Японы мэргэжилтнүүд Рюгү солироос авчирсан хөрсний дээжийн бүрэн хэмжээний судалгааг зургаан сар орчмын дараа эхлүүлнэ гэж тус улсын сансар судлалын агентлагийн (JAXA) төлөөлөгч Томохиро Усуи Токиод хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“Дээжийг нээх, ялгах үйл явцын дараа бид дээжийг шууд судалж шинжлэх боломжтой болно” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, дээжийн хэсгээс АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн (NASA) мэргэжилтнүүдэд илгээх аж. Рюгү солирын дээж бүхий капсулыг өнөөдөр Австралиас Японд авчирсан юм. Капсулыг тээвэрлэсэн нисэх онгоц Токио хотын “Ханэда” нисэх буудалд газардсан бөгөөд үүнээс хэдэн цагийн дараа Канагава мужийн Сагамихара хот дахь JAXA агентлагийн лабораторид тусгай тээврийн хэрэгслээр авчирчээ.
Австралиас нисэхийн өмнө JAXA-ийн мэргэжилтнүүд капсулд урьдчилсан шинжилгээ хийж, дотор нь органик гаралтай нэгдлүүдээс ялгардаг сансрын хий байгааг тогтоожээ. Энэ нь “Хаяабуса-2” аппарат солироос дээж цуглуулж, дэлхийд хүргэх даалгавраа амжилттай биелүүлснийг харуулж байгаа аж.
12 дугаар сарын 5-нд “Хаябуса-2” аппарат Рюгү солирын дээж бүхий капсулыг дэлхий рүү шидэж, сансрын энэхүү биетийг судлах зургаан жилийн даалгавраа дуусгасан юм. Капсул Австралийн өмнөд хэсэгт орших Вумера хэмээх хориотой бүсэд амжилттай газардаж, Японы мэргэжилтнүүд олсон билээ.
Дэлхий ба Ангарагийн тойрог замыг дайран өнгөрдөг Рюгү хэмээх солир нь (япон хэлнээс орчуулбал "Луугийн ордон") 900 орчим метрийн голчтой байна. Уг солир нь одоогоор хамгийн их судлагдсан C ангилалын солируудад багтдаг аж. Ийм солирууд их хэмжээний нүүрстөрөгч агуулдгаас гадна, ус, органик бодисын ул мөр илрүүлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үздэг байна.
“Хаябуса-2” аппарат дээж бүхий капсулыг дэлхий рүү шидсэнийхээ дараа дэлхийгээс холдох маневр хийж, дараагийн даалгавраа гүйцэтгэхээр 30 метрийн диаметртэй “1998 KY26” солир руу нисжээ. “Хаябуса-2” 2031 онд уг солир дээр газардаж, хөрсний дээж цуглуулах төлөвтэй байна.
/TASS/