, 10 хувьд тархахад 1.1 их наяд төгрөгийн зардал эрүүл мэндийн салбарт шаардах байснаас сэргийлж чаджээ.

Хүн амын нэг хувь халдвар авах үед 15 824  эмч, сувилагч улсын хэмжээнд хэрэгцээтэй, хүний нөөц энэ үед 90 хувийн чадамжтай байна. Харин хүн амын 5 хувь өвчлөх үед хүний нөөцийн чадамж 18 хувь буюу ачааллаа даах чадамжгүй болох тухай тооцоолол гаргажээ.

Халдвар хүн амын нэг хувьд тархсан үед орны нөөц хангалттай, хүн амын халдвар 5 хувь болох үед улсын хэмжээнд 65 хувь, орон нутагт 42 хувийн тус тус хүрэлцээтэй байна. Эрчимт эмчилгээний орны нөөцийн хувьд халдвар иргэдийн нэг хувьд тархахад 32 хувь байх тооцоо гарчээ.

Сэтгэгдэл бичих